Путин бол өнөөгийн дэлхий ертөнцийн бурхан нь ч мөн, чөтгөр нь ч мөн. Олигтой олон талыг нь бид нэгэнт мэднэ. Олиггүй талыг нь ч бас мэддэг болж байна.

Тэрээр хахь хамаагүй орны төрийн тэргүүн атлаа монголчуудын хамгийн их хайр бишрэлийг хүлээдэг цор ганц удирдагч гэж хэлж болно. Манайхан том л доо. Өөр бусдыг нь төдийлөн ойшоож үзэхгүй. Хойд Солонгосын Ким Жон Ун дэлхий нийтийг сүрээрээ далайлгаж, сүүдрээрээ айлгаж байхад манайхан бол бараг л “Манай 80 оны бацаан” гэх нь холгүй зиндаархана. АНУ-ын Ерөнхийлөгчийг ёстой бурхан гэж хэлсэн ч авч хэлцэхгүй. Дональд Трампыг байхад элэглэн шоолдог байсан бол одоогийн Ерөнхийлөгч Жо Байденийг бүр сонирхохоо ч байсан. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг бурхан байсан ч тахина, чөтгөр байсан ч шүтнэ.

Монголчуудын хувьд тэр бол хүчирхэг удирдагчийн жишээ, хүсдэг төрийн зүтгэлтнийх нь симбол болсон дүр. В.Путин шиг лидер төрөн гарч, улс орныг өөрчлөөсэй, төрөөс төрсөн олон тэрбумтнуудыг байранд нь тавьж байгаа бүхнийг нь хураагаасай гэж хүсдэг учраас тэр.

Үнэхээр ч Путин Ерөнхийлөгч болсноосоо хойш Орос орныг өөрчлөн шинэтгэж чадсан. Дампуу Оросыг дахин сэрээж, дэлхийн хүчирхэг гүрэн болгосон гавьяаг нь баллуурдахын аргагүй. Засагласан бүхий л хугацаандаа улсынхаа төсвийг 22 дахин, батлан хамгаалах зардлыг 30 дахин, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 12 дахин нэмэгдүүлсэн. Алтны нөөц 48 дахин нэмэгдсэн. 400 тэрбум долларын гадаад өрийг дарж дуусгасан. Энэ бүхэн ОХУ-ын хөгжлийн зүй тогтлоор өрнөсөн гэж үзээд, В.Путины оролцоог хасч орхиё л доо. Тэгвэл түүний гардан хийсэн ажил, зоримог өөрчлөлтүүд нь яах аргагүй өөрийн болоод өрөөлийн ард түмнүүдийн хайр хүндэтгэлийг булаасан билээ. Ялангуяа монголчуудын улс орондоо хэрэгжүүлэхийн хүсдэг тэр л үйлдлүүдийг Путин өнгөрсөн хугацаанд гүйцээжээ. Тэр ашигт малтмалын 256 ордыг улсын мэдэлд хурааж авсан. Үндэстэн дамнасан корпорациудын лоббигоор бий болсон “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэгчийг хүчингүй болгосон. Нефтийн ордын 65 хувь, байгалийн хийн ордыг 95 хувийг нийгэмчилсэн. Яг ийм үйл явцыг Монголд хуулбарлахыг битүүхэн хүсдэг олон хүн бий. Тийм л учраас тэд В.Путиныг чөтгөр байсан ч хайрлана. Яагаад гэвэл, тэдний бодлоор улс орныг түүн шиг хатуу гараар жолоодож байж л урагшилна гэсэн үнэмшилтэй. Адаглаад л төрийн өндөр албан тушаалтанг гадаадад данстай байх, гадаадад эмчлүүлэхийг бүрмөсөн хориглосон шийдвэр нь манайхныг хайрыг хуу хамах жишээтэй. Нэгэнт хайрласан хойно В.Путин өөрөө гадаадад оффшор данстай байсан эсэхийг ч үл тооно. Бидний араншин тийм. Лидерийг сохроор дагадаг. Яг л бурхан шүтдэг шигээ сүсгээр хандана. Гурван жилийн өмнө ил болсон Панамын баримтуудад Владимир Путиныг оффшор бүсэд нууц данстай гэдгийг зарласан. Түүний хөрөнгийг 40 тэрбум ам.доллар хэмээн мэдээлсэн ч зарим шинжээчид Путины нууц дансуудад 200 тэрбум ам.доллар бий хэмээн баталж буй. Өдгөө дэлхий нийтээр Владимир Владимирович Путины авторитар дэглэмийг шүүмжлэн чичилж байна. Оросын ард түмэн ч удирдагчдаа эргэлзэж эхэллээ. Энэ үед харин монголчууд л “хайр сэтгэлээсээ урвахгүй” хэмээн уллан өмгөөлж байна. Түүний Украин руу халдах болсон үйлдлийг аль ч тохиолдолд буруутгахыг хүсэхгүй байгаа нь илт. В.Путиныг бага буурай оронд эр бяраа үзүүлэн, газар оронд шунаж буй араатны дүрээр харахыг монголчуудын олонх нь лав хүсэхгүй байх шиг.

Барууны хүч түрсэн, эз дийлсэн түрэмгийллийн эсрэг ганцаараа архиран байгаа баавгайтай адилган зүйрлэж, улс орныхоо төлөө үл халиран, үл нугаран зогсож байгаа эр зоригтон хэмээн харах нь бидэнд илүү таалагдаж байгаа нь нууц биш ээ.

В.Путин ч өөрөө үүн дээр үндэслэлтэй тайлбар өгсөн. “Украинтай дайн хийх манай алхам ямар ч хэлэлцээрийн явцаас хамаарахгүй, зөвхөн Оросын аюулгүй байдлыг өнөөдөр ба ирээдүйд ямар ч эргэлзээгүй хангахаас л хамаарна. НАТО дорно зүг рүү цаашид хөдлөх нь байж болшгүй гэдгийг би тодорхой ойлгуулсан. Ямар бид пуужингуудаа Америкийн хилийн дэргэд аваачаад тавьчихаа юу? Үгүй. АНУ л өөрийн пуужингуудаа манай гэрийн гадаа, бүр манай босгон дээр зоочихоод байна” гэжээ. Энэ үгнээс В.Путин шазууртай эр хүн юм гэж ойлгогдохоор байна. АНУ, Их Британи, цаашлаад НАТО-гийн сарьсан хоншоорыг тас цохих зүрх зоригтой цорын ганц удирдагч хэмээн үнэмшиж ч болохоор аж.

“НАТО болон АНУ дорно тийш нэг ч дюйм дөхөхгүй гэж бидэнд 1990-ээд онд амалсан. Тэгээд яав? Мэхэлчихсэн. Зүгээр л ичгүүр сонжуургүй хуурсанд даа. НАТО дорно зүгт таван удаа давалгаалж тэлсэн. Одоо бүр Румынд ирчихлээ, бас Польшид системүүдээ байрлуулж эхэллээ. Бид хэнд ч аюул занал учруулаагүй. Бид ямар АНУ-ын хил дээр оччихоо юу, эсвэл Английн хил дээр очсон гэж үү. Бидэн рүү өөрдсөө хүрч ирчихээд одоо бас Укрианыг НАТО-д авна гээд байгаа” гэж тэр ярьжээ. Магадгүй түүний зөв ч байж болно. Эсвэл тэр ОХУ-ын аюулгүй байдлыг хангах нэрийдлээр Украины газар нутгийг булаан эзлэх санаа агуулсан ч байж болох. Ер нь В.Путины санаа, далд төлөвлөгөөг хэн ч тайлж уншиж чадалгүй өнөөдрийг хүрсэн.

Энэ хүйтэн атлаа хүмүүсийг ер бусаар ховсдон татаж чаддаг царайны цаана чухам юу нуугдаж байгааг монголчууд бид байтугай, оросууд өөрсдөө ч 20 гаруй жил мөшгиж хөөцөлдөөд илчилж чадаагүй л байгаа. Мэргэжлийн тагнуулч хүний зангаргаар бүхний толгойг эргүүлэхдээ үнэнхүү гарамгай нэгэн учраас хэрвээ хүсэх л юм бол 2036 он хүртэл Ерөнхийлөгчийн суудлаасаа буухгүй байх бүх замаа хэдийнэ засч амжсан. Өдгөө тэр 70 настай боловч дахиад 14 жил Оросыг захирах эрх мэдэлтэй. Оросын дараагийн удирдагч зөвхөн түүний хүссэн цагт л тодрох нь нэгэнт тодорхой болсон зүйл. Өөрөө ч “Манай эх орон, аугаа Орос орныг удирдах чадвартай гэж бодож байгаа хүнийг би цаг нь болохоор танилцуулна” гэж мэдэгдсэн.

Борис Ельцин түүнийг анх залгамжлагчаараа нэрлэхдээ Орос оронд дахин нэг Сталинг гардуулж өгч байгаагаа ойлгоогүй байх. В.Путины оронд Г.Зюганов байх боломжтой байсныг эргэн санацгаая. Г.Зюганов бол халуун цуст жинхэнэ орос эрийн дүр төрхтэй нэгэн. Тэр үед “Орос орны хувь заяаг нэг бол коммунистад, аль эсвэл тагнуулчид даатгах болох нь дээ” гэж улс төр судлаачид бичиж байлаа. “Хэрвээ Г.Зюганов Орос орны удирдагчаар нэрлэгдсэн бол...” гэх асуулт л өнөөдрийн нөхцөл байдлыг өөрчлөх цорын ганц боломж юм. Өөрөөр бол В.Путины эзэрхэг, шийдэмгий, шазруун нүүдлүүдийг буцаах ямар ч боломж байхгүй. Үүнийгээ тэр ердөө л Б.Ельциний залгамжлагчаар нэрлэгдсэн даруйдаа батлан харуулчихсан. Чечений босогчдын халдлага гаарч, олигархиудын ноёрхол хэрээс хэтэрсэн үед В.Путин өөрийгөө чанга гар гэдгийг батлан харуулсан байдаг. Үнэндээ анх түүний Б.Ельцин ч төр засгийн тэргүүний байр сууринд төдийлөн удна гэж бодож байгаагүй гэдэг. 1999 оны зун ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин гэнэтийн огцом шийдвэр гаргаж, Ерөнхий сайдаар Санкт-Петербургийн захиргаанд ажиллаж байсан залууг тавьж орхисон нь олон нийтийг гайхшруулж байлаа. Олонд танигдаж эхлэх үед улс төр судлаачид түүнийг дээд албан тушаалд удна гэж огт бодохгүй байв.

Гэтэл В.Путинд ОХУ-ын эрх мэдлийн гол судсыг атгах болоод дэлхийн гол удирдагчдын нэг болоход ердөө хоёрхон жил шаардагдсан нь гайхалтай. Түүнийг Оросын тусгай албадын хүч нөлөө хийгээд өөрийн тагнуулчийн онцгой авьяасыг ашиглаж, төрийн толгойд төвөггүй гарч ирсэн гэж үздэг. Ер нь КГБ-ийн тагнуул байсан нь өнөөдрийн В.Путин гэх авторитет дэглэмийн удирдагчийг бий болгоход голлох нөлөө үзүүлсэн нь тодорхой. Тэр Чечений босогчдыг дарах дайныг амжилттай удирдсанаар магадгүй аливаа улс төрийн шийдвэрийг хүч хэрэглэх замаар амжилттай хэрэгжүүлж болох амт шимтийг мэдэрсэн байх.

Чеченьд цэрэг оруулах шийдвэрийг тэр Ерөнхий сайд байхдаа Ерөнхийлөгч Б.Ельциний оролцоогүйгээр гаргасан нь ёстой л эрэлхэгийн туйл болж түүхэнд үлдсэн баримт. Тавхан сарын дараа Ерөнхийлөгч болсон нь ердөө энэ үйлдлийнх нь үр дүн байв. Гэхдээ өдгөө ил болсон баримт үүнээс ч ноцтой. Хожим манай хүн Чечень рүү цэрэг оруулан дарахын тулд тусгай албадыг хөдөлгөн, Москва хотын төвд бүхэл бүтэн орон сууцны хорооллыг дэлбэлсэн нь илэрсэн. Энэхүү халдлагыг Чечений салан тусгаарлагчид хийсэн мэтээр олон нийтэд ойлгуулан, улмаар цэрэг хөдөлгөн дарж авсан түүхтэй. Энэ баримтаас үзэхэд В.Путин бидний хүндлэн боддог шиг этгээд мөн эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ тэр шаардлагатай гэж үзвэл юу сэдэж, түүнийгээ ямар замаар хэрэгжүүлдэг болохын нотолгоо энэ юм. Харин өнөөдөр тэр яг энэ аргаараа, яг тэр дүрээрээ Украины эсрэг цэрэг хөдөлгөж, Чеченийг өөртөө нэгтгэсэн өмнөх түүхээ давтахыг хүсч байж болох уу. Путин бол ингэхээс тун ч сийхгүй нөхөр гэдгийг л дээрх баримт илэрхийлэхээс бус, яг тэгсэн гэдгийг илтгэхгүй.

Путин бурхан уу, эсвэл чөтгөр үү гэх асуулт өнөөдөр Оросын ард түмнийг зовоож байна.

Чөтгөрт тооцох гэхээр улс орондоо хэтэрхий хайртай нь илт учраас бурханаас өөрцгүй санагдаж, өрцийг нь хайлуулан татна. Бурханд тооцох гэхээр эрх мэдлээ батлан хамгаалахын тулд хэнийг ч дэвслэхээс үл буцах хэрцгий, өршөөлгүй, цэвдэг төрхөө илчилж, хэний ч зүрхэнд сүүдэр хургатал дарангуйлна.

Хэдхэн жишээ дурдъя. Улс төрд гүнзгий шургалан орсон олигархиудад тэр “Улс төрөөс савраа татацгаа” гэж хэлсэн ч эхэндээ түүний үгийг хэн ч ойшоож үзсэнгүй. Тэгмэгц тэрбумбан Б.Березовскийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг булааж, М.Ходорковский тэргүүтнийг шоронд хорьж орхив. 2011 онд Wikileaks сайтаас дэлхийн Засгийн газрын тэргүүнүүдийн булхай, нууц баримтуудыг илчилж эхэлтэл В.Путин тухайн мэдээллүүдийг үгүйсгэж тайлбар хийхийн оронд вэбсайтуудыг хаан, өөрийг нь эсэргүүцдэг блоггер, сэтгүүлчдийн эсрэг хүч хэрэглэх аргыг сонгосон. Үүнийхээ дараа хэвлэл мэдээллийнхний амыг барих, тэдэнд өгөөш болох үйлдэл гаргахгүйн тулд өөрийнхөө бүх мэдээллийг устгуулсан гэдэг. Гар утас хэрэглэдэггүй, зөөврийн компьютертэй ч интернэт ашигладаггүй гэлцэх нь бараг үнэн байх. Тэр мэдээллийг нууцлах, илэрсэн мэдээллийг хөөж устгах тал дээр үнэхээр дадамгай ажилладаг нэгэн.

Путин ямар боловч маш том тогтолцооны автор гэж хэлэгдэх хэмжээнд хэдийнэ очжээ. Тэр тогтолцоо нь ОХУ-ын хил хязгаараас ч давж гарсан гэдгийг зарим судлаач хэлдэг нь оргүй биш.

Шулуухан хэлэхэд, В.Путин дэлхий ертөнцийн улсуудыг хүйтэн дайны үеийнх шиг хоёр лагерьт хуваахаас буцахгүй, шийдсэн чөтгөр мэт аашилж байна. Украин руу халдан довтолсон үйлдлийн улмаас дэлхийн гуравдугаар дайн гарч болох эрсдэлтэй талаар түүнд сануулахад “Украиныг эзэлсэн тохиолдолд ч дэлхийн гуравдугаар дайн эхлэхгүй. Учир нь тэд энэ дайнд ялахгүйгээ мэдэж байгаа” гэж хариулжээ. Тэрээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг “Өрнөдийн шатрын хүү” гэж үзэж байгаагаа л илэрхийлсэн.

Яг энэ цаг мөчид ОХУ болон Украины талууд хэлэлцээрийн ширээнд сууж байгаа хэдий ч тэндээс нааштай үр дүн хүлээх нь В.Путинаас шийдвэрээсээ ухрахыг шаардахтай адил үл бүтэх зүйл байж мэднэ. “Украины асуудлыг Киевт биш, Вашингтонд, зарим тохиолдолд Парис, Берлинд шийдэж байхад надад Зеленскийтэй уулзах хэрэг ч алга” хэмээн нэг удаа хэлсэн нь үүний нотолгоо. Ямартай ч яг одоогийн нөхцөл байдалд В.Путин гэх энэхүү эрхмийн бурхан, эсвэл чөтгөр байх сонголтоос дэлхий ертөнцийн там болж хувирах эсэх нь шууд хамаарч байна гэхэд хилсдэхгүй.