Монголчууд хүүхдээ хайрлах тухайтад хачин сонин философитой ард түмэн. “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэнэ. Түүнийгээ хамгийн зөвд тооцно. Хал үзүүлж, халуун чулуу долоолгох тусам л хүүхэд хатуужилтай болно гэж итгэнэ. Дээхэн үед хүмүүс хүүхдээ 10 настайд нь сургуульд явуулдаг байсан бол өнөөгийн эцэг эхчүүд “төгс хүүхэд” бүтээх хүсэлдээ хөтлөгдөн энэ тоог 5, 6 нас хүртэл нь татах болов. Орчлонд ирээд гүйцэд эрхэлж ч амжихгүй үүрэг хариуцлага, суртал номд хүлэгдэн, нуруундаа ахадсан ачаа үүрэг болдог нь унагыг хөл дөнгөж чангарах даага, сарваа болоод ирмэгц нь барьж ногтлоод, эмээл хазаар тохдогтой эгээ л адил санагдана.
“Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэх бодлого явсаар төр засгийн шийдвэрт тусгалаа олдог нь ч нэг бус, нэжгээд. Ер нь улстөрчид ямар нэг асуудлыг шийдэхдээ хамгийн хэл ам татлахгүй, эсэргүүцлээ илэрхийлж чадахгүй хэсгийг эхэлж сонгон, тэдэн дээр туршиж үзэх байдлаар хэрэгжүүлдэг жишиг бий. Монголын нөхцөлд тэрхүү бүлэг бол хүүхэд юм. Эвлэлдэн нэгдэх, үзэл бодол илэрхийлэх, тэмцэх, эсэргүүцэх боломжгүй учраас төр засгаас гаргасан шийдвэрийг хамгийн дуулгавартай дагадаг гэсэн үг л дээ.
Үүний нэг жишээ бол өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлсэн боловсролын тогтолцоо юм. Боловсролын тогтолцоог хэрхэн шинэчилж сайжруулах тухай эхний өдрөөс эхлэн хэлэлцсэн атлаа өнөө хэр нэг хөтөлбөрийнхөө ард ч гарч чадсангүй. Энэ салбарт хийсэн өөрчлөлтийг тоолох аваас яг сайдынхаа тоотой тэнцэнэ. Учир нь сайдаар томилогдсон хүн бүр энэ салбарын хуучин тогтолцоог “самрах” замаар боловсролын шинэчлэлийн автор болохыг хүсдэг байв. Харамсалтай нь, хэн нь ч чадаагүй. Бага боловсролыг өмнө нь гурван жилийн хугацаанд олгодог байсан бол 1990-онд дөрвөн жил болгон өөрчилжээ. Тэгснээ огт монгол бичиг үзэж байгаагүй хүүхдэд гэнэтхэн л монгол бичгийн хичээл орохоор болж билээ. Монгол бичгийг ахисан түвшинд буюу тавдугаар ангиас цааш заах багш дутмаг байснаас энэ бодлого удаан үргэлжлээгүй, үр дүнд ч хүрээгүй. Харин золигт нь хүүхдүүд л монгол бичгийг мэддэг ч биш, мэддэггүй ч биш болж үлдсэн. Нэг ёсондоо огт төлөвлөгөөгүй дайраад орчихсоны харгай. Монгол бичгээ сэргээнэ гэсэн дэврүүн хүслээр л төр шийдвэрээ гаргаснаас бус, монгол бичиг заах боловсон хүчнээ ч тооцоогүй байлаа. Үүнтэй төстэй олон жишээ үргэлжилсээр өнөөдөрт хүрч ирсэн.

Боловсрол олгох тогтолцоо цаг үетэйгээ хөл нийлүүлэн байнга шинэчлэгдэж байх учиртай хэдий ч түүний туршилтад өртөх хүүхдүүдийг хэзээ ч бодож байгаагүй. 1990 оны дунд үед англи хэлийг илүүд үзэх хандлага төрийн бодлогод бас л нөлөөлж, үүний харгайгаар нэг ангийн хүүхдүүдийн тал нь орос хэл, тал нь англи хэл үзэж байсан ч тохиолдол бий. Ингэснээр дунд үеийн эрэмдэг зэрэмдэг гадаад хэлтнүүд төрөн гарсан түүхтэй. Уг нь хүүхдүүдээ сүрхий дэлхийн боловсролтой болгох гэсэн санаа нь харин ч эсрэгээрээ хорлосон үйлдэл болсон доо.
Хайр нь хал болж хувирсан энэ мэт үзэгдэл өнөөдөр Кембрижийн боловсрол, “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр гэх мэт туршилтаар үргэлжилж байгааг бид мэднэ. Монголын хөрсөнд нийцэх эсэх нь тодорхойгүй гадны хөтөлбөрүүдийг боловсролын салбарт бодох санах юмгүйгээр хүчимдэн хэрэгжүүлэх гэж хичээдэг увайгүй улстөрчдийн шийдвэрийн зөв, бурууг зөвхөн хүүхдүүд хувь тавилангаараа хариулахад хүрч байна.
Аль 2008 он хэрэгжүүлэх гээд бараагүй Кембрижийн хөтөлбөрөө өдгөө ч улам төгөлдөржүүлэх, хэрэгжилтийг дэмжих чиглэлээр УИХ-ын гишүүд лобби бүлэг хүртэл байгуулчихсан тавьж яваа. Улстөрчид хүүхдүүдийг үнэхээр дэлхийн боловсролтой болгох гэж мачийгаад байна уу гэдэг туйлын эргэлзээтэй. Магадгүй үүний цаана Англи, Монголын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээ, түүнийг дагаж орж ирэх төслийн санхүүжилт, хөрөнгө мөнгөтэй л холбоотой ашиг сонирхол буй юм. Хэрвээ нутагшуулж, нэвтрүүлж чадвал муу ч биш л дээ. Гол нь хүүхдэд хэзээд юуг ч тулган туршиж болно гэх хандлагын тухай яриа юм.
Боловсролын салбарт хийгдэх олон өөрчлөлт, бүтэлгүй шинэчлэлүүд нь хүүхдүүдийн үл эсэргүүцэх хүлцэнгүй байдал дээр дөрөөлж байлаа. Тэгвэл вакцин болон эмийн тал дээр ч Монгол Улс хүүхдүүддээ халтай байдал гаргадаг. Энэ нь “Covid19” тахлын эсрэг вакцинд хүүхдүүдээ хамруулахыг эсэргүүцсэн эцэг эхчүүдийн тэмцлээр илэрсэн. Тэдний зүгээс “Монголчууд бид шинээр бий болсон баталгаагүй вакциныг хүүхдүүддээ хийж болохгүй. Файзер вакцин нь цус бүлэгнүүлэх сөрөг нөлөө үзүүлдэг байж болзошгүй гэнэ” хэмээн 5000 гаруй эцэг, эх гарын үсэг зурсан ч амжилт олоогүй. Дэлхийн зарим эрдэмтдийн зүгээс коронавирусын вакцин нөхөн үржихүйд нь нөлөөлдөг гэсэн судалгаа ч гараад байсан үе. Уг нь 1964 онд батлагдсан Хельсинкийн тунхаглал гэгчид “Эм, эмчилгээний туршилтад орж байгаа хүн нь тухайн судалгааны үр дүнг хүртэж чадахуйц хэсгийнх байх ёстой” гэж заажээ. Удаад нь ёс зүйн хамгийн наад захын хэм хэмжээ бол оролцогчдод туршилтын талаар мэдэгдэх явдал байдаг аж.
Тэгтэл Монгол Улсад 15 сургуулийн 8851 хүүхэд “Сүрьеэ өвчнөөс Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх нь” гэх нэршилтэй судалгаанд хамрагдсан. Энэ нь магадгүй дурдсан эерэг нөлөөг үзүүлэх байлаа ч үр дүн нь батлагдаагүй туршилт байсан билээ. Тодорхой хэлбэл, монголчууд хүүхдээ сүрьеэ өвчнөөс хамгаалах гээд болзошгүй аюул эрсдлийн өөдөөс түлхсэн гэсэн үг.
Хөл хорионы үед хүүхэд бол шийдвэрээ онилоход хамгийн хялбар бүлэг байсан нь бас л үнэн. Тун энгийн жишээ Ерөнхийлөгчийн сонгууль дээр харагдсан. Олон хүн, тэр дундаа улстөрчдийн эрх ашиг, хүсэл сонирхол хүчтэй байсан учраас коронавирусын ид тархалтыг эс тооцон Ерөнхийлөгчийн сонгуулиа явуулсан. Харин хориглох, хойшлуулахад амар тул сурагчдын ЭЕШ-ын товыг цуцалж, хойшуулчихаж билээ. Ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг боддог улс орнууд гэтэл сонгуулиа хойшлуулахыг илүүд үзсэн олон жишээг харгалдуулж болно. Нийт 58 улс бүх шатны сонгуулиа хойшлуулсан ажээ.
“Хүүхдүүд эсэргүүцэхгүй тул...” гэх сэдлээр төр засгийн аливаа шийдвэр гардаггүй гэх ч баталгаа алга. Цар тахалд нэрвэгдсэн өнгөрсөн хугацаанд сургууль хаах, нээх, танхимаар болон онлайнаар хичээллэх зэрэг шийдвэрийг ёстой л дураараа гаргаж байлаа. Хүүхэд үг хэл гаргахгүй нь сайхан. Тиймд шийдвэрүүд ч төгс хэрэгжинэ. Харамсалтай нь, энэ бүхний цаана хүүхдүүд хохирсоор л хоцорч буй юм. Тэдний хохирлыг хэн ч тооцохгүй.
Сүүлийн жишээ хэлье. Хотын түгжрэлийг бууруулах гарц, аргуудын дотроос мөнөөх л хүүхдэд зориулсан шийдвэр нь “түгжрэлгүй” гарч байх жишээтэй. Дарга нарт түгдрэх ч шаардлага гарахгүй. “Түгжрэлийг бууруулах зорилгоор 59 сургуулийн хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санал гаргаж байна” гээд л болоо. Тэдгээр сургуулийн хүүхдүүд 07:45, 08:15, 09:00 цагуудаас хичээлдээ ирдэг болчихвол хотын түгжрэл 12.5 хувиар буурах юм гэнэ. Маш амархан шийдэл. Учир нь хүүхдүүд үүнийг эсэргүүцэхгүй. Тэдэнд төрийн албан хаагчдын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж болох хувилбар санаанд нь яагаад түрүүлж буухгүй байна вэ. Ийм нэг “хал” үнэртүүлсэн сэтгэл анзаарагдаад л байх.