ИЛҮҮ ДЭМЖЛЭГ Л ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ИЖИЛ ГАРААНД АВААЧНА

Улс төр хатуу тоглоом. Хатуугаас гадна бараг “дүрэм”-гүй энэ ертөнцөд дүрэм зөрчих эр зоригоор эмэгтэйчүүдээс илүү гэх шалгуур дор эрчүүдийн тоглолт илүүтэй зонхилдог. Бас зохидог. Гэвч ард түмэн, сонгогчид дүрэмтэй улс төрийг, дүрмээ зөрчдөггүй улстөрчдийг хүсдэг. Тийм учраас эмэгтэйчүүдийг улс төрд оруулахыг бодлогоор зохицуулж хуульчлан өгсөн байдаг.

Эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хуульчлан хамгаалсан хоёр арга дэлхийд бий. Эхнийх нь, парламентын сонгуульд нэр дэвшигчдийн тодорхой хувь нь эмэгтэйчүүд байх. “Нэр дэвшигчдийн квот” гэх энэ арга түгээмэл. Хоёр дахь нь, тухайн парламентын гишүүдийн тодорхой хувь нь заавал эмэгтэйчүүд байх хувилбар. Үүнийг “Суудал хадгалах квот” гэх. Ийм хуультай улс орнуудад ихэнхдээ парламентын сонгуулийн тодорхой мандатад зөвхөн эмэгтэйчүүд сонгогдох, нэр дэвшихийг хуульчилж өгчээ. Хамгийн тод жишээ нь ардчиллын сонгодог жишээ болдог Энэтхэг улсын Муж улсуудын хурлуудыг нь нэрлэж болж байна. Монгол Улсын хувьд эхнийх буюу “Нэр дэвшигчдийн квот”- ыг хуульчилж өгсөн ба УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 20-иос доошгүй эмэгтэйчүүд байх, намууд 76 мандатад нэр дэвшигчдээ тодруулахдаа энэ босгыг баримталдаг. Үүнийг зарим эрэгтэй улстөрчид “дэвшил, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг баталгаажууллаа” гэж саймширдаг юм. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь ухралт ажээ. Баримт сөхвөл, Монгол Улс 1962 онд батлагдсан Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн конвенцид нэгдэн орсон байна. Тийм учраас 1990 оноос өмнө Ардын Их Хурлын депутатуудын 24 хувь нь заавал эмэгтэй хүн байхаар тухайн үеийн МАХН-ын улс төрийн намын шийдвэртэй байжээ. Зарим яамны орлогч сайд заавал эмэгтэй хүн байхаар хатуу тогтоосон байж. Тэгэхээр Монголын ардчилал нь эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийн хувьд дөрвөн хувийн ухралт авчирсныг үнэндээ манай эмэгтэйчүүд ч өөрсдөө мэддэггүй, ярьдаггүй.

Сүүлийн үед эмэгтэйчүүд хуулийн дэмжлэгтэй улс төрд хүчтэй, мөнхүү олноор орж ирэх болжээ. Баталгаа нь, өнөөдөр НҮБ-ын гишүүн 193 орны 20 орчим нь эмэгтэй Ерөнхий сайдтай (мөн эмэгтэй Ерөнхийлөгч энд багатна) байна. Норвеги, Исландын парламентын гишүүдийн 47-50 хувь нь эмэгтэйчүүд. Канадын Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь эмэгтэйчүүд. Францын Ерөнхийлөгч Макрон гэхэд сонгуулийнхаа үеэр “Хэрвээ би сонгогдвол…” гэж зарлаж байгаад Засгийн газрын 22 сайдынхаа 50 хувь буюу 11-ийг эмэгтэйчүүдээс бүрдүүллээ. Хамгийн сүүлд гэхэд, Финланд улс дэлхийд хамгийн залуу (34 настай) эмэгтэй Ерөнхий сайд томиллоо.

Өнөөдөр дэлхий нийтийг түгшээж буй Ковид19-ийн эсрэг хамгийн сайн ажиллаж, иргэдээ хамгийн сайн хамгаалж, иргэдийнхээ амь насыг аварч байгаа улс орнууд нэг ижил зүйлээр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх болов. Тэр нь эдгээр улс орнууд ихэндээ эмэгтэй Ерөнхий сайдтай, эсвэл эмэгтэй Эрүүл мэндийн сайдтай байгаа бөгөөд бодит жишээний эхэнд Финландыг онцолжээ.

Дээрх улс орнуудад яагаад эмэгтэйчүүд улстөрд голлоод, Засгийн газрын гишүүдийн 50 хувийг бүрдүүлж буйд тайлбар бас бий. Өнөөдөр хаа сайгүй аюулгүй, амгалан, эрүүл амьдрал,авлигагүй, шударга нийгмийг хүсэж байна. Тэгвэл, айл гэрээр жишээлэхэд тайван амьдралыг эмэгтэйчүүд бүтээж, ар гэрийн нийгэм, эрүүл мэнд, боловсролын асуудал бүхэлдээ эмэгтэйчүүд л хамгийн сайн зохицуулдаг нь амьдрал дээр батлагдсан билээ. Эмэгтэйчүүдийн гэр бүл, хамт олны дунд гүйцэтгэж буй үүрэг хариуцлага нь боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгаалал зэрэг хүн бүрийн амьдралын чанарт нөлөөлөх чухал асуудлаар илүү мэдрэмжтэй, хэрэгцээнд нийцсэн шийдвэр гаргах туршлагыг агуулж байдаг. Тэр үнэн. Тэгэхдээ сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн онцгой нэгэн чадварыг улс төрд илүүтэй онцлох болжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн ачаалал даах чадвар эрчүүдийнхээс хамаагүй илүү гэнэ. Энэ тухай “Эмэгтэйчүүд бол нэг сантиметр талбайд дөрвөн тонн хүчээр дарах хэмжээний ачаа даадаг чадвартай. Ачаа гэдэг нь ганц ажлын ачаалал биш, тэнд тэвчээр, зовлон, хөлс, нулимс ч багтана” гэжээ.

Өнөөдөр Монголын төрд авлига ихтэй, Улаанбаатар иргэндээ ээлгүй, айдастай хот байгаа бол дээрээ, бодлого тодорхойлогчид дунд эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөхөн байгаатай холбоотой. Тийм учраас Монголын төрд эх хүний, эмэгтэй хүний өр нимгэн, зөөлөн нинжин чанар л бидэнд дутагдаж байгааг хэн хүнгүй хэлдэг. Энэ бол эмэгтэйчүүдийг УИХ-д илгээх эхний шаардлага. Гэтэл зүй ёсны төлөөлөлтэй байх, өөрсдийн давуу талаараа манлайлах жам ёсны шаардлага дээр, намуудын эмэгтэйчүүдэд тавьдаг “шаардлага” нарийсч байна. Эндээс л миний өгүүлэх гол сэдэв эхэлж байна. Тэр нь улстөрч эмэгтэйчүүдийн хөрөнгө чинээ, товчхондоо улс төрийн санхүүжилтийн тухай юм. Улс төрийн тавцанд хүйсийн тэгш бус байдал бүх улс орны хувьд чухал асуудал байсаар ирсэн. Өнөөдөр ч байгаа. Гэхдээ шийдэл хайсан, гарц олсон улс орнууд ч байна. Учир нь гарц гаргалгаа олохоос өөр аргагүй байдал улс төрийн орчинд үйлчилсээр ирсэн. Монголд ч ялгаагүй. Эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд намаас нэр дэвших, сонгуульд өрсөлдөхөд хөрөнгө санхүүгийн хувьд бяд муутай, дутагдалтай байдаг. Ялангуяа залуу улстөрчид, эмэгтэйчүүдэд “Улс төрийн санхүүжилт” гэдэг дааж давшгүй ачаа болсоор ирлээ. Намын дэнчин, тойрог услах мөнгө зэргийг бодвол улс төрийн энэхүү шударга бус санхүүжилт нь тэгш боломж гэдгийг мэдэхгүй, мэдсэн ч мэдээгүй царайлдаг хэсэгт нь л олз болж байна. Угтаа хүн амын 50 хувь болох эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг нь хангах нь өөрөө төрийн өөрийнх нь үүрэг байх ёстой юм. Тиймээс л улс төрийн намын төрийн санхүүжилтийг дагаад жендэрийн тэгш байдлыг хангахад дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ бол шинэ дугуй зохиох тухай ойлголт огтоос биш. Хүйсийн энэхүү тэгш бус байдлаас ангижирахын тулд дэлхийн олон улс орон улс төрийн намын санхүүжилт, тэр тусмаа улс төрийн намд олгох жендэрийн тэгш байдлыг дэмжсэн төрийн санхүүжилтийг олгож эхлээд байгаа аж. Иймд уг сэдвийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж, ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх хүлээлттэй байгаа энэ цагт “Үндэстний ТОЙМ” сэтгүүл хөндөхөөр шийдсэн юм. Жендэрийн тэгш байдлыг дэмжсэн төрийн санхүүжилтийг анхлан нэвтрүүлсэн улс бол Финланд. 1974 онд анх жендэрийн тэгш байдлыг дэмжсэн үйл ажиллагаа явуулах тодорхой нөхцөлтэйгөөр улс төрийн намуудад дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Тэгвэл өдгөө дэлхийн 30 гаруй улс орон ямар нэгэн байдлаар жендэрийг дэмжсэн төрийн санхүүжилтийг улс төрийн намууддаа олгодог болоод байгаа юм.

Жил ирэх тусам жендэрийн тэгш байдлыг дэмжсэн төрийн санхүүжилттэй улс орнуудын тоо өсөн нэмэгдэж байгааг дээрх хүснэгтээс харж болж байна. Харин санхүүжилтийн арга хэлбэрийн хувьд 30 гаруй улс орон өөр өөрийн онцлогтой. Зарим нь “Шаардлагад суурилсан санхүүжилт” олгодог бол зарим нь “Хуваарилалтад суурилсан санхүүжилт” хийдэг. Бусад хэсэг нь “Нөхцөлт санхүүжилт” олгох жишээтэй. Намуудад олгох санхүүжилтийн хэмжээ ч харилцан адилгүй. Иймд санхүүжилтийн төрлүүдийг нарийвчлан танилцуулъя.

Монголчууд харагдах байдалд хэтэрхий ач холбогдол өгдөг сул тал ихтэй. Статистикад их хууртдаг. Эдийн засгийн өсөлт гээд өндөр тоо хэлдэг ч, тэр нь айл гэрийн хаалгаар ордоггүй. Үүнтэй адил хэрвээ эмэгтэйчүүдийг УИХ-д илгээх, сонгох гэж байгаа бол жендэрийн тэгш байдлыг дэмжсэн төрийн санхүүжилт хэрэгтэй. УИХ-аар ирэх хавар хэлэлцэхээр төлөвлөж байгаа Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд ч тодорхой саналууд тусгахаар ажиллаж байгааг Ажлын хэсгийнхэн мэдэгдсэн. Гэхдээ санхүүжилтийн аль төрлийг сонгохоос гарах үр дүн хамаарна. Тиймээс дэлхий дээр жендэрийн тэгш байдлыг дэмжсэн төрийн санхүүжилт олгодог улс орнууд ямар хэв шинжтэй санхүүжилт олгож байгаа нь судлууштай сэдэв юм.

Шаардлагад суурилсан санхүүжилт

Босни Герцеговин, Колумб, Мали, Нигер, Того, Украин, Кени зэрэг улсууд “Шаардлагад суурилсан санхүүжилт”-ийн төрлийг сонгож авсан байдаг. Гэхдээ улс орон бүр харилцан адилгүй. Кенид гэхэд намын дотоод албан тушаалд хүйсийн тэнцвэрийн тодорхой босго хангасан намд төрөөс санхүүжилт авах эрх үүсдэг. Ингэхдээ тухайн намын дотоод албан тушаалын гуравны нэгийг эмэгтэйчүүд хашдаг бол л төр санхүүжилт олгодог. Харин дээр дурдсан эхний зургаан улсын хувьд нэр дэвшигчдийн дунд хүйсийн босго харьцааг барьж чадсан бол төрөөс санхүүжилт авах эрх үүснэ. Ингэхдээ төрөөс олгох нийт санхүүжилтийн 10 хувийг эмэгтэй нэр дэвшигчдийн тоотой хувь тэнцүүлэн олгодог байна.

Хуваарилалтад суурилсан санхүүжилт

Энэ төрлийн санхүүжилтийг хамгийн олон улсад хэрэглэдэг. Гэхдээ хэв шинж нь харилцан адилгүй. Чили, Хорват, Этиоп, Папуа Шинэ Гвийней, БНСУ, Румын, Соломоны Арлуудад эмэгтэй нэр дэвшигчдийн тоогоор тогтмол хэмжээтэй мөнгө нэмж авдаг. Өөрөөр хэлбэл, нэр дэвшүүлсэн, сонгогдсон эмэгтэй бүрийн тоогоор 1000 доллартай тэнцэх нэмэлт санхүүжилт олгодог байна. Харин Кабо Вэрде, Гүрж, Гаити, Молдав зэрэг улсад нэр дэвшигчид хүйсийн тэнцвэр хангасан эсэхтэй уялдуулан нэмэлт санхүүжилт олгох хувилбарыг хэрэглэдэг. Энгийнээр тайлбарлавал, 30 хувийн эмэгтэй нэр дэвшигчтэй нам нэмэлт 10 хувийн санхүүжилтийг төрөөс авдаг байна. Тэгвэл хүйсийн тэнцвэрийн босго хангаагүй бол төрийн санхүүжилтийн хэмжээг бууруулдаг улс орнууд ч бий. Албани, Буркино Фасо, Франц, Хондурас, Ирланд, Итали, Португал улсад улс төрийн намаас нэр дэвшүүлсэн эмэгтэйчүүдийн тоо 30 хувьд хүрээгүй бол санхүүжилтийг нь шууд 20 хувиар хасаж олгодог ажээ.

Нөхцөлт санхүүжилт

Улс төрийн намуудад тодорхой нөхцөл тавьж, санхүүжилт олгох хувилбарыг өдгөө дэлхийн 12 улс хэрэглэж байна. Төрөөс олгох мөнгөний тодорхой хэсгийг жендэртэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулах нөхцөл зааж намуудад санхүүжилт олгодог аж. Бразил, Чили, Колумб, Коста Рика, Финланд, Хондурас, Ирланд, Итали, Кени, Мексик, Панам, БНСУ зэрэг оронд ашигладаг бөгөөд төрийн санхүүжилтийн 15 хувийг хүйсийн тэгш бус байдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулах үүргийг намууд нь хүлээдэг ажээ.

Жендэрийн тэгш байдлыг дэмжсэн төрийн санхүүжилт төрлийн хувьд гурав ч хэв шинжийн хувьд харилцан адилгүй байгааг та дээрээс уншсан биз ээ. Мөн зарим улс орон аль аль төрлийг нь ашигладаг нь ч харагдана. Энэ нэг талаас эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хангах, нөгөө талаас улс төрийн намуудыг институцийн хувьд илүү бэхжүүлэх бодлоготой. Харин Монголын тухайд улс төрийн намд төрөөс олгох санхүүжилтийн хувьд маш бага дэмжлэг үзүүлдэг улс. Сонгуулиар авсан санал тус бүрт 1000 төгрөг, парламентад суудалтай намд авсан суудлынх нь тоогоор 10 сая төгрөг хуваарилдаг. Үүнээс өөр бодит дэмжлэг гэж бараг үгүй. Жендэрийн тэгш байдлыг дэмжсэн төрийн санхүүжилтийн тухай ойлголт бол одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд огтоосоо ч байхгүй. Энэ нь өөрөө уг сэдвийг хөндөх үндсэн шалтгаан юм. Нэггүй мянга, нимгэнгүй зузаан гэж байдаггүйтэй адил жендэрийг дэмжсэн бага ч атугай дэмжлэг үзүүлэх нь өөрөө эргээд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлдэг нь олон улсын туршлага дээрээс харагддаг. “Улс төрийн намд олгох жендэрийн тэгш байдлыг дэмжсэн төрийн санхүүжилт” харьцуулсан судалгаанд өгүүлснээр “Төрийн санхүүжилтийн шинэ механизмыг удаан хугацаанд хэрэгжүүлсэн улс орнуудын хувьд эмэгтэй төлөөллийн тооны өсөлт харьцангуй өндөр байгаа нь харагддаг. Тухайлбал, жендэрийн тэгш байдлыг дэмжсэн санхүүжилтийн хэлбэрийг даруй 10 гаруй жил хэрэглэж байгаа 11 улсад парламентын гишүүн эмэгтэйчүүдийн тоо найман хувиар өсжээ. Дэлхий даяар энэ үзүүлэлт сүүлийн 10 жилд дунджаар зургаа орчим хувиар өссөнтэй харьцуулахад энэ нь сайн жишиг гэж хэлж болох үзүүлэлт мөн” гэсэн байдаг.