Монгол Улс гадаад худалдааны хувьд хамгийн том түнш болох БНХАУ-аас “тусгаарлагдаад” гурван сар гаруйн нүүр үзэж байна. Бээжин өвлийн олимпын наадам цуцлагдах эрсдэлээс сэргийлэн “0 ковид” бодлого хэрэгжүүлж, хилийн худалдаандаа онцгой дэглэм тогтоосноор монголчуудын хувьд тусгаарлагдаж, бас хүлээлт эхэлсэн.
Олимп дуусахаар байдал засарна гэж найдацгааж байлаа. Гэтэл олимп дууссан ч хилийн дэглэм, дүрэм журмаа сулруулсангүй. Харин дэд бүтцээ сайжруулж, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжөө нэмэх замаар татан авалтаа нэмэгдүүлэх боломж олгосон тул тэр болтол худалдааны хамгийн том түншээсээ өдөрт 60 чингэлэг бараа авч голоо зогоохоос өөр арга үлдсэнгүй. Ингэснээр Монгол Улс Газын зурвастай ижил байдалд орчихлоо. Энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ гэдэгт бүгд санаа зовж эхэлж байна. Санаа зовох шалтгаан ч хангалттай байгаа юм.
БНХАУ бүх л хөршөө тусгаарлалтад оруулсан
Урд хөршийн “0 ковид” бодлогод өртөж худалдааны хувьд тусгаарлагдсан улс нь ганц бид биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Вьетнам, Мьянмар, Тайланд гэх мэтчилэн Зүүн өмнөд Азийн олон улс худалдааны тусгаарлалтад өртөж, асар их хохирол амсаж буй. Ямар сайндаа Зүүн өмнөд Азийн үндэстнүүдийн холбоо (АСЕАН)-ны удирдагчид энэ сарын дундуур Камбожийн Пномпень хотод уулзаж БНХАУ-ын тусгаарлалтыг хэрхэн нээх талаар зөвлөлдөх вэ. Бээжингийн хэрэгжүүлж буй “0 ковид” бодлого нь хуурай газрын хилээ чандлан хамгаалах дээр суурилсан учир Хятадын хилийн дагуух боомтууд дээр том, том ачааны машинууд бөөгнөрсөн нийтлэг дүр зурагтай байна. Зүүн өмнөд Азийн худалдаачид, тариаланчид, бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ зах зээлд нь нийлүүлэхийн тулд алалцахаас наагуур юм болж байгаа ч Бээжин бодлогоо өөрчлөх янз ер алга. Хаагдсан хилийн боомтуудыг нээдэг ч Ковид19-ийн тохиолдол гармагц л буцаан хааж, хүндрэл үүсгэх жишээтэй. Тэд ачааны машины жолооч нараас коронавирусийн шинжилгээ хийлгэхийг шаарддаг бөгөөд зарим тохиолдолд ачаа тээвэрлэх чингэлгийг өндөр үнээр Хятадаас худалдаж авахыг шаарддаг байна.
Гэхдээ ялгавартай хандсан
БНХАУ үнэхээр өөрсдөөс нь анх гарсан коронавирусийн цар тахлаа нам дарах гээд хилийн худалдаагаа хааж боож байгаа гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Хиллэж буй зарим улсад ялгавартай хандаж байгаагаас ингэж дүгнэж болж байна. Тухайлбал, Мьянмар улстай хилээ өнгөрсөн арваннэгдүгээр сард нээсэн. Одоогоор тус улсад өдөрт цар тахлын 2000-3500 халдвар илэрч байгаа ч худалдаа боломжийн явж байна. Дээр хэлсэнчлэн, АСЕАН-ы орнууд Хятадад бараагаа яаж нийлүүлэх вэ, яаж авах вэ гэж зөвлөлдсөн хуралд Мьянмар очоогүй. Энэ нь гадаад худалдаа тал дээр санаа зовохооргүй болсон гэдгийг илтгэнэ. Ямартай ч БНХАУ 14 улстай хуурай газраар хиллэдэг, тэр бүх улсад хилийн худалдааны дэглэмээ чангатгасан ч улс бүрт харилцан адилгүй хандаж байгаа нь яалт ч үгүй үнэн. Үгэнд нь ороод, сайхан аашлаад байвал “Ногоон гэрэл” асаах гэх мэт юм санаачлаад нээчихнэ. Эсэргүүцээд байвал, ашиг сонирхлыг нь хүлээж авахгүй байвал “Танайд корона илэрлээ” гээд л боллоо.

Ашиг нь юу юм бэ
БНХАУ-ын зорилго нь хөрш зэргэлдээ улсууддаа сүр хүчээ мэдрүүлэх явдал гэсэн дүгнэлт хэтийдсэн мэт боловч иймэрхүү санаа гаднын хэвлэлд мэр сэр гарчээ. Тухайлбал, “Foreign policy” сэтгүүлд БНХАУ-ын хэрэгжүүлж байгаа бодлогыг “Зүүн өмнөд Азийн хувьд Хятадыг гадаад ертөнцөөс тусгаарлах нь ашиггүй гэдгийг харуулахын тулд” хэмээн тодорхойлсон байх юм. Үнэн ч байж мэднэ. Ямар ч байсан тэдний явуулж байгаа бодлого одоохондоо хөрш орнуудад нь илүү хүндээр тусч буй нь тодорхой байна. Өөрсдөд нь бол төдий л хохиролгүй, магадгүй бага сага хохирол гарч байгаа ч хүрэхээр эрмэлзэж байгаа үр дүнгийнх нь хажууд жижиг гэж тооцогдохоор байгаа нь илт байгаа юм. БНХАУ-д ядаж л хилээ хэзээ нээж хаахыг шийдэх эрх байгаа бөгөөд энэ нь ашиг олохгүй ч алдагдалд орохгүй байх боломжийг олгож буй. Харин хөршүүдийн хувьд БНХАУ-ын хил тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр бүр цэвэр алдагдал авчирч байгаа юм. Шинэ жимс, хүнсний ногоо болон өмнөд нутгаас хойш нь тээвэрлэхэд хөлдөөх шаардлагатай байдаг далайн гаралтай болон бусад түргэн мууддаг бүтээгдэхүүн дээр хамгийн их хохирол амсаж байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, цар тахлын нөхцөл байдал хэчнээн удаан үргэлжилнэ, БНХАУ-д ашигтай гэсэн үг. “Foreign policy” сэтгүүлийн дүгнэлт үнэн бол тэд эдийн засгийн хувьд биш юм гэхэд нөлөөллийн хувьд ашиг олж байгаа нь гарцаагүй. БНХАУ-тай хиллэдэг 14 улсаас хоёрыг нь сонгож ямар байдалтай байгааг тандая.
Казахстан
Хятадын “Бүс ба Зам” санаачилга (BRI)-ын хүрээнд Казахстанд шинэ галт тэрэгний зам тавигдаж, казах буудай, хүнсний тос, үхрийн махаа Хятад руу ахиухан хэмжээгээр зөөх боломжийг олгосон. Бээжин ч энэ бодлогыг дэмжин, хамтарч байв. Гэтэл сүүлийн 12 сарын хугацаанд Казахстанаас хүнс импортлохыг сонгон хориглож, бодлогодоо тууштай байгаа эсэхэд нь эргэлзэхээр зан гаргаж буй. Энэ зуурт харин Казахстаны нутгаар дамжин өнгөрөх Хятадын ачаа тээврийн хэмжээ нэмэгджээ.
Вьетнам
Вьетнамын Лао Кай мужийн Ким Тхан хилийн боомтод коронавирусийн тохиолдол гарсан тул БНХАУ худалдаа хийхээ зогсоожээ. Бусад боомт дээр байдал ялгаагүй, Ковид19 илэрсэн гээд шууд хааж байгаа учир Үйлдвэр худалдааны яам нь бизнес эрхлэгчдэдээ хандаж, алдагдалд орохгүйн тулд төлөвлөгөө гаргахдаа хилийн байдлыг ажиглаж байхыг зөвлөхөөс өөрийг хийж чадахгүй байдалд оржээ. Бусад улсын хувьд ч байдал дээрх хоёроос нэг их сайнгүй байгаа гээд ойлгочиход болохоор байна. Цар тахал тоглоом биш, Хятад шиг олон хүн амтай улсад их хохирол учруулахыг үгүйсгэх аргагүй. Болгоомжлолыг нь буруутгахгүй. Гэхдээ л бусад улсад зүгээр явж болоод байгаа гадаад худалдаа Хятадад болохгүй гэдэг нь үндэслэл муутай. Ойрын үед хилийн худалдаагаа нээхгүй бол ямар нэг бодлого хэрэгжүүлж байна гэж үзэхээс аргагүй.
Монгол Газын зурвас болж хувирлаа
Уг нь “БНХАУ-ын хөршүүд Газын зурвас болж байна” гэж гарчиглаж болно л доо. Гэхдээ 14 улс дотроо манайх шиг 100 хувь шахам хамааралтай нь ховор юм. Газын зурвас бол 360 км2 газар нутагтай, гурван сая хүн амтай. Египет, Израиль гэсэн хоёр улстай хиллэдэг гэх боловч Египетийн талаас өндөр цементэн ханаар тусгаарлагдсан тул гадаад худалдаа нь Израилиас бүрэн хамааралтай байдаг. Манайх БНХАУаас хамаардагтай бараг ойролцоо болов уу. Энэ хязгаарлагдмал бүс рүү бараа таваар зөвхөн Израилийн хилээр дамжиж орох бөгөөд юу оруулахаа Израилийн тал шийддэг. Үгэнд нь орохгүй бол хаана, бооно. Арваад жилийн өмнө, “Эрх чөлөөний флотиль” хөлөг онгоцтой холбоотой дуулиан дэгдэж байх үеэр хувцас оруулахыг хориглож, Газагийн палестинчуудыг нүцгэлэх шахсныг санаж байна. Манайх яг ижилхэн нөхцөл байдалд байгаа учраас л Монголыг Газын зурвас болсонтой адилд тооцов. Вьетнам, Тайланд гэхэд гадаад худалдаа нь Хятадаас 19, 20 орчим хувийн л хамааралтай, цаашдаа “Хятад бүтэхгүй юм байна” гэж бодвол замаа бодоод, мөрөө хөөгөөд явах боломжтой улс харагдана.
Бидэнд ямар сонголт байна вэ?
Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хийсэн ээлжит мэдээллийн үеэр цар тахал эндемик буюу тархалт нэг улсаар хязгаарлах хэмжээнд очиж байгаа гэж ярьсан (Халдварт өвчний тархалтыг хамрах хүрээгээр нь эндеми буюу тодорхой нэг үндэстэн, улс орныг хамарсан, эпидеми буюу бүс нутгийн улс орон, хүн амыг хамарсан, пандеми буюу олон тивд тархсан гэж ангилдаг). Энэ бол мэдээжээр сайхан мэдээ. Цар тахлыг үүсгэгч вирус мутацилагдсан хэвээр ч халдварлах чадвар нь нэмэгдэхээс хоруу чанарын хувьд буурч байгаа нь тодорхой болсон. Европ дахь хамгийн том голомт болох Их Британи хорио цээрийн бүх дэглэмээ цуцалсан нь үүний жишээ. Японы нэг эрдэмтэн энэ бүхнээс үндэслээд “Коронавирус өөрийгөө устгаж эхэлсэн, омикрон бол сүүлийн мутац” гэсэн дүгнэлтийг ч хийсэн байсан. Гэхдээ тархалтын хэмжээ эндеми буюу нэг улс, ард түмнээр хязгаарлагдах болсноор тухайн улсдаа маш том эрсдэл дуудаж байгааг БНХАУ-ын хэрэгжүүлж байгаа бодлогоос сануулах ёстой. Вакцинжуулалтад иргэдээ хамруулж чадаагүй, эрүүл мэндийн тогтолцоо сул хөгжсөн улс орнууд цар тахлын голомт болж, бусдаасаа тусгаарлагдан зовж зүдрэх нь бараг л ойлгомжтой болчихлоо. Тэдгээр улс хөршүүд нь хилээ хаасны улмаас тусгаарлагдан, эзгүй далай дахь өнчин арал мэт болох эрсдэл байгаа бөгөөд улмаар дээрх нөхцөл байдлын улмаас бүр ч их хохирол амсана гэж таамаглахад төдий их ухаан хэрэггүй юм. Өөрөөр хэлбэл, цар тахал нь том, хүчирхэг гүрнүүдэд нөлөөгөө бэхжүүлэх, ашиг сонирхлоо бусдадаа тулган хүлээлгэх боломжийг олгочихож. Бид своп хэлцлээр авч байгаа юанийн зээл гэх мэтээр нээнтэг байсаар байтал дахиад нэг нээнтэг нэмэгдчихсэн. Бид энэ байдлаас нэг бол цар тахлыг ялж гарна, нөгөө бол өөрсдөө үйлдвэрлэгч болж байж гарна. Өөр зам байхгүй.