Зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжав “Цаг хугацаагаар аялагч хангарьд” номыг уншигчдын гар дээр тавьлаа. Түүний шинэхэн бүтээлийг товчоор тодорхойлвол түүхэнд мөрөө үлдээсэн суутнуудыг сэтгүүл зүйн ярилцлагын хэлбэрээр “амилуулсан” бүтээл юм. Суут нууцуудыг ярилцлагаар “тайлах” санаа оюутан байх үед нь төрсөн бөгөөд Д.Дамдинжав “Би энэ бүтээлийн ард гарах гэж 15 жил бодож, төлөвлөж, сүүлийн гурван жил нам сууж, хамаг сэтгэл зүрх, оюунаа өгчээ. Үнэнийг хэлэхэд, энэ л бүтээлийг гаргахын тулд өнгөрсөн хугацаанд олон боломж, олон ажлын санал, өөр зөндөө л зүйлийг зольсон. До.Цэнджав багш маань энэ номыг гаргахад хамгийн том зоригжуулагч. Санаа төдий байх үеэс л "Чи л чадна" хэмээн урамшуулж, бас нэмээд "Муу бичих эрхгүй шүү, чи. Наад зүйлээ хэрвээ чи муу хийвэл ганц чиний алдаа биш, маш том алдас болно" гэж айхтар сануулан ташуур, цулбуур хоёрыг хамт атгуулсан. Тэнэг шавийнхаа тэнэгдүү зоригийг үл мохоосон багшдаа машид талархаж буйгаа илэрхийлье” хэмээсэн юм.
Д.Дамдинжав нэг түүхэн хүнтэй “ярилцахын” тулд 13-20 гаруй ном уншиж, судалгаа хийн философи, үзэл бодлыг амьдруулсан. “Муу хийх эрхгүй. Алдас болно шүү” гэсэн багшийнхаа сануулгыг авсан тэр номынхоо түүхийн баримт, судалгаа тал дээр Д.Өлзийбаатар, сэтгүүл зүйн хэлбэр агуулга тал дээр До.Цэнджав, утга зохиолын хийц, найруулга, үг хэллэг тал дээр ардын уран зохиолч Т.Галсангийн зөвлөгөө, шүүлтийг авч энэхүү номоо бүтээжээ.
До.Цэнджав: Уншиж дуусаад түүнийг үнэхээр ид шид бүтээснийг хүлээн зөвшөөрөх болно

“Суу билгийн алдар суут нууц” номын зөвлөх, сэтгүүл зүйн ухааны доктор, профессор, зохиолч До.Цэнджав “Суу билгийн судар суут нууц” номын талаар хэлэхдээ “Хэдэн зууны өмнө амьдарч байсан суутнуудыг амьдаар нь босгож ирсэн нь одоогоор алга. Гэвч цаглашгүй оюун ухаанаар, авьяас билгийн мэлмийгээр, үгийн ид шидээр босгож ирээд нүүр нүүрээ харан, тохойн чинээ зайд суугаад ярилцаж болдгийг Монголын сэтгүүлзүйд маш өвөрмөц содон, бүр зөнч ч гэмээр нэгэн сэтгүүлч Дамдинсүрэнгийн Дамдинжав надад үнэмшүүлж байна. Д.Дамдинжав чимээгүйхэн даруу юм шиг атлаа адармаатай л даа, юу ч сэдэж хийж мэдэх ер бусын авьяастан гэдгийг анхны жилийн оюутан үеэс нь анзаарч мэдэрсэн. Гэхдээ арай ч үүнийг бол төсөөлөөгүй ээ. Үнэндээ юу хийчихэв ээ. Энэ номыг бүрэн уншиж дуусахаасаа өмнө хэн ч түүний бүтээсэн ид шидийг бүрэн ойлгож чадахгүй. Харин бүрэн уншиж дуусаад, та түүнийг үнэхээр л ид шид бүтээснийг хүлээн зөвшөөрөх болно. Д.Дамдинжав өнгөрсөн хугацаанд улам ч цар хүрээгээ тэлж, улам ч бяр тэнхээгээ гаргаж, улам ч их уншиж, улам их сэхээрч, тархи бодол санаа нь биендээ багтаж ядаж, гэгээрэн оюунжиж байгаагаа харуулж эрхэм уншигч таны өмнө энэ аварга царс мэт түүхэн бүтээлээ барьж байна” хэмээсэн юм.
Д.Өлзийбаатар: Энэ цагийн “суут бүтээл” мөн

“Суу билгийн алдар суут нууц” номын зөвлөх, түүхийн ухааны доктор, Төрийн шагналт Д.Өлзийбаатар “Би Д.Дамдинжавын номын эхний ботид орсон арван түүхэн зүтгэлтний хойч үеийнхэнтэйгээ хийсэн эчнээ ярилцлагыг үзээд залуу зохиолчийн сэтгэлгээний цар хүрээ, асуудлыг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх гайхалтай чадвар, тухайн цаг үеийн улс орны түүхэн цаг үеийн бодит байдлыг мэдэрсэн нарийн мэдрэмж, ерөнхий түүхийн өргөн мэдлэгийг нь өөрийн эрхгүй бахдан бахархсанаа энд ямар ч хоёрдмол санаагүй, хуурмаг үггүй илэрхийлж байна. Түүний энэ бүтээлээс түүхийн философийн судалгааны аргууд ажиглагдах бөгөөд тухайн түүхэн цаг үед амьдарч байсан хүний үзэл бодол, сэтгэл хөдлөл, үйл ажиллагааны чиг хандлагыг тэр онцлог торгон агшинд нь хүүрнэн ярилцаж эдүгээ цагийн түмэн олонд хүргэсэн нь нэн сонирхолтой. Дамдинжав сүнстэй биш, амьд хүмүүстэй яг цаг үед нь өөрөө зочлон очиж энгүүн сайхан хөөрөлдөж. Нэг үгээр хэлбэл цаг хугацаагаар аялагч цагаан хангарьдын дүрээр Аригбөхтэй таарч, Хубилайтай хуучилж, Данзанг тайтгаруулж, Бямбын Ринченгийн бухимдлыг дундлаж, Богдын лүндэнг сонсож, Галдангийн гансралыг ойлгож яваад ирж. Бивээр түүний гар бичмэлийг уншихдаа түүхэн бодот байдалд эс нийцсэн болон зөрчилдсөн зүйл буй эсэхийг л харах үүрэг хүлээсэн. Гэтэл энэ хүрээнээс халин гарч та бүхний уншиж буй эдгээр үгсийг хэлхэн суухад хүрэв. Түүх гуйвуулсан зүйл эрж хайх биш, би өөрөө тэдгээр хүмүүсийн амьдрал үйл ажиллагаанд нуугдан хоцорсон ээдрээ, зөрчилт байдлын зарим тайллыг ойлгох шиг болж тэдний ярианд уусан нэгдэхэд хүрсэн мэдрэмж надад төрөв. Энэ бол зохиолчийн зөвхөн ур чадвар төдийгүй түүний мэдлэгийн цар хүрээ, сэдвийг судласан байдал, баримт хэрэглэгдэхүүнүүдэд хийсэн дүн шинжилгээ, тухайн цаг үеийн талаархи гүн гүнзгий мэдлэг хавсран нийлсний илрэл болов уу. Тэрбээр номоо сэтгэлийн хөөрлөөр биш, шинжлэх ухаанч аргаар бүтээжээ. Үүнд л энэ бүтээлийн үнэ цэн оршин байна.
Д.Сумъяабазар: Энэ бүтээл бол зоригтой, мэдлэгтэй, мэдрэмжтэй хүний хийх ажил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Суу билгийн суут нууц” номыг ивээн тэтгэсэн бөгөөд тэрбээр номын нээлтэд ирж үг хэлэв. Спортоор яваагүй бол эргэлзэлгүй түүхч болон байсан хэмээх хотын дарга уг бүтээлийн талаар “Өнгөрсөн цаг хугацаанд болсон түүхийн асуудлыг ярилцлагаар гаргаж ирэх гэж буй нь сонин санагдаж байсан. Гэхдээ би үүнийг эргэлзэлгүй дэмжих ёстой гэдгээ л ойлгосон. Түүхэн суутнуудыг ингэж амилуулах нь зориг зүрх гаргаж байгаа хэрэг юм. Энэ бол зоригтой, мэдлэгтэй, мэдрэмжтэй хүний хийх ажил. Маш их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулж байж энэ ном бий болсон гэж боддог” хэмээн өгүүлсэн юм.
Дараагийн ботиудад хэнтэй “ярилцах” вэ
“Суу билгийн суут нууц: Цаг хугацаагаар аялагч хангарьд” тэргүүн ботид Аригбөх, Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт хаан, Манлай баатар Ж.Дамдинсүрэн, Богд Хаан, Ю.Цэдэнбал, Солийн Данзан, Б.Ринчен, Р.Чойном зэрэг хүмүүсийг багтаажээ. Харин удахгүй хэвлэгдэх “Нууцын авдарт архирах улаан арслан” хоёрдугаар боть, Хубилай сэцэн хаан, Хорлоогийн Чойбалсан, Ноён хутагт Данзанравжаа, Чин ван Ханддорж, Очирбатын Дашбалбар, Модун Шаньюй, Санжаасүрэнгийн Зориг, Пэлжидийн Гэндэн, Дилав хутагт Жамсранжав нар багтсан бол “Хөлгөн их түүхийн оньс тайлагч хөх чоно” гуравдугаар ботид Чингис хаан, Жамуха сэцэн, Сорхугтани бэхи хатан, Догсомын Бодоо, Тогоонтөмөр хаан, Дашдоржийн Нацагдорж, Шударга баатар Бавуужав, Цэндийн Дамдинсүрэн, Лодонгийн Түдэв нар багтжээ.

















