“Рио-2016” олимпийн эрх олгох хүндийг өргөлтийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг-д өрсөлдсөн “Алдар” спорт хороо, "Ёкохома" компанийн тамирчин, ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг аваргалж, Узбекистаны тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ. Огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөн, түрүүлсэн тэрээр ийнхүү тус тэмцээнд аваргалсан Монголын анхны эмэгтэй туйванч болов.

Өдгөө 18-хан настай тэрээр ДАШТ-д 2014 онд анх удаа оролцон огцомоор 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарахдаа Монголын хүндийг өргөлтийн амьд домог, гавьяат тамирчин Н.Баярмаагийн эзэмшиж байсан огцом өргөлтийн амжилтыг эвдэн, улсын рекордыг шинэчилж байлаа. Мөн тус тэмцээний дараа гарсан чансаагаар дэлхийн чансааг залуучуудад тэргүүлж, өсвөр үед аман хүзүүдэж, насанд хүрэгчдэд VI байрт бичигдсэн юм.

Харин өнгөрсөн жилийн ДАШТ-д хүч үзэхдээ огцомоор 110, түлхэлттэй өргөлтөөр 133 кг шахаж, VIII байрт шалгарсан билээ. Хэрвээ огцом өргөлтийн хоёр юм уу гурав дахь оролдлогоороо 116 кг өргөсөн бол баараггүй мөнгөн медаль авах байсан юм. Харамсалтай нь, тэрээр өргөж чадаагүй ч түүхэн амжилтын эзэн болсон. Өмнө нь манай тамирчдаас хэн ч ДАШТ-д арваас дотогш байрт шалгарч, медалийн төлөө өрсөлдөж байгаагүй билээ. Тэрээр өнгөрсөн жилийн УАШТ-д түрүүлэхдээ огцомоор 116 кг өргөсөн. Мөн бэлтгэлийн дээр огцомоор 120, түлхэлттэй өргөлтөөр 148 кг өргөж байлаа. Түүнийгээ давтсан бол тасархай түрүүлж, УАШТ-ий амжилтаа давтсан бол мөнгөн медаль авах байсан юм.

Гаргасан амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд өнгөрсөн жил оролцохдоо огцомоор 112 кг өргөж, IV байрт шалгарсан. Шилдэг наймын өрсөлдөөнд анх удаа хүч сорьсон нь тэр.

Хүндийг өргөлтийн спортоор найм дахь жилдээ хичээллэж буй тэрээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын Монгол Улсын рекордыг 63 удаа шинэчлээд буй. М.Анхцэцэг 2009 онд спортын дэд мастер, дараа жил нь спортын мастер, 13-хан настайдаа буюу 2011 онд ОУХМ цолны болзол хангасан юм. Өнгөрсөн жилийн ДАШТ-ий дараа түүний амжилтын нууцын талаар Ц.Хосбаяр дасгалжуулагчаас асуухад “Анхааг хоёр үгээр “Бурхны бүтээл” гэж хэлнэ. Үнэхээр зөв бодолтой хүүхэд. Бэлтгэлийг чин сэтгэлээсээ хийдэг. 10 хий гэвэл хамгийн багадаа 11 удаа гүйцэтгэдэг” гэсэн юм. Өнөө цагийн Монголын хүндийг өргөлтийн спортын шилдэг тамирчдын нэг М.Анхцэцэгтэй цахим хаягаар нь холбогдон цөөн хором ярилцсанаа уншигчдадаа сонирхуулъя.

-Юуны өмнө Азийн АШТ-д аваргалсан Монголын анхны эмэгтэй туйванч болсонд баяр хүргэе. Олимпийн эрх олгох тэмцээн тул улс бүр шилдгүүдээ илгээсэн нь мэдээж. Түрүүлнэ гэдэгтээ хэр их итгэлтэй байсан бэ?

-Баярлалаа. Бүгдээрээ олимпийн эрх авах зорилготой оролцож байгаа болохоор өрсөлдөөн үнэхээр ширүүн өрнөлөө. Сэтгэлзүй тогтвортой, бэлтгэл сайтай байсан болохоор түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Энэ дашрамд намайг үргэлж дэмждэг ЭМСЯ, МҮОХ, МХӨХ-ны удирдлагууд, “Алдар” спорт хороо, “Ёкохома”, “Сувинер хаус”, “Үнэн анд”, “Есүүдийн Батууд”, “Монгол жонш”, “Солонго орд”, “Хүннү Эйр”, үндэсний шигшээ багийн хамт олон болон хүндийг өргөлтийн спортыг сонирхдог, дэмждэг бүх хүнд баярлаж явдгаа илэрхийлье.

-Төрийн дуулал эгшиглэж, шагналын тавцанд зогсож байхад юу бодогдож байв?

-Их сайхан юм билээ. Шагналыг маань манай холбооны ерөнхий нарийн бичгийн дараа Ч.Даваадорж ах гардуулж өгсөнд бүр их бэлэгшээж, баярлаж байна.

-Тэмцээний өмнө багш нар нь юу гэж  захиж, зөвлөсөн бэ?

Ц.Хосбаяр, Чинзориг, Чулуунпүрэв, Цэрэнням багш нарынхаа заавар, зөвлөгөөг дагаж, уйгагүй бэлтгэл хийснийхээ үр шимээр энэ амжилтад хүрлээ.

-75 кг-д нутаг нэгт Б.Энхтамиртай хамт өрсөлдсөн болохоор бие биедээ нөмөр нөөлөгтэй, ханьтай байсан болов уу?

-Нэг нэгнийхээ оролтыг харж чадахгүй, алдчих вий дээ гэж санаа зовоод нэлээн хэцүү байсан.

-Энэ тэмцээн багаараа эмэгтэйчүүд VI байрт шалгарвал олимпийн нэг эрх олгоно. Та бүхэнд олимпийн эрх авах боломж байгаа нь мэдээж.

-Тэгэлгүй яах вэ. Өнөөдөр манай нэг тамирчин өрсөлдөж байна. Түүний тэмцээн өндөрлөсний дараа багийн нэгдсэн дүн гарна. Олимпийн эрх авчих байх гэж их найдаж байна.

-Хэзээ эх орондоо ирэх вэ?

-Өнөө орой 23.30 минутад эх орондоо очно.

-Ярилцсанд баярлалаа. Сайн яваад ирээрэй.

-Баярлалаа.