Түм түжгэнэж, бум бужигнасан улсын нийслэл Улаанбаатар хотод нийгмийн сүлжээнд ордоггүй насанд хүрсэн хүн гэж бараг үгүй. Зарим нь хэд хэдэн сүлжээний платформтой. Тэгвэл энэхүү платформд элдэв янзын бичлэг бий. Үүний нэгээхэн хэсэг нь цэцэрлэгт хүрээлэн, машины зогсоол, нийтийн гудамж талбайд шээж буй хүмүүсийн бичлэг, зураг. Сэтгэгдэл хэсэгт  “Яасан заваан юм бэ”, “Өөр газар очиж шээгээсэй”, “00 орооч ээ” гэсэн нь дийлэнх. Энэ нь ч зөв. Учир нь, нийтийн гудамж талбайд шээж болохгүй гэдгийг цэцэрлэгийн насны хүүхдүүд ч мэднэ. Энэ үйлдэл нь ёс суртахуунгүйгээс гадна иргэдэд садар самуун сурталчлах үйлдэл болдог. Иймээс олон нийтийн газар бие засахыг хуулиар хориглосон. Зөрчлийн тухай хуулийн 7.1.1-т “Олон нийтийн газар, авто зам, гудамж талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тусгасан байдаг.

Нөгөө талаар өвөл хөлдсөн шээс хавар болоход гэсч агаар мандалд олон тооны халдварт өвчин үүсгэх бактери болдог. Бусдын өвчний суурь болохоо ухамсарлаад  бие засах хэрэгцээгээ тэвчлээ гэж бодоход бидний биед юу тохиолдох бол. Өрөөлийн мэндийг бодсон шагналынхаа хариуд бид юу хожих бол. Энэ талаар анагаах ухааны доктор, профессор тэргүүлэх зэргийн эмч Г.Ганхуягаас тодрууллаа.

Хүний шээс бөөр буюу дээд замаар шүүгдэж, дунд зам болох давсганд хуримтлагдаж, доод зам буюу шээсний сүвээр гадагшилдаг. Давсганд нэг удаа 250-300 мл шээс хуримтлагддаг. Хуримтлагдсаны дараа мэдрэлээр дамжин тархинд бие засах дохио өгдөг. Харин дохио өгсний дараа гадагшлуулж чадахгүй байвал давсагны салстаар буцаж хортой бодисууд шимэгдэх магадлал маш өндөр. Өөрөөр хэлбэл, дунд замаар буцаж дээд замд буюу бөөрөнд хортой бодис шимэгдэх магадлал өндөр. Ингэснээр бөөрний үрэвсэл үүсдэг. Мөн мэдрэлийн гаралтай, үрэвслийн гаралтай өвчнүүд үүсдэг. Мэдрэлийн гаралтай өвчин нь юу вэ гэвэл шээс дамжуулах дохиогоо тархинд өгч амжихгүйн шууд гадагшлах, эсвэл шээсээ урт хугацаанд тэвчиж чаддаггүй юм. Үүнийг шээс задгайрах өвчин гэж нэрлэдэг. Харин давсганд 500 мл-ээс дээш шээс хуримтлагдвал давсагны хана сулрах эрсдэлтэй. Зарим тохиолдолд давсганд шээс үлдэх, дутуу шээх явдал гардаг. Ингэснээр бактери нян өсөж үржих аюултай. Улмаар уретрит, уретрын нарийсал үүсэх магадлал өндөр.

Бие махбодийн хэвийн үйл ажиллагаатай хүн өдөрт зургаан удаа шээдэг. Харин үүнээс бага шээвэл таны биемахбодийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэсэн үг.

Шээсээ удаан барьснаар давсагны үрэвсэл, бөөр шээсний замын халдвар, давсагны үрэвсэл, сүвний үрэвсэл, бага аарцагны хөндийн эрхтний сулрал, эмэгтэйчүүдийн өвчин, улмаар бөөр шээсний замын үжил үүсэх магадлал өндөр байдаг.

2011-2020 онд шээс, бэлгийн тогтолцооны өвчнөөр өвчилсөн хүний тоо эрчимтэй өссөн байна. Давсагны үрэвсэл, бөөр шээсний замын халдвар өвчин огцом нэмэгдсэн нь үүнд  голлон нөлөөлжээ. Эдгээр өвчнийг дөрвөн бүс тус бүрээр гаргахад баруун бүсэд 10 000 хүн тутамд 1162, зүүн бүсэд 829, хангайн бүсэд 1120, төвийн бүсэд 984 гарсан. Харин Улаанбаатар хотод 1120 хүн өвчилжээ. Энэ нь хангайн бүсийн өвчлөлтэй тэнцүү юм. Улаанбаатар хотод энэхүү өвчин нэмэгдэхэд олон шалтгаан бий ч замын түгжрэлд шээсээ удаан барих нь өвчлөлд тодорхой нөлөө үзүүлж байгааг эмч нар үгүйсгээгүй юм.

2012 онд нийслэлд 367.814 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байжээ. Тэгвэл 2020 онд 615.622 болж нэмэгдсэн байна. Найман жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо бараг хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Гэтэл хотын авто замын нийт урт 2010 онд 954.4 км байсан бол 2020 онд 1135.7 км болж нэмэгджээ. 10 жилийн хугацаанд ердөө 181.3 км-ээр нэмэгдсэнийг харуулж байна. Харин Нийслэлийн оршин суугчид өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна гэсэн судалгаа бий. Замын түгжрэлд зогсохдоо биологийн хэрэгцээгээ хангах буюу бие засах шаардлагатай болдог. Энэ үед хэрхэн ашиггүй бодисоо гадагшлуулдаг вэ. Нисэх, Яармагт амьдарч буй иргэд хамгийн олон цагийг түгжрэлд өнгөрүүлдэг болсон. Тэдний төлөөлөл нэгэн иргэн “Манай гэр Яармагт байдаг. Харин ажил маань Улаанбаатар их дэлгүүрийн хажууд. Би өглөө 06.00 цагт гэрээсээ гардаг. Харин ажил дээр 07.00 цаг өнгөрөөгөөд ирдэг. Оргил түгжрэлийн үеэр гурван цаг явдаг. Замд явж байхад бие засах зайлшгүй шаардлага гарвал цайны газар, караоке гэх мэт үйлчилгээний газар машинаа зогсоож  бие засдаг. Заримдаа шээс хүрсэн тохиолдолд ажилдаа ирэх хүртэл тэвчдэг. Өөр сонголт байхгүй шүү дээ” гэсэн юм.

2020 оны байдлаар нийслэлд нийтийн бие засах 21 газар бий гэсэн тооцоо гарчээ. 63744 иргэнд нэг нийтийн бие засах газар оногдож байсан гэсэн үг. Замын түгжрэлээ мөддөө арилгаж чадахгүй учраас нийтийн бие засах газрынхаа тоог нэмж иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарахаас өөр арга алга.