Хүмүүжиж, хөгжих насан дээрээ дөрвөн хананы дунд “түгжигдэж”, яслийн бараа харалгүй торниж буй 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах сураг дуулдав. Энэ насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хувьд магнай тэнийж, машид баярлах чухал мэдээлэл. Гэхдээ шийдвэр гарсан ч сугалаанд тэнцээгүй сугарч хоцорсон багачууд хүлээж авах цэцэрлэггүй, хөөрхийлөлтэй байдалд ороод байна.
Юун түрүүнд үйл явдлыг цаг хугацааны дарааллаар нь тайлбарлая.
Хоёр жил гаруй хугацаанд цахимаар сурч, хүмүүжсэн хүүхдүүд энэ намраас сургууль, цэцэрлэгтээ явж эхлэв. Гэвч халдварын улмаас 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэг хүлээж авахгүй болохыг БШУЯ-наас мэдэгдсэн. Ийнхүү хагас жил “чимээ чагнаж” байсан энэ насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд сая нэг чихэнд чимэгтэй мэдээ дуулдлаа. Өнгөрсөн даваа гарагт БШУЯ-наас хэвлэлийн хурал зарлаж, энэ сарын 14-нөөс гурван настнуудыг цэцэрлэгт хамруулна гэж мэдээлсэн юм. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Энэ сарын 14-нөөс 2,3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Улсын хэмжээнд гурван настай 76763 мянган хүүхэд бий. Үүний 60 хувийг л цэцэрлэгт хамруулах боломжтой. Гурван настай хүүхдүүдийн 60 хувийг, дөрвөн настнуудын 80 хувийг, таван настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар таван настай хүүхдүүдийн 91,3 хувь нь цэцэрлэгт хамрагдсан байна. Дөрвөн настай хүүхдүүдийн 86 хувь нь цэцэрлэгт явж байгаа. Зарим цэцэрлэгт хүчин чадал хүрэлцээгүй байгаа. Тиймээс төрийн бус өмчийн цэцэрлэгт хамруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа” гэв.
Гэвч хонх дуугарахаар дамар нь таг гэгчээр салбар яам нь 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар шийдвэрлэсэн ч цэцэрлэгүүд энэ насны хүүхэд хүлээж авах хүчин чадалгүй байгаагаа учирлаж, эцэг, эхчүүд хувийн цэцэрлэгийн эрэлд гараад байна. Учир нь өнгөрсөн намар 2,3 настай хүүхдүүдийг авахгүй гэх шалтгаанаар цэцэрлэгүүд 4,5 настай хүүхдүүдийг хязгаар, хориггүй бүртгэсэн аж. Үүний балгаар одоо гурван настнуудыг багтааж, шингээх боломжгүй болжээ.
Энэ талаар Нийслэлийн 255 дугаар цэцэрлэгийн эрхлэгч мэдээлэл өглөө. Тэрээр “Манай цэцэрлэг шинээр элсэлт авахгүй. Одоогоор яамнаас тэг, ингэ гэсэн албан ёсны чиглэл өгөөгүй байна. Ямартай ч бид 2019 онд сугалаанд тэнцсэн хүүхдүүдээ л бүртгэж байгаа. Шинээр элсэлт авах ямар ч боломжгүй. Энэ намар цэцэрлэгт явах хүсэлтэй 4, 5 настай хүүхдүүдээ бүгдийг нь бүртгэсэн. Одоо тэднийг буцаах боломжгүй шүү дээ. Манай цэцэрлэг гурван настнуудаа хүлээж авахаар хоёр бүлэг гаргаж байгаа. Үүний тулд дунд, том ангийнхаа хүүхдүүдийг 30, 30-аар нь хувааж байна. Эцэг, эхчүүд цэцэрлэгийн үүд амраахгүй л байна. Тэглээ гээд үнэхээр боломжгүй үнэхээр алга” гэсэн юм.
Сугалаанд оролцож чадаагүй болон тэнцээгүй хүүхдүүдийг шинээр бүртгэх эсэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Бүртгэлийн тухайд, хоёр настайдаа бүртгүүлсэн хүүхдүүд тухайн цэцэрлэгтээ хамрагдана. Хоёр насандаа бүртгэлээс гадуур үлдсэн хүүхдүүдийг шинээр бүртгэнэ. Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 1400 гаруй цэцэрлэг бий. Эдгээрийн 100 гаруй нь л 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулдаггүй. Тиймээс заавал төрийн өмчийн гэлгүй хувийн цэцэрлэгүүдэд энэ насны хүүхдүүдийг хамруулах шийдэл байна" гэж мэдээлсэн юм. Гэвч бүртгэлийг ямар зарчмаар хэрхэн явуулахыг цэцэрлэгийн удирдлагууд ч мэдээгүй байна.
Төрийн өмчийн цэцэрлэгт бүртгүүлж чадахгүй бол хувийн цэцэрлэгт явуулах боломж бий гэж холбогдох албаныхан мэдээлээд буй. Гэвч энэ сургаар хувийн цэцэрлэгийн бага бүлгийн үнэ “тэнгэрт хаджээ”. Бид нэр бүхий хэд хэдэн хувийн цэцэрлэгтэй холбогдож, үнэ ханшийг нь асуухад дунджаар бага бүлэг сарын 400-750 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Харин дунд, ахлах бүлгийн төлбөр 100-150 мянган төгрөгөөр хямд байсан юм.
Хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсан ч зохион байгуулалт сул байгаад бухимдсан эцэг эхчүүд бидэнд мэдээлэл өгсөн юм. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэд Б.Цэгц-Үжин “Манай хүү 2018 оны нэгдүгээр сард төрсөн. Одоо дөрвөн нас, нэг сартай. Өнгөрсөн намар цэцэрлэгт өгөх бодолтой байсан ч 10 дугаар сар хүртэл хүлээж авахгүй гэж байсан. Гэтэл 10 дугаар сард мөн л эрсдэлийн үнэлгээ хийж байна гэх нэрээр хүүхдүүдийг аваагүй. Сүүлдээ он гаргаад авна гэж мэдэгдсэн. Энэ бүхэнд нь төрийн шийдвэр гээд хүлцэнгүй, хүлээцтэй хандсан. Гэтэл одоо гурван настай хүүхдүүдийн 60 хувийг л цэцэрлэгт авна. Тэдний олонхыг хувийн цэцэрлэгт хамруулна гэж мэдээлж байх юм. Би харьяа цэцэрлэгийнхээ үүдээр хоёр өдөр эргэлдээ. Сугалаанд тэнцээгүй бол шинээр хүүхэд элсүүлэхгүй гээд халгаахгүй байна. Хэл ам хийгээд байхаар нөөцөд бүртгэнэ гэх үгээр л сэтгэл хуурч байна. Бага насны хүүхэдтэй болохоор ажил хийх боломж алга. Өнгөрсөн хугацаанд энэ насны хүүхдүүдийг цэцэрлэгт авах бэлтгэл хийгээгүй байгаад гайхаж байна” гэсэн юм.
Үнэхээр ч өнгөрсөн намар л салбар яамнаас "2-3 настнуудыг цэцэрлэгт авах тусгай төлөвлөгөөг 10 дугаар сарын эхээр танилцуулна" гэж мэдээлж байсан. Гэтэл өнөө хэрнээ хэрхэн бүртгэж, яаж зохицуулахаа шийдэж чадаагүй байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм.