2022: Үхэр хөтөлсөн хүний шинж

Энэ жил нэг хөх няц болсон нүүртэй залуу гарч ирсэн байна. Үхэр нь ч бас хөх царайтай л байна л даа, гэхдээ тэр одоо яасан ч гэж хөхөрдийн. Зүгээр л байжээдэг амьтан биз дээ? Мах нь кг нь арван хоёр гуравтай байна лээ гадуур.

За эхлээд үхрээ шинжие

Сүүл нь шар байна. Хуучин засуулцан эр үхрийг л шар гэдэг байсан, одоо ч сүүлий нь хүртэл шар гэдэг болж дээ. Сүүлээ наашаа шарвахад хүнийхээ нүдийг сох шавхуурдахаар байна даа. Эвэр нь бас шар байна. Юу вэ чих нь бас. Чих нь арай ч улбар шардуу юм уу. Яасан ч олон детальтайн.

Толгой дээр нь улаан чолк байх аж. Хальт харвал цэнхэрийн дээр улаан гэхээр улстөрийн өнгө аяс сэвэлзэж МАН нь АН-аа дарлаж байгааг харуулжээ. Мөн цэнхэр толгойг нь цэнхэр уяагаар багласныг харвал О.Цогтгэрэлийн АН байж таарна. Амнаас цухуйгаад байгаа “улаан” хэл С.Эрдэнэ гуай мөн юм шиг харагдаад байхын. За тэр хамрын улаан ч яахав нэлээн шаадаг байрын л үхэр гэдгийг харуулж байгаа байх мэдэхгүй. Угаасаа ногоортлоо л ууж. Биений ногоон байгаагийн учир тэр шүү дээ хүүхдүүд минь.

Харин тэр хөл нь яагаад цэнхэр туяа татаад, туурай нь цэнхэр байгаам бол? Эсвэл энэ компьютрийн дэлгэц эвдэрчив үү. Хэрэв үнэхээр хөл нь цэнхэр бол салаа туурайтай юм чинь найман аймагт АН ялсныг харуулж байгаа шүү гэж солиорохоос. Үгүй бол маргааш компьютэр ланд л ордог байх даа. 

Үхрийн гэдэс цагаан байгаа нь зураач хайнга байгааг илэрхйилнэ. Би ч гэсэн багадаа иймэрхүү газруудыг будахаа мартаад үлдээчдэг байсан. 

Дараа нь хүнээ шинжлээ

Энэ хүн бол чааваас эрээн дээр бараа нь гацаж, дөрвөн тун шаалгаж, тэгсэн ч гэсэн дэльта, омикрон гусаж, хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчөөс нэг хөдөлмөрийн хүндэт авсан... гэх мэтээр глобал юм бодож байсан ч нэг л танил харагдаад болдгүй. Тэгсэн гэнэт дээл нь шар, урт байхыг хармагцаа, тиймээ энэ чинь Н.Энхбаяр гуай байна шүү дээ гэж дуу алдав.Гэхдээ одоо хүү нь УИХГ болчоод байхад хөл нүцгэн арай ч дээ гэж бодсон ч гэсэн, “нээрээ тэрээр сэтгэгдэл төрүүлэхдээ гарамгай шүү дээ” гэсэн бодол орж ирснээр би толинд харан дуугүй л жуумалзан толгой дохив.

За за ингээ солиороод дуу алдаж бариад, толь мольтой яриад байжээдэг гэж бодоогүй биз дээ зүгээр уянгын халил оруулж үзсэн юм. Олигтой орох ч гүй байна угаасаа. Тэгээд ч энэ Энхбаяр гуай биш, лизингийн хүүндээ сөхөрсөн хөл нүцгэн биднийг л дүрсэлсэн байх. Тэгээд хүүгээ төлж чадахгүй болоод банкныханд зодуулаад хөх няц болсон. Харьцуулахад, тэр үхэр нь хөгжлийн банк идсэн дүртэй. Тарган агаад цатгалан. Наад хүн нь чааваас нэг ташуур атгамар болж, цаадах нь жишимгүй, ууртай алхаж байгаа харагдана. 

Бусад юмс

Тэнгэр дээр нь нэг улаан нэг, мөн нэжгээд цагаан цэг байна. Улаан цэг нь Улаанбаатар хот, цагаан цэг нь Цагаанбаатар аварга гээд солиороод байхгүй юу. Тэр хоёр чинь цэг мэг биш нар сар хоёр юм бишүү дээ. Уг нь тодорхой зурвал нар чинь цацрагтай. Сар чинь ч баснэг амтай, эрүү мэрүүтэй байдаг биз дээ. Мишээл Амазонкагийнхан л зурсан юм шиг байгаан. 

Засгийн үхэр дээр засвар хийсэн

Засгаас өгсөн үхрийн зураг дээр ганц нэг юм яалт ч гүй дутдаг болохоор хувиараа нэмцэн шүү зурсан хүн нь уучлаарай. Энийг хэн зурдым бэ ер нь. 

Хөл нүцгэн эр маань сугандаа нэгэн том боов гавчуулжээ. Хэн нэгэн гишүүн өгсөн бололтой. Гишүүн нь ууртай байсан тул дуурайлгаж хөмсгийг нь зангидуулчлаа. 

Тэгээд ийм худлаа ногоон бамбалзуур дээр биш Сүхбаатарынхаа талбайг зорих хөлдүүс хүйтэн дам дээрээ алхаж явах ёстой гэж үзлээ. Хуйсгануур салхийг сөрөн хөл нүцгэн монгол эр зам хөндлөн гарч явна. Энгэрт нь улсынхаа нэрийг дурайлгав. 

“Буян үйлдэгч” усан бар жил ийнхүү гарах нь ээ. Хөгжлийн банкныхныг харахад “Баян үйлдэгч” гэх гээд алдсан байлгүй дээ гэж хөл нүцгэн эр бодож байна. “Сайжруулагч” хэмээх гэсэн хувилбар ч буй. Амьдрал минь сайжирчих юм биш байгаа гэж тэрээр санааныхаа мухарт бас дэмий горьдож байгаа байх.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. сайхан болжээ

    0 0 Хариу бичих
  2. xa xa :))) гоё шүү

    0 0 Хариу бичих