Х.Нямбаатар: Манай улсад 27 мянган ТББ бүртгэлтэй

Манай улсад одоогийн байдлаар 27 мянга гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байгаа ажээ. Эдгээр байгууллагуудыг зохицуулах хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл барьж хэлэлцүүлээд байгаа юм. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ "27 мянга гаруй төрийн бус байгууллагаас 2020 онд 400 гаруй нь л Улсын бүртгэлийн ерөнхий газарт тайлангаа ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, хоёр хүрэхгүй хувь нь л нийтэд тустай үйл ажиллагаа явуулж байгаагаа баримтжуулсан гэсэн үг.

Мөн татварын байгууллагаас 2020 оны арванхоёрдугаар сард санамсаргүй түүврийн аргаар 12 төрийн бус байгууллагыг сонгож, санхүүгийн шалгалт оруулсан. Ингэхэд 11 байгууллагаас нь нийт 5.9 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн. 484.3 сая төгрөгийн торгууль тавьсан. Энэ нь 1997 онд баталсан Ашгийн төлөө бус төрийн байгууллагынхаа хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Бас нэг асуудал бий. Энэ бол компаниуд төрийн бус байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа байдал. Тиймээс энэ бүхнийг өөрчлөхөөр Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлж байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)