Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Бурхант багийн “Гарьд” гэдэг газар “Сай”, “Приус” загварын суудлын автомашин мөргөлдөж, гурван иргэн нас барсан осол 2022 оны нэгдүгээр сарын 15-ны 04.00 цаг орчимд гарсан байна. Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн “Сай” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай /3 зорчигчтой/ мөргөлдсөн байна.

Аймгийн Онцгой байдлын газраас дуудлагын дагуу очиж, автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн таван иргэнийг эсэн мэнд гарган Нарийнтээл сумын эмнэлэгт хүргэсэн боловч Баянхонгор аймгийн харьяат, 6 настай, эмэгтэй А, Баян-Өлгий аймгийн харьяат, 26 настай, эрэгтэй Т, мөн нэр, хаяг тодорхойгүй, цогцсыг таних боломжгүй нэг зорчигч нас барсан тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Амиа алдсан Т-гийн гэрийнхэн Баян-Өлгий аймгийн түргэн тусламжийн эмчид гомдолтой буйгаа хэллээ. Учир нь түргэн тусламжийн машин ослын газарт очиход Т амьд байсан бөгөөд эмчээс анхны тусламж үзүүлэхийг олон удаа гуйсан боловч эм, тариа байхгүй гэсэн шалтгаанаар тусламж үзүүлээгүй гэж байгаа юм. "Эмнэлэг хүргэж өгөөч гэж гуйсан боловч авч явах боломжгүй гэж гадаа гурван есийн хүйтэн болж байхад орхиж явсан. Эмч нарыг явснаас хойш цаг гаруй амьд байсан. Тангараг өргөсөн эмч, жолооч хүн байж тусламж үзүүлээгүйд ар гэрийнх нь бид бүгд маш их гомдолтой байна” хэмээсэн юм. Түүний аав Х.Сарайтай холбогдож энэ талаар тодруулахад “Осол болсноос хойш таван минутын дараа Баян-Өлгий аймгийн түргэн тусламжийн автомашин ослын газар очсон. Баян-Өлгийгөөс Улаанбаатар хот руу өвчтэй хүн авч явсан юм билээ. Эм тариа, эмчилгээ хийх зүйл байхгүй хэмээн тусламж үзүүлэлгүй, хүүг маань орхин явсан байна. Авч явах боломж байсан ч орхиод явсанд гомдолтой байна” хэмээсэн юм.