Хуучин дайн дуусаагүй

Утаа улстөрчдийн “попордог” хуучирдаггүй сэдвүүдийн нэг ч өнөөдрийн хүртэл ахицтай үр дүнд хүрсэнгүй. Үндэсний Аудитын газрын хамгийн сүүлд гаргасан тайланд 2017-2020 онд агаарын бохирдлыг бууруулахад 456.1 тэрбумыг ямар ч үр дүнгүй, хяналтгүйгээр зарцуулсан гэх дүгнэлт гаргажээ. Үүнээс өмнөх утаагаар далимдуулж зувчуулсан хэдэн зуун тэрбумын өртөгтэй, ганган чамин нэртэй төсөл хөтөлбөрүүдийн талаар энд бичээд ч дуусахгүй биз ээ. Улаанбаатарын утаа олон ч иргэний амь нас, эрүүл мэндийг авч одсон бол нөгөөтэйгүүр олон ч албан тушаалтны хэтэвчийг зузаалж, зөөлөн сэнтийд залрах ивүүр болоод удаж байна. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэрийг өнгөрсөн жил гаргасан нь хэсэгхэн хугацаанд агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулсан. Эрх баригч МАН-ынхан түүхий нүүрсийг хориглосноор агаарын бохирдол 50 хувиар буурсан гэж цээжээ дэлдэж, ээлжит  сонгуулийн онцлох пиарын нэг өнөөх улигт утаа байж таарав. “Улаанбаатарын утааг 50 хувь бууруулсан шигээ улс төрийн утаа, мананг арилгаж чадна”  гэж нэр дэвшигчид нь уулзалт болгон дээрээ ярьсаар УИХ, орон нутгийн  сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ утааг бууруулсан гэх өнөөх баатрууд нуувчинд орж, Улаанбаатарын утааны гол буруутан нь жирийн иргэд болж хувирав. Учир нь, энэ жилийн тухайд агаарын бохирдол өмнөх жилүүдийнхтэй дүйж, зарим гэр хороолол ихтэй хэсгүүдэд гамшгийн хэмжээнд хүрээд байна. Судлаачдын хэлж буйгаар агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын хоногийн хэмжээ 2020-2021 оны өвөл Монгол Улсын стандарт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.1-2.7 дахин ихэссэн бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартаас даруй 20.6-26.6 дахин их байгаа нь гамшгийн хэмжээнд хүрсэн гэж тодорхойлохоос аргагүй байгааг анхааруулж буй. Тэр дундаа Улаанбаатарын агаарын бохирдол эмзэг бүлгийн иргэд буюу нялх хүүхэд, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, ахмад настнууд болон зүрх судас амьсгалын тогтолцооны өвчтэй хүмүүст коронавирусаас ч дутахгүй хор уршигтай байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Энэ сэдвээр МУИС-ийн Химийн тэнхимийн  багш Н.Амгалан ярихдаа “Улаанбаатар хотын хэмжээнд  зүрх судаснаас үүдэлтэй нас баралтын 29 хувь, уушгины хорт хавдрын 40 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалж байгаа бөгөөд нийт нас баралтын 10 хувь нь утааны сөрөг нөлөөтэй холбоотой байна” гэсэн судалгаа гарсныг дурджээ. НҮБ-ийн Хүүхдийн сангаас агаарын бохирдол бага насны хүүхдийн тархины эд эсийг гэмтээж, эрүүл мэндэд асар их хохирол учруулж байгааг хэлээд дэлхийн улс орнуудын удирдагчдад хандан утааг бууруулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг уриаллаа. Хүүхдийн тархинд үзүүлэх утааны хор уршиг нь хоол тэжээлийн дутагдал, хайр халамж дутагдах, аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртсөнтэй адил хэмжээний уршигтайг энэ удаагийн тайландаа онцолжээ.

Агаарын бохирдолтой холбоотойгоор нийслэлийн хэмжээнд дүүргийн эмнэлгүүдэд бага насны хүүхдийн ханиад томууны өвчлөл ихэсч, эмнэлгийн коридорт хүүхдээ тэвэрсэн ээжүүдийн оочир дугаар хүлээж буй дүр төрх хэвийн үзэгдэл мэт болоод удаж буй. Эцэг эхчүүд амралтын өдрүүдэд хүүхдүүдээ аваад агаар салхинд гардаг амьдралын шинэ хэв маяг тогтоод удаж байгаа нь бас л утаатай холбоотой. Иргэдийн зүгээс ийнхүү өөрсдийн чадах хэмжээндээ агаарын бохирдлоос сэргийлж, гэр орондоо агаар шүүгч хэрэглэж, ахуйн хоол хүнсэндээ анхаарч, амралтын өдрөөр салхилж, зарим нь утаанаас дайжиж Улаанбаатараас нүүх хүртэл арга хэмжээ авч байгаа ч том зургаар нь асуудлыг шийдэх улстөрчид, шийдвэр гаргагчдын ажилд ахиц дэвшил гарсангүй. Жил бүрийн өвөл утааны асуудал сөхөгдөж, тэгэх бүрт аргацааж, бие биедээ үүрэг чиглэл өгсөөр өнөөдрийг хүрлээ. Утааны асуудал ужгирахтай зэрэгцээд Засгийн газраас нөгөө л “Судална, ажиглана, шалгана” гэх улиг болсон үгсээр хугацаат үүргийг гүйцээж, улмаар энэ өвлийг барна гэдэгт итгэлтэй байна.

Сайд нар, нийслэлийн утааны асуудал хариуцсан дарга нарын тайлбараар бол утааны буруутан стандарт бус зуухтай айлууд, галлагаа буруу хийж, яндангаа хөөлөөгүй  иргэд, даарахгүйн тулд сайжруулсан түлш худалдан авч буй хүмүүс болж таарлаа. Тэдний хэн нь ч сайжруулсан түлшний чанар стандартын асуудлыг хөндсөнгүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд зарцуулсан үр дүнгүй санхүүжилтийг дурдсангүй. Цаашид утааны шийдэл ганцхан сайжруулсан түлш, зуухтайгаа зууралдсаар дуусах юмуу, өөр гарц хайх эсэхийг ч ярьсангүй. Зарим судлаачдын зүгээс сайжруулсан түлшний хэрэглээ дунд хугацааны шийдэл болохоос урт хугацааных биш гэдгийг ярьж эхэллээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үр дүнтэй явуулах, халаалтын систем нэвтрүүлэх, айл өрхийн эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглахыг дэмжих, олон улсын сайн туршлагаас хэрэгжүүлэх гэх мэтчилэн илүү урт хугацааны шийдэлд төвлөрөх шаардлагатай байгааг судлаачид онцолж байна. Дэлхий нийт коронавирус цар тахалтай нүүр тулаад даруй гурван жилтэйгээ золгож байгаа бол Монгол Улс коронавирусаас ч дутуугүй олон хүний амь нас, эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгийг үрсэн утааны асуудалтайгаа “зууралдаад” даруй 20 гаруй жилийг үдээд байна.

Монголчууд өөрсдийгөө аливаад дасан зохицох чадвартай хүмүүс гэж хааяа дөвийлгөх нь бий. Тиймээс ч коронавирусаас үүдэлтэй гараа угаах, маскаа зүүх, онлайнаар ажиллах зэрэг амьдралын хэв маягт нэгэнт суралцжээ. Гэхдээ жил бүр сөхөгддөг Улаанбаатарын утааны асуудалд дасан зохицвол, байдаг л зүйл мэтээр хүлээж авбал дельта, омикрон хувилбараас ч илүү хор уршигтай байж мэднэ. Энэ утгаар бол, хуучин танил маань шинэ дайснаас ч дутахгүй хөнөөлтэй ажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих