Үнийн хөөрөгдөл өрхийн орлогыг "цөлмөж" байна
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид ковидод “дөнгөлүүлж”, халамжид “өлгийдүүлэв”. Харин шинэ оны эхний өдрөөс л ус дулааны төлбөр бодогдож, халамж хумигдав. Хөл хорио суларч, хүмүүс энгийн амьдралын хэв маяг руу сөөм, сөөмөөр дөтөлж буй учир иргэд хэрэглээний төлбөрөө өөрсдөө даах нь зүйн хэрэг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шаггүй өсөж, сүүлийн зургаан жилийн дээд түвшинд хүрлээ. Улмаар инфляц хоёр оронтой тоонд хүрлээ. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ энэ оны эхний арваннэгдүгээр сард 10.5 хувьтай гарсан байна. Үүнд импортын барааны үнийн өсөлт голлон нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Инфляцын өсөлтөөс шалтгаалан төгрөг үнэгүйдэж, иргэдийн бараа бүтээгдэхүүн худалдаж авах чадвар буурна. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний үнэ өсөж, бидний хэтэвчнээс гарах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Энэхүү үнийн өсөлт, төгрөгийн үнэгүйдэл цаашид ч үргэлжлэх магадлалтай. 2021 оны аравдугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 9.7 хувь байсан бол оны төгсгөлд 10.5 хувьд хүрсэн. Харин жилийн өмнө 2.4 хувьтай байв.
Инфляцын өсөлт иргэдэд хэрхэн нөлөөлж буйг илүү бодитой, ойлгомжтой тайлбарлахын тулд нэг өрхийн хагас сарын хүнсний хэрэглээний дундаж үнийг тооцоолж үзлээ. Жилийн өмнө 200 мянган төгрөгөөр худалдан авч байсан барааны үнэ даруй 100 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Хүнсний бүтээгдэхүүний үнэ жилийн дотор хэрхэн өсөв
2020 оны нэгдүгээр сар
2021 оны нэгдүгээр сар
Зөвхөн хүнс бус ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, шатахуун зэрэг бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеэс тав, арав дахин өссөн. Гэвч иргэдийн цалин дорвитой өөрчлөгдөөгүй. Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн тайланд дурдсанаар, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 46 мянган аж ахуйн нэгжийн 712 500 ажилтны сарын дундаж цалин энэ жилийн III улиралд 1.3 сая төгрөг болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 66 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Ийнхүү цалингийн орлого 66 мянган төгрөгөөр нэмэгдсэн ч инфляц хоёр оронтой тоонд хүрсэн учир дээрх өсөлт иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлж дөнгөхгүй. Та сая төгрөгийн цалин авдаг байлаа гэхэд инфляцын улмаас таны цалин 900 мянган төгрөгийн үнэ цэнтэй болж байгаа юм. Ийнхүү иргэдийн худалдан авах чадвар суларч байна. Ажиллагчдын сарын дундаж цалин 2015 оны IV улиралтай харьцуулахад 53.7 хувиар өссөн байгаа юм. Гэтэл худалдан авах чадвар ердөө 12 хувиар л нэмэгджээ.
Эдийн засгийн ийм амаргүй нөхцөлд иргэд бүсээ чангалж, орлого, зарлагаа хөтлөх нь хамгийн зохимжтой болохыг мэргэжлийн хүн зөвлөлөө.
Хүмүүсийн орлого, зарлагаа бүртгэх нь зүй. Хэдэн төгрөг олоод, хэдийг нь юунд зарцуулж байгаагаа тооцоолсны дараа тогтмол болон хувьсах зардал гэж тус, тусад нь ангилах шаардлагатай байдаг. Ус, дулааны төлбөр тогтмол гардаг зардалд орно. Тиймээс сард хэчнээн төгрөг тогтмол зардалд зарцуулдаг болохоо тэмдэглэж, хөтөлснөөр мэдэх боломжтой юм. Ингэснээр мөнгөө хадгалж, хуримтлуулах боломж бүрдэнэ. Орлого, зардлаа бүртгэдэг хүмүүс хэчнээн төгрөг юунд зарцуулдгаа мэддэг учир нөөцлөөд, орлогоо зөв хуваарилаад явна гэсэн үг. Харин мөнгөө юунд зарцуулдаг тухайгаа мэдэхгүй бол тогтмол зардлаа төлж эхлэх үед төөрөлдөх магадлалтай. Тиймээс эхлээд бүртгэл хөтлөхийг зөвлөмөөр байна.
Орлогоос давсан зарлага биднийн хүлээж байна. Та бэлэн үү?