Шинэ жилийн яг энэ үед аавын найз “Шинэ жилээр ахын дүү бэлгэнд юу авах вэ” гэж асуухад нь “Цаг хугацааны машин” гэж хариулан хэрсүүгээрээ магтуулж байв. Ямар хүн болохоо харчихаад л ганцхан удаа суугаад буцаагаад өгчихнө гэж үнэхээр л бүтчих юм шиг санаж, чин сэтгэлээсээ гуйдаг байлаа. Харин хүүхэд ахуйн тэр хүслийг минь Монгол даяараа энэ хэдэн хоногуудад хүсч байх шиг. Цаг хугацааг ухрааж болдог бол бүгд л Э.Энхбат начныг зүлэг ногоон дэвжээнээ дэвүүлж, Н.Түвшинбаяр аваргыг торны цаанаас гаргамаар санагдах ийм л нэгэн өдрүүд хөвөрч байна. Энэ хэргийн талаар хүмүүс үзэл бодлоо өөр өөрийн өнцгөөс илэрхийлж байна. Халгамаар бас хайрламаар олон бодлууд. Гэхдээ энэ хэргээс бид нийтээрээ нэг л зүйлийг авч үлдэх ёстой нь ганцхан хормын тэвчээр. Н.Түвшинбаяр ганцхан хором тэвчсэн бол өнөөдөр амьдын тамд унахгүй байлаа. Түүний хувьд үхэх ч багадмаар өдрүүд үргэлжилж байна. Яг л тэр цаг мөчид Н.Түвшинбаяр хүндлэл хүлээсэн аварга, хүний хань, үрсийнхээ аав, нөхдийнхөө итгэлт нөхөр гэдгээ мартчихлаа.
Түмний итгэлийг дааж явах их үүрэг түүнд бий. Ард түмэн хайрласан хайртайгаа өгсөн багахан “хал” нь ердөө л энэ байлаа. Энэ орчлонд ганцхан түүнийг л гэж хайрлах гэргий, хүүхдүүдээ бодож тэвчсэнсэн бол. Үгээр илэрхийлэмгүй тийм хүнд хэцүүг хань үр хүүхдүүд нь туулж байна. Үрс нь гэрээсээ ч гарах эрхгүй гадуурхагдаж байна. Халгамаар олон сэтгэгдлийг уншиж хань нь, ээж нь, аав нь сэтгэлээ урж байна. Тэр ердөө ганцхан хором тэвчсэн бол дэлхийн дэвжээнээ гаргаад өгсөн найз нь дэргэд нь байх байлаа.
Найзтайгаа гар зөрүүлмээр үедээ монгол залуус энэ бүхнийг санаж байгаасай. Үүнээс хойш, түүнээс цааш нэг ч залуус биенийхээ аминд битгий хүрээсэй. Монгол эрчүүд минь үүнийг үеийн үед санаж, эмгэнэлт түүхийн эзэн болохгүй байгаасай.
Өөр бас санах нэг зүйл нь ижил гараанаас зэрэгцэн гарсан хоёр найзын нэгийг хэн араатан болгосон бэ гэвэл “Та л мундаг” гэж хүнийг нь байтал шүлсээ үсчүүлсэн худлаа танил, архи, эрх мэдэл, мөнгө. Ааг тань багтаж ядаад, гэнэт их олон найзтай болоод, найзыгаа арай өндрөөс хараад эхэлвэл “Би хэн байсан билээ. Хамгийн хүнд үед дэргэд минь хэн байлаа” гээд өөр рүүгээ нэг өнгийчихөж байгаарай.