Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан “Орчин цагийн шинжлэх ухааны 100 жил” сэдэвт маркийг  ШУА, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, “Монгол шуудан” ХХК хамтран бүтээж, өнөөдөр танилцууллаа. Түүх сөхвөл, Ардын засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдснаар Монгол улсад орчин цагийн Шинжлэх ухааны төв байгууллага бий болжээ. “Орчин цагийн Шинжлэх ухааны 100 жил” сэдэвт блок маркийн гол хэсэгт “Судар бичгийн хүрээлэн”-ийн анхны захирал Онхуд овогтой Жамъян гүн болон ШУА-ийн анхны ерөнхийлөгч Базарын Ширэндэв нарын хөргийг, Судар бичгийн хүрээлэнгийн анхны байрыг дүрсэлжээ.

Улмаар блокны чимэглэл хэсэгт “Бичгийн мэргэдийн хүрээлэн” байгуулж, хаадын үнэн тэмдэглэлийг бичүүлж эхэлсэн Хубилай сэцэн хааны хөрөг, байгаль, хүрээлэн буй орчны хоорондын зүй тогтол, орон зай, цаг хугацааны хувьсгал, өөрчлөлт, ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, хөдөө, аж ахуй, газар тариалангийн ололт амжилт, ШУА-ийн лого, хосгүй үнэт олдвор, төрийн түүх болох Монгол улсын түүхийн таван боть, анхны “Монэл” компьютер, монгол орноос тогтоогдсон хамгийн том махан идэшт Дейнохейрус-“Аймшигт  сарвуу” үлэг гүрвэл, дэлхийн ургамал судлалын шинжлэх ухаанд Д.Банзрагч гуайн нэрээр бүртгэгдсэн /VU/ үнэлгээтэй “Банзрагчийн Зүлгэлж”, М-222 электрон тооцоолон бодох машин, “Сэлэнгэ” үүлдрийн үхэр, Дархан-144 сорт, нар, салхины цахилгаан үүсгүүр, “Интеркосмос” хөтөлбөр, сансрын хөлөг зэрэг  100 жилийн түүхэн дэх шинжлэх ухааны гол гол ололтуудыг дүрслэн үзүүлжээ.