“Эмийн ургамал сонирхогчдын групп” гэх цахим хуудсанд 70 гаруй мянган хүн нэгджээ. Тэд өөр хоорондоо эмийн ургамал, эмнэл зүйн талаарх элдэв мэдээлэл солилцох бөгөөд тус хуудсанд “Дотор хий ихсэхэд хар модны холтос хандалж уудаг уу, цус бүлэгнэлтийн эсрэг сайн ургамал юу байна, уушги, зүрх, бөөрөнд ямар эмийн ургамал сайн бэ, нохойн хошуу, таван салаа, сөдийн толгой авна” зэрэг зүйл бүрийн зар өдөрт хэдэн зуугаараа нийтлэгдэнэ.
Түүнчлэн ийш, тийш аялж явахдаа түүсэн, цуглуулсан ургамлаа борлуулах сонирхолтой хүн ч цөөнгүй байв. Тэнд ямар нэг хяналт, хязгаарлалт алга. Өөрөөр хэлбэл, энэхүү байдал нь тал дээрээс дураараа түүсэн ургамлыг гар дээрээс худалдаж аваад, дур мэдэн хэрэглэдэг бүхэл бүтэн зах зээл бий болсны нэгээхэн жишээ баримт юм.
Товчхондоо, эрүүл болохыг хүссэндээ эрүүл мэндээрээ “нааддаг”, эсвэл “наадахаар” зэхэж буй хэдэн мянган хүн байгааг дээрх баримт илтгэж байна. Эрүүл мэндээрээ “наадахаар” гэж онцолсонд учир бий. Эмийн ургамалыг эмчийн зөвлөгөөгүй, дур мэдэн хэрэглэх нь үхэлд хүргэх аюултай бөгөөд байгаль экологид ч сөрөг нөлөөтэй юм.
Мал ч иддэггүй ургамлыг бид идсээр байна
Байгалийн гаралтай бүтээгдэхүүн хүний биед сөрөг нөлөөгүй гэх ойлголт өрөөсгөл юм. Зарим эмийн ургамалд химийн бодис их хэмжээгээр агуулагддаг төдийгүй алкалойд өндөртэй ургамлууд хоруу чанар ихтэй байдаг аж. Энэ нь болзошгүй хор хөнөөлийг дохиолж байдаг гэсэн үг. Тиймээс энэ төрлийн ургамлыг хүн битгий хэл, мал ч идэж болдоггүй талаар ургамал судлаачид онцоллоо.
Түүнчлэн эмийн ургамлыг мэргэжлийн эмчийн заавраар, зохистой түвшинд хэрэглэхгүй бол эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал, нохойн хошуугаар компот хийж болдоггүй бөгөөд их өтгөн хандалбал цусыг өтгөрүүлдэг. Түүнчлэн их шүүдэргэнэ гэх ургамал хортой учир болгоомжтой хэрэглэх шаардлагатай талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ж.Ганбаатар ярьсан байна. Тэрбээр “Эмийн ургамлыг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч тун, хэмжээг нь тааруулахгүй дур мэдэн хэрэглэвэл өвчин эдгэрэх бус ужгирч, шинэ өвчин нэмэгдэхэд хүргэнэ. Сүүлийн жилүүдэд эмийн ургамлыг цахим орчноос харсан заавраараа хэрэглэх тохиолдол ажиглагдаж байна. Энэ нь маш аюултай үр дагавар үзүүлж болзошгүй. Энгийн жишээ хэлье, чихэр өвсийг цусны даралт ихсэх өвчтэй, илүүдэл жинтэй болон жирэмсэн, хөхүүл ээжүүд хэрэглэж болдоггүй. Харин сармисыг их хэмжээгээр идвэл дотоод цус алдалт ч үүсэж болзошгүй. Зөвхөн ургамал гэлтгүй жимсийг ч зохимжтой хэрэглэх нь зүй юм. Жишээ нь, гүзээлзгэнэ их идвэл харшил хөдөлдөг бол бөөрөлзгөнө их идсэн хүүхдийн биеийн хэм нэмэгдэж, халуурч болзошгүй. Зуун настын шүүсийг хэтрүүлэн уувал бага аарцаг хавийн эрхтнүүдэд цус их хэмжээгээр очдог. Тиймээс жирэмсэн болон шамбарамтай, элэг цөс нь өвддөг хүн хэрэглэх хориотой байдаг. Мөн эмийн ургамлыг эмтэй хольж хэрэглэж болохгүй” гэжээ.

Сүүлийн жилүүдэд эмийн ургамал хүний биед ямар нэг хоргүй гэж ярьдаг болчихлоо. Энэ маш буруу ойлголт. Зөв зохистой хэрэглэхгүй бол нэг эрхтэний өвчнийг эдгээлээ ч нөгөөд нь сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Ялангуяа нэг зүйл ургамал дангаараа өвчнийг эмчлэх нь бараг боломжгүй хэд хэдэн ургамал, эрдэс бодис, амьтны гаралтай бодис нийлж хам үйлчилгээ үзүүлдэг болохыг уламжлалт анагаах ухааны эрдэмтэн судлаачид анхааруулдаг. Түүнчлэн уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдэд хоруу чанар өндөртэй ургамлыг номхотгож хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, зөөлрүүлж, хүний биед хоргүй болгож байгаа хэрэг. Тиймээс эмийн ургамлыг хүмүүс дур мэдэн хэрэглэж байгаа нь угаас буруу, ухвар мөчид үйлдэл. Түүнчлэн эмийн ургамлыг цай, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд ч хэрэглэх болсон. Үүн дээр мөн л их анхаарал, болгоомжтой хандах хэрэгтэй. Жишээ нь, их шүүдэргэнэ гэдэг ургамлаар цай хийчихсэн байхыг харсан. Энэ ургамлыг “Дэлхийн эмийн ургамал” ном дээр хэзээ ч цай хэлбэрээр хэрэглэж болохгүй гэж тусгай анхааруулсан байдаг. Учир нь цай болгочихоор хүний биед энэхүү хортой бодис буюу алкалойд ямар тунгаар орж байгааг хянахад хүндрэлтэй гэж үздэг. Зарим ургамлын зөвхөн навч, иш, жимс эсвэл үндсийг нь эмчилгээнд хэрэглэдэг. Мөн мэргэжлийн хүнээр таньж тодорхойлуулаагүйн учраас зарим тохиолдолд өөр зүйл ургамалтай андуурч савласан тохиолдолууд ч байдаг болсон. Ийм учраас иргэд эрүүл мэнддээ анхаарч эмийн ургамал хэрэглэх тохиолдолд баталгаатай эх сурвалжтай, экологийн цэвэр орчин нөхцөлөөс, зөв таньж тодорхойлсон, зөв цаг хугацаанд түүж, стандарт шаардлагын дагуу хатааж, хадгалсан ургамлыг тун хэмжээг нь тааруулж хэрэглэх нь зүй зохистой.
Эмийн ургамлын нөөц
Ургамлын төрөл зүйл, нөөц баялгийн хомсдолд дулаарал, хуурайшилт, цөлжилт, ган гачиг зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлж байгаа ч хүний зохисгүй үйл ажиллагаа илүү халтай. Уламжлалт анагаах ухаан хөгжихийн хэрээр ургамлын гаралтай эм, цай зэргийн хэрэглээ эрс нэмэгдэж, энэ төрлийн бизнес эрхлэгч борооны дараах мөөг шиг олширчээ. Үүний уршгаар Монгол орны нэн ховор, ховор, улаан номонд бүртгэлтэй төрөл зүйлийн ургамлууд шунахай сэтгэлтнүүдийн мунхаг хүсэлд өртөгдөн хөнөөгдсөөр байна.
Тэр уулын энгэрт ийм төрлийн ургамал тэдий хэмжээтэй бий гэх тодорхой, шинжлэх ухааны тооцоо судалгаа байхгүй учир бид ургамлын нөөцөө барж дуусахад улам л дөтөлж буй юм. Тиймээс ургамлын аймгийн нийт төрөл зүйлийг бүртгэж, тэдгээрийн тархац, байршил, нөөцийг тогтоох зайлшгүй шаардлага үүссэн талаар мэргэжилтнүүд хэлж байлаа. Түүнчлэн ховордлын төлөв байдлын үнэлгээг хийх нь зүй юм. Улмаар ямар төрлийн ургамлыг хэдий хугацаанд хэрхэн түүж, хаана, яаж боловсруулж, хэрэглэх талаарх асуудлыг шийдвэрлэх нь хэрэгтэй.

Нөөцийг нууцаар барж байна
Эмийн ургамлын бизнес гаарахтай зэрэгцэн гаднын улс руу зөөвөрлөх явдал ч газар авчээ. Тухайлбал, Монголд ургадаг чихэр өвс эмийн бодисын агууламж өндөр байдаг аж. Тиймээс тус ургамлыг түүж, гаднынханд зарсаар нөөцийг нь шавхахад хүрсэн байна. Нэг кг чихэр өвсийг дунджаар 100 мянган төгрөгөөр худалдаж авдаг аж. Мөн Биологийн хүрээлэнгийн гаргасан зөвлөмжийн дагуу Байгаль орчны яамнаас сүүлийн таван жилийн хугацаанд дэрэвгэр жиргэрүүг түүхийг хориглосон аж. Гэсэн хэдий ч хүмүүс түүж хатаагаад, хилээр гаргах тохиолдол тасарсангүй. Үүнээс гадна, ховор, нэн ховор ургамлаар цай, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадагш нь экспортлох тохиолдол нэмэгджээ. Мөн улаан номонд орсон Алтанхундага, Цагаан цээнэ, Хулангийн удаа зэрэг нэн ховор ургамлыг савлаад зарж байна. Уг нь уутлаж савлахааргүй бага хэмжээний нөөцтэй ургамал болохыг судлаачид мэдээлэв. Энэ талаар Биологийн хүрээлэнгийн ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Ю.Оюунбилэг “Хуучин цагт арван ургамал байлаа гэхэд гурвыг нь аваад бусдыг нь үлдээдэг байсан. Гэтэл одоо мөнгө олох гэсэн хүмүүс бүгдийг нь түүх болсонд судлаач хүний хувьд эмзэглэдэг. Нэн ховор ургамлуудыг нутгийн иргэд түүгээд худалдаалж байгаа харагддаг. Ингэхдээ нөөцийг бодолцдоггүй” гэсэн юм.
Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлд “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар, эсвэл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахын хориглоно” гэж заасан байдаг. Түүнчлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийн экспортыг бүрэн хориглоно” гэжээ. Гэвч хууль, дүрэм цаасан дээр бичигдсэн ч амьдрал дээр хэрэгжихгүй байна.
Бид эмийн хяналтгүй хэрэглээний талаар л ярихаас эмийн ургамлын зохисгүй хэрэглээг хязгаарлах тухай хөндөхгүй байна. Эмийн ургамлын эмх замбараагүй хэрэглээ гаарч, эх орныхоо ургамлын нөөцийг цөлмөх нь Монгол хүний эрүүл мэнд, Монгол орны байгаль орчинд асар их хөнөөлтэй юм. Түүнчлэн ургамал устаж, үгүй болвол түүгээр хооллодог амьтан, шавж зэрэг устаж, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэл маш өндөр билээ. Мөн ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийн төлөө ч эмийн ургамлын хэрэглээнд зөв зохистой хандаж, хайрлаж гамнацгаая!