Криптовалютын зах зээл:Дүрмээ мэдэж тогло

Криптовалютын шуурга дэлхий дахиныг нөмөрч, тэр хэрээр болгоомжлол дагуулсаар байна. Дэлхийн улс орнууд койныг хориглохгүй бас зөвшөөрөхгүй, нөлөө бүхий бизнесменүүд ил гарч койны талаарх байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь үүний илрэл юм. Мөн криптовалютыг үгүйсгэж болохгүй, бас хэт шунан дурлаж болохгүй гэдэг өнцөг ч бий. Энэ зах зээлд зөвхөн “Тоглоомын дүрмээ мэд” гэдэг зарчим үйлчилнэ. Арилжаанд оролцож буй иргэдийг сонирхогч, дунд шатны, ашиг ологч хэмээн гурав ангилж болно. Эдгээрээс ашиг ологч нь хөрөнгө их олдог. Тэд шинээр гарч буй биткойныг судалдаг. Танилцуулгыг нь уншиж хөрөнгө олох боломжийг техникийн тусламжтайгаар дүн шинжилгээ хийж мэддэг. Дараа нь зах зээлийг тандаж, ханш нь буурахаас урьтаж зардаг. Өөрөөр хэлбэл, тэд тоглоомын дүрмыг маш сайн мэддэг тоглогчид юм. Криптовалютын ханш хүмүүсийн эрэлт,  хурдан ашиг олох гэсэн хүсэл дээр л тогтдог учраас ханш нь түргэн хугацаанд өснө, буурна.

“Тоглоомын” эзэн

Тоглоомын эзэн нь эрх мэдэлтэн, тэрбумтан юм. Учир нь тэд койны ханшийг хэлбэлзүүлдэг. Жишээ нь Илон Маск “Тесла” машинаа биткойноор худалдах шийдвэр гаргасан. Түүний дараа биткойны ханш огцом өссөн бөгөөд тухайн үедээ л рекорд эвдэж байв. Харин хэд хоногийн дараа Илон Маск “Твиттер” хуудаснаа дахин нэг  жиргэсэн. Тэрээр “Биткойноор “Тесла” машиныг зарахыг хориглов. Учир нь биткойныг үйлдвэрлэхийн тулд маш их хэмжээний цахилгаан зарцуулж байна. Энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна” гэв. Үүний адил дурын хүн тоглоомын хувь заяаг шийдэх аюултай.

Шинжээч Г.Мөнх-Эрдэнэ

Биткойны зах зээлийн үнэлгээ 2 триллион доллар байна. Биткойнд ажиллах хүч түүнээс гарах баялаг байхгүй. Тэнд зах зээлийн савалгаа л бий. Харин компанид бол хүмүүс ажиллаж баялаг бүтээдэг. Койнд эдийн засгийн үнэ цэнэ байхгүй.

Судлаач О.Баттулга

Нийгмийн дунд биткойн хэрхэн шинэчлэгдэх, дараа нь ямар шатанд хүрэх вэ гэдэг эргэлзээтэй байна. Гагцхүү биткойн шинэчлэгдэнэ. Өнөөдөр биткойн  хоцрогдсон  технологи болж байна. Учир нь биткойн секундэд 13 гүйлгээ хийдэг. Цахилгаан эрчим хүч их ашигладаг. Богино хугацаанд олон гүйлгээ хийдэг, цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг биткойн гарч ирэх нь цаг хугацааны  асуудал юм.

“Булган Ундарга” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантиг 

2018 онд “One coin” гэх  луйвар  гарч байв. Хэсэг бүлэг хүмүүс бүтээсэн койноо Монголын зах зээлд нийлүүлэн хуримтлагдсан их наяд орчим  төгрөгийг  аваад гадаад руу явсан. Тус койнд 14 мянган хүн хөрөнгө оруулсан. Түүнээс ч их байж магадгүй. Харин холбогдох эзэн нь ор сураггүй алга болсон билээ.

 

“Тоглоом”-ын гарын авлага

Биткойн хүмүүс хоорондын харилцаанд оршдог. Хэрэглэгч мөнгөөр авсан койноо хадгалах, зээлэх, зарах, авах үйлчилгээтэй. Гэхдээ тухайн гүйлгээ бүх нийтэд ил харагдахаар зохицуулсан. Жишээлбэл Бат Доржоос 5 койн зээлсэн. Батын нийт койн 15 болсон. Энэ үйлдэл бүх хүнд харагдана. Криптовалют хаанаас бий болж байна гэдэг асуулт зүй ёсны тулгарна. Түүнийг хэсэг бүлэг хүн нийлж үйлдвэрлэж байдаг. Үйлдвэрлэхдээ  хязгаартай болон хязгааргүй гэсэн хоёр төрлөөр хийдэг. Нэг ёсны хязгаар тогтоогоод өгчихдөг. 20 сая гарна гэдэг ч юм уу. Гэхдээ дараагийн үйлдвэрлэлд анхны гаргасан тоо тал хувиар үйлдвэрлэдэг. Үүнийг судлаачид койноо үнэд оруулах арга хэмээн нэрийддэг.

“Тоглоом”-ын мөнгө хаанаас үүдэлтэй вэ?

Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй есөн бирж бий. Эдгээр биржид арилжаагаа эхлүүлсэн найман койн байна. Тус найман койны зах зээлийн эргэлтэд 7-8 их наяд төгрөг эргэлдэж буй.  Энэ мөнгө нь манай улсын эдийн засгийн 20 хувь, улсын төсвийн 60 хувьтай тэнцэх аж. Барагцаагаар хэлэхэд гурван жилийн  тэтгэврийн мөнгөтэй тэнцэх юм. Иргэд яагаад ийм их хөрөнгийг криптовалютад оруулсны шалтгааныг судлахад банкны зээлийн хүү буурсан нь жин дарсан байна. Иргэд банкны хүүг илүү өгөөжтэй зүйлд хөрөнгө оруулахаар хадгаламжаа татсан гэсэн үг. Өнгөрсөн богинохон хугацаанд хадгаламжийн хэмжээ 5.1 их наяд  төгрөгөөр буурчээ.

Хоёрдугаарт иргэдийн гарт төвлөрсөн мөнгөн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэсэн шалтгаан бичигджээ. Энэ оны дөрвөөс аравдугаар сарын хооронд иргэдийн авсан зээлийн хэмжээ 2.6 их наяд хүрсэн бол Засгийн газраас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулсан. Эцсийн дүндээ 2.4 их наяд төгрөг суларсан байна. Мөн өрхийн эдийн засгийг дэмжих зорилгоор  иргэдэд тараасан вакцины урамшуулал, хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг олон дэмжлэг нийлээд 5.2 их наяд төгрөг байна. Дээр дурдсан нөхцөл байдал, шалтгаануудыг оролцуулаад нийт 15.3 их наяд төгрөгийг өнгөрсөн богино хугацаанд зах зээлд нийлүүлсэн байгаа юм. Үүнээс харахад эдийн засгаа дэмжих зорилгоор зах зээлд гаргасан энэ мөнгө криптовалют руу орсон байх бүрэн боломжтой.  Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 700 000-800 000 иргэн криптовалютын зах зээлд орсон гэсэн статистик байна. Энэ нь насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь криптовалютын арилжаанд орсон гэсэн үг ажээ.

Койн бол цахим мөнгө биш

Криптовалют нь өндөр эрсдэлтэй учраас болгоомжтой ашиглахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулдаг. Түүнчлэн криптовалют нь цахим орчинд байрлан, иргэд хоорондын дунд, худалдан авах, өгөх, зээлэх үйлдлүүдийг хийж байгаа учраас цахим мөнгөний үүргийг гүйцэтгэж чадах эсэх нь сонирхол татаж буй юм.

Монголбанкны хэлтсийн захирал А.Батсайхан 

Цахим мөнгө бол зуун хувь төгрөгөөр баталгаажсан албан ёсны төлбөрийн хэрэгсэл. Харин биткойн зэрэг криптовалют нь 100 хувь төлбөрөөр баталгаажсан гэх шаардлагыг хангадаггүй. Өөрөөр хэлбэл, ханш нь хэлбэлзэж байдаг учраас цахим мөнгө гэсэн тодорхойлолтод ордоггүй.

Тэгэхээр койн нь мөнгөн тэмдэгт шиг шууд юм худалдаж авч чадахгүйн зэрэгцээ үнэ нь байнга савлагаатай, тогтворгүй гэдэг утгаараа өнөөдөр мөнгөний үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа юм.

“Тоглоом” инфляцад нөлөөлдөг үү ?

Биткойны үнэ нэмэгдэж, дэлхийн бүх бизнесийн жагсаалтын эхний наймдугаарт эрэмблэгдэж байна. Иймээс инфляцад нөлөөлдөг, нөлөөлдөггүйг авч үзлээ. Судлаачид биткойныг инфляцад нөлөөлдөг, нөлөөлдөггүй гэж хоёр хуваагдаад байгаа юм. Инфляцад нөлөөлдөг гэж үздэг судлаачид дараах тайлбарыг өгдөг. “Бараа материалын үнэ нэмэгдэж байгаа ч биткойн авахад мөнгө зарцуулж байгаа нь нөлөөлж байна”. Харин инфляцад нөлөөлдөггүй гэж хардаг судлаачид “Биткойн бол тусдаа мөнгө цуглуулдаг салбар. Түүний зах зээлд хоёр триллион эргэлдэж байна. Ийм болохоор биткойн нь инфляцад нөлөөлдөггүй” гэж тайлбарлаад байгаа юм. “CF Benchmarks” компанийн Гүйцэтгэх захирал Суй Чунг  “Биткойн дэлхийн улс орнуудын эдийн засагт нөлөөлж инфляцыг өдөөж байна” гэсэн юм.  Үүнийг энгийнээр тайлбарлавал хүмүүс биткойнд их хэмжээний мөнгө зарцуулж байна. Харин үүнийг дагаад бараа материалын үнэ нэмэгдэж байна. Тийм учраас биткойн улс орнуудын эдийн засагт нөлөө үзүүлж байна гэсэн үг.

“Тоглоом” цахилгаан их зарцуулдаг

Криптовалютыг олборлохын тулд асар их эрчим хүч шаарддаг.  Биткойныг үйлдвэрлэх, дамжуулах зэрэг бүхий л үйл ажиллагаанд ашиглаж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь 2020 онд 120 терраватт болсон. Харин Монгол Улсын жилийн эрчим хүчний хэрэглээ нь долоогоос найман терраватт байдаг аж. Түүнчлэн энэ их эрчим хүчийг гаргахын тулд байгаль дэлхийд асар их  хор хөнөөл учруулж буй.

“Тоглоом”-ын хуулийн зохицуулалт

Биткойны зохицуулалтыг хуулийн хүрээнд бүрэн шийдсэн акт дэлхийн аль ч улсад байхгүй. Харин койны арилжааг БНХАУ, Турк, АНУ хоригложээ. Одоогийн нөхцөл байдалд биткойны хууль батлах нь Монголын эрх баригчдын хувьд сорилт болоод байна. Иймд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг УИХ-д хэлэлцэж баталсан Ингэснээр виртуал хөрөнгөөр үйлчилгээ үзүүлдэг биржийг бүртгэлжүүлэх юм. Одоогоор манай улс ямар ч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. УИХ-ын дарга шинэ койныг хязгаарла гэж индэр дээрээс зарлаж, тэр дагуу СЗХ хязгаарлах албан бичиг гаргасан. Үүнийг нь зах зээлийн тоглогч нар үл ойшоож байна. Угаасаа ч хязгаарлах эрх зүйн орчин байхгүй гэж тэднийг өмөөрөх нэг шалтгаан бий. Товчхондоо бол монгол эрчүүд цуйван идэж болохгүй гэж УИХ-ын дарга хэлж, түүнийх нь дагуу нэг агентлаг цуйван идэхийг хориглосон албан бичиг гаргахтай ижил зүйл гэж тэд үзэж байгаа юм. Иймээс л хуульчлах шаардлага хоолойд тулсан асуудал болсон.

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал  

Хууль гарснаар койн, токен гаргаж буй хуулийн этгээдүүдийг Мэргэжлийн холбоодын санал зөвлөмжийг үндэслэн тухайн бирж нь хяналтаа тавьж, шалгаж ажиллана. Нэг ёсондоо хяналтгүй байгаа энэ зах зээл жигдэрнэ.

Гэхдээ хуулийн төсөлд зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэлжүүлэх асуудал тусгагдсан байгаа юм. Ингэснээр хэн койн гаргаж байгааг мэдэхээс цаад нарийн харилцааг зохицуулахгүй байгааг харж болно. УИХ-ын хэлэлцэж байгаа төслөөс харвал Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгө, бусад улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэрийг ашиглах, гүйлгээнд оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахгүй. Мөн виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болох эрсдэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахгүй  гэж тусгажээ. Энэ төрлийн харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа  гэж үзсэн байна. Тэгэхээр хууль гараад ч энэ зах зээлийн харилцааг бүрэн зохицуулахгүй гэдгийг дурдъя. Биткойныг сайн судалж дүн шинжилгээ хийсний үндсэн дээр энэ төрлийн зах зээл рүү шилжих хэрэгтэй юм. Сонирхож буй биткойны танилцуулгыг унших, боловсруулах, мэдээлэл цуглуулах, бусад койноос онцлог шинжийг тодорхойлж худалдан авах хэрэгтэй. Түүнчлэн эрсдэл хүлээх мөнгөөр арилжаанд оролцохгүй байх хэрэгтэй. Таны санхүүд нөлөө бага үзүүлэх, алдсан ч эрсдэл хүлээхгүй мөнгөөр арилжаанд орохыг зөвлөж байна.

Биткойнд алдсан мөнгийг төр өгөхгүй. Тухайлбал арав гаруй жилийн өмнө хадгаламж зээлийн 26 хоршоо дампуурсан. Түүний 7784 хохирогчтой төр гэрээ байгуулан 35.9  тэрбум төгрөгийг төсвийн хөрөнгөөс буцаан олгосон. Биткойн нь  үүнээс  үйл ажиллагаа, зохион байгуулалтаараа тэс ондоо юм.  Хэрэв биткойноос  ямар нэгэн хохирол үүссэн тохиолдолд хууль эрх зүйн орчны хувьд ч, зах зээлийн арилжааны хувьд ч төр аливаа хохирол, эрсдэлийг хариуцахгүй. Тиймээс тоглоомын дүрмийг мэдэж, оролцохыг дахин сануулъя.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар ([email protected]) эсвэл ([email protected]) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд ([email protected]) эсвэл ([email protected]). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

    0 0 Хариу бичих
  2. хохь чинь шүү гэдэг дүрэм шүү дээ

    0 0 Хариу бичих