Д.Баярцэцэг: Энэ асуултад үүрд цэг тавих минь

Годо буюу уран бүтээлч Д.Баярцэцэгтэй ярилцлаа. 

-Кафкагийн “Шүүх ажиллагаа”-г уншиж дуусахаас айдаг гэсэн (сэтгүүлч Д.Оюунномингийн “Гоодаль” сэтгүүлд нийтэлсэн “Абсурд ба абсурд бус” ярилцлага) байсан. Дууссан уу?

-Ф.Кафка Улаанбаатарт хүчтэй давалгаалж буйд би хувьдаа баяртай байна. “Шүүх ажиллагаа”-г уншиж дуусахаас “айдаг” тухай, уншиж дууссан эсэхийг бараг сэтгүүлч бүр ярилцлагынхаа өмнө асуудаг учир жаахан дэлгэрүүлж яриад энэ асуултад үүрд цэг тавих минь.

Хятадын урлагийн академид 2003 онд мастер, бакалаврын уран зургийн ангийн оюутнуудад ОРЧИН ЦАГИЙН УРЛАГ-ийн тухай Америкт төгссөн хятад багш бүтэн сар лекц оров оо. Хичээл ч өндөрлөж бидний даалгавар, бүтээлүүдийг шалгахад манай ангийн хятад хүү Ф.Кафкагаар туршиц \experimental\ богино хэмжээний кино бүтээсэн байв. Мань хүн Кафкад автчихаад хичээл дээр байнга номоо чирээд ирнэ, амрах зав зайгаараа уншаад л... Харин би Кафкаг тэр үед уншаагүй, монгол хэл дээр орчуулагдаагүй байсан үе л дээ, ангийнхаа хүүхдийн бүтээсэн “Кафка” хэмээх киног үзээд айдас төрсөн. Намайг гадаад оюутан болохоор бүгд их сайн хандана аа. Кафкагийн талаар ангийн хүүхэд маань өөрийнхөө ойлголтыг ярьж, үнэн голоосоо шаналж, бас биширсэн тухай хуучилж, ер нь байнга л уран зохиол, философи, сонгодог урлаг, амьдралын мөн чанарын тухай ярьдаг, маш сайн зурдаг мундаг хүүхэд байж билээ. 2004 онд Жэрэми Аиронс гол дүрд нь тоглосон, Стивэн Содэрбэргийн бүтээл “Кафка” бүрэн хэмжээний уран сайхны кино гарч мөн л үхтлээ айж шаналж үзсэн, сайн бүтээл болсон байна билээ. 2007 онд Ц.Сүхбаатарын орчуулгаар “Шүүх ажиллагаа”-г анх уншсан. Эх хэлээрээ танилцахаас өмнө хоёр ч киног нь түрүүлээд үзчихсэн, ангийнхаа хүүхдээс хятадаар баахан лекц сонссон байсан тул уншаад үнэндээ юу ч, бүр юу ч ойлгоогүй: би юу уншаад байна аа! гэж бодсон. 2007 онд Ф.Кафкагийн хөргийг бэхээр муутуун дээр бүтээсэн маань тун санаандгүй маш амжилттай болсон бөгөөд энэ хөргөө хэнд ч өгөхгүй, зарахгүй хэмээн өөртөө андгайлсан. 2012 оны хавар гурван долоо хоног эмнэлэгт хэвтэв ээ. Ф.Кафкатай маш адилхан, эсвээс миний бүтээлтэй усны дусал шиг ижилхэн төрхтэй хасаг залуу тус эмнэлэгт  хэвтэж эмчлүүлж байв. Нүдэндээ ч итгэхгүй, бүүр гайхаад:

Ерөөс Ф.Кафка бид хоёр үйлийн үртэй юм шиг холбоотой байдаг нь бид нэг өдөр төрсөнтэй холбоотой юу, миний зурсан хөрөг үү, бичсэн шүлэг үү, өнөөх хоёр адын кино юу, мэдэхгүй.

-Өөрөө Франц Кафка гэдэг зохиолч мэдэх үү?

–Мэдэхгүй.

Зурсан хөргөө гар утсан дээрээ гаргаж үзүүлээд:

-Энэ!

-Танихгүй.

Ф.Кафкагийн “Шүүх ажиллагаа”-г дахин уншихад маш хүнд байсаан. Арай ядан уншиж дуусаад удаагүй байтал өнгөрсөн жил О.Чинбаяр ах “Шүүх ажиллагаа”-г орчуулж байгаа гээд номын зураг асууж билээ. Эл хөрөг О.Чинбаяр ахын Кафкагийн номын ард тавигдсан бол П.Туяа эгчийн орчуулсан “Хонгилд” өгүүллэгийн түүврийн хавтасны нүүрийг чимсэн. Ерөөс Ф.Кафка бид хоёр үйлийн үртэй юм шиг холбоотой байдаг нь бид нэг өдөр төрсөнтэй холбоотой юу, миний зурсан хөрөг үү, бичсэн шүлэг үү, өнөөх хоёр адын кино юу, мэдэхгүй. Дашрамд хэлэхэд, Ф.Кафка бид хоёр нэг өдөр төрсөн бол бидний төрсөн өдөр “Доорс” хамтлагийн дуучин Жим Моррисон бурхан болж одсон юм билээ. О.Чинбаяр ахын орчуулгыг одоо болтол уншиж амжаагүй байгаа. Тэгэхээр би “Шүүх ажиллагааг” уншиж дуусаагүй байна гэсэн үг үү, дуусдаггүй аймаар байгаа биз, гоё ч юм уу.


-Одоо ямар ном уншиж байна вэ?

-Эртний урлагийн түүх, археологи, түүх, судалгааны бүтээлүүд уншиж байгаа. Уншихаасаа бодох нь их ээ.

-Ер нь таны унших арга барил ямар вэ. Номуудыг зэрэг унших, зарим уншсан номоо байнга эргэж харах, тухайн үеийн нөхцөл байдлаас унших сонголтоо хийх гэх мэт?

-Шинээр гарч буй уран зохиолын номуудыг тухайн цагт нь авч уншихыг хичээдэг. Байнга сөхөж хардаг ширээний ном бий, Ц.Дамдинсүрэн абугайн “Монгол үсгийн дүрмийн толь” болон бусад толь бичгүүд. Хааяа өөрийн болон бусад яруу найрагчдын шүлгийн түүвэр унших дуртай. Унших арга барил гээд сүйд болох юмгүй дээ, өөрийгөө ажаад байх нь сүүлийн үед номыг цоохорлож, гарчиг хөөж унших гээд байдаг болсон, олон ном зэрэг эхэлдэгтэй холбоотой байх шүү.

-Та уран бүтээлчийн хувьд ч, хувь хүнийхээ хувиар ч хэрхэн амьдрах, юу хийхээ мэдэхгүй зогсолтод орох үе байсан уу?

-Юу хийхээ мэдэхгүй зогсолтод орох үе үгүй дээ, харин хэрхэн амьдрах талаар нухацтай бодож байгаа. Мөнгө төгрөг, ажил алба, ар гэрийн амьдрал, бүтээл зохиолоо зохицуулах цагийн талаар бодох үед хэцүүхэн л санагддаг.

-Амьдралын чиг шугамын тухайд энэ зөв гэсэн баримжаагаа хэдийд олсон бэ. Юу тусалсан бэ?

-Амьдралд үнэнч шударга хандаж, урлагт чин сэтгэл, буй бүхнээ зориулж өөрийгөө нээнэ гэдэг бүтээл туурвил.

-Шашны тухайд та ямар бодолтой байдаг вэ. Таны үзэл санаанд хэр нөлөөлсөн бэ?

-Шашин бол урлаг, урлаг бол шашин. Би шашин шүтдэг гэр бүлд өсч хүмүүжээгүй ч шашны тухай домог, үлгэр, түүх, зохиол, судалгааны бүтээлүүд унших дуртай. Буддын болон бусад шашны сүм хийдүүдээр аялах зочлох ч дуртай. Ихэнхдээ сүм хийдийн хана, адар, дээвэр, туурганы баримал зураг чимэглэл гээд бүгдийг урлаг талаас нь харж биширдэг. Эрт цагийн монгол хийцийн буддын сүмүүд үнэхээр шүтэхгүй байхын аргагүй бүтээгдсэн байдаг бол Түрэгийн түрүү үеийн болон гандхар хийцийн буддын баримлууд дэлхийн урлагт “Дорнын сонгодог эрин” гэгдэх ур хийцтэй гайхамшигт өв соёл юм шүү. Оюутан байхад олон сайхан газраар аялж, ангайж алмайрч явсан минь буддын соёлыг бишрэх сэтгэл төрүүлсэн болов уу. Аливаа шашин урлагийн бүтээлд болон үзэл санаанд тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь бий, хэт автахгүй байхыг хичээдэг. Учир нь хуулбарлах сэтгэлгээ автахаас үүдэлтэй.

Энэтхэгийн философич С.Радхакришнан хэлэхдээ, “Хэрвээ нийгэм өөрийнхөө оюун санааны ололтуудад итгэхээ болих юм бол, чиг баримжаагаа ч, жолоодлогоо ч алдана”

Энэтхэгийн философич С.Радхакришнан хэлэхдээ, “Хэрвээ нийгэм өөрийнхөө оюун санааны ололтуудад итгэхээ болих юм бол, чиг баримжаагаа ч, жолоодлогоо ч алдана” хэмээжээ. Энэ бол үргэлж шинээр нээх, хөгжүүлэх, төгс төгөлдөрт тэмүүлэх санаа, тиймээс өөрийн үндэстний урт удаан хугацааны туршид бүтээсэн, хадгалагдаж үлдсэн өв соёлоо судалж хөгжүүлэх, цаашлаад шинэ үзэл санаагаар төлөвшүүлэн авч явахыг хичээх нь монгол үндэст хүн бүрийн бодох ёстой асуудал. “Туйлын” гэх үзэл үгүй боловч надад хамгийн ихээр нөлөөлсөн философич бол Нагаржунай. Тэнгэр, нар, сар, гараг ертөнц, оршихуй, бурхан шашин зэрэг ойлголтыг оргүй хоосон болгосон хүн дээ. Хэрэв Нагаржунайн онолыг дагаад эхэлбэл юун “би” байх биз. Өөрийн “би” үгүй бол бүх зүйл хоосон.

Ингээд бодохоор надад нөлөөлсөн л болж таарах нь. (инээв)

-Танд өнгөрсөн хугацаанд хамгийн хүнд бэрх үе хэзээ, юу байсан бэ?

-Мэдэхгүй. Гэхдээ өвдөх болон гэдэс өлсөхөөр яасан хэцүү юм бэ гэж боддог. Өлссөн, зовсон, өвдсөн хүмүүсийг харах хэцүү. Өлсөж ядарч зовж үзээгүй ард түмэн үүнийг ойлгохгүй биз ээ. Нэг нууцаа дэлгэчих үү. Мастер хамгаалахын өмнөх хэдэн сар мөнгө дуусаад өлсгөлөн байдалтайгаар хүнд цаг хугацааг давж туулсан, надад ус будаа хоёр л байсан. Яг тэр үед бичсэн миний нэг богино өгүүллэг бий, олон жил хав дарчихаад саяхан новшоо ухаж байгаад гаргаж ирж уншихад амттай байсан шүү. Өгүүллэгийн нэр “Өлсгөлөн өдрүүд” 2009 онд бичсэн, одоогоор хаа нэгтээ нийтэлж хэвлүүлээгүй.

-“Амаа хамхиж сурсан цагт хүн жинхэнээсээ амьдарч эхэлдэг” гэдэг үгийг та иш татжээ. Та одоо өөрөө өөртөө хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Латин зүйр үг. Грек нь бас л бодмоор: “Зоогийн ширээний ард амаа хамхиж бай”. Өөрөөр хэлбэл оюун санаандаа ч тэр, хоол идэж байхдаа ч бүү чалч гэсэн үг. Хоол идэхдээ би юу ч боддоггүй болсон. Амаараа дүүрэн хоол чихчихээд хүний өөдөөс яриад байдаг хүнд дургүй. Миний аав их дуугүй намуухан хүн. Тэр нь надад нөлөөлсөн байх ёстой. Гэтэл сэтгүүлчид асуулт асууна, найз нөхөдтэйгөө ярина, оюутнууддаа номлоно, би ярьсаар л.... шүлэг, зохиол ч мөн нэг төрлийн яриа шүү дээ. Худлаа бурж, дэмий чалчихгүй, хэр хэмжээгээ мэддэг бол болох нь тэр.  

-Мөн та дээрх ярилцлагын “өөрийгөө бүтээж байна уу, олох гэж эрэл хайгуул хийж байна уу” гэсэн асуултад “гээх гэж” хэмээн хариулжээ. Яагаад?

-Өөрийгөө гээнэ гэдэг олохтой ижил. Бурангуй үзэлдээ итгэчихээд түүнтэйгээ үхширтэл зууралдаад байдаг хүн хөгждөггүй, өөрөөс хэрэггүй зүйлээ гээж шинэ бүхнийг өөриймшүүлж байх, гэхдээ даган дууриахгүй гэсэн санаа.

-“Уран бүтээл эхлэх цэг гэж байдаг” гэж зураач Ж.Мөнхцэцэг хэлж байсан.  Та зураач, яруу найрагч, урлаг судлаач хүн. Таны зураачийн, яруу найрагчийн, урлаг судлаачийн эхлэх цэг юу байсан бэ?

-Ямар хэцүү асуулт вэ, бараг амьдралын түүхээ ярих нь байна шүү дээ. Товчхондоо бол, цаг хугацаа бүхнийг шүүх байх аа даа. Миний бүтээсэн бүхэн эхэлсэн цэг хэмээн санаваас үхэхийнхээ өмнө энэ асуултыг дахин нэг бодож үзнэ ээ. (инээв) Тэр болтол зураг, яруу найраг, судалгаа маань хаа хүрсэн байхыг хэн мэдэхэв. Төрсөн од эхэлсэн цэг байж магад.

-Урлаг таныг хэрхэн өөрчилсөн бэ. Хүн бүрт байдаг нандин чанар (ихэнх хүмүүс түүнийг алддаг гэж боддог)-аа алдаж буйг мэдэрдэг үү, эсвэл урлагаар амьдарч буй учир төрөлх мөн чанараа хадгалж байгаа юу?

Японы ард түмэн дэлхийн бүх улс үндэстний зоосон мөнгийг хайлж хонх цутгаад Монгол Улсад бэлэглэж түүнийг талбайн цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан, гэтэл бид хэрхэн хадгалж байна вэ. Тэр бол энх тайван, амгалан энхийн бэлгэ тэмдэг шүү дээ ч гэдэг юм уу бодмоор зүйлс Монголд их бий.

-Түүхээс харахад урлаг соёл өндөр хөгжихийн хэрээр хүний ёс суртахуунд өөрчлөлт гарсан байдаг. Жишээ нь хүн сэтгэлээ илчлэн байхад, бүтээлээ тайлбарлан таниулж байхад, үзэл бодлоо илэрхийлэн туурвиж байхад өөдөөс нь ард нийтээрээ хамраа ухаад, шүлсээ нулимаад, бохь зажлаад суух нь хэр зохистой вэ гэдэг ч юм уу, сайн баримал гудманд байршуулаад тавихад өшигчих, дээр нь эрээчих эвдэх гэдэг ч юм уу. Жишээ нь Японы ард түмэн дэлхийн бүх улс үндэстний зоосон мөнгийг хайлж хонх цутгаад Монгол Улсад бэлэглэж түүнийг талбайн цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан, гэтэл бид хэрхэн хадгалж байна вэ. Тэр бол энх тайван, амгалан энхийн бэлгэ тэмдэг шүү дээ ч гэдэг юм уу бодмоор зүйлс Монголд их бий. Нандин чанараа гээгээгүй хүн, урлагийн хүмүүн болон урлагийг хайрладаг ард түмэн л урлагийн түүхэнд үлддэг байх шүү.

-Саяхан болсон контемпорари урлагийн тухай хэлэлцүүлэг дээр та “Урлагийг хэн егүүтгэсэн бэ [Who kill the ART]” гэдэг асуултыг нийтэд тавьсан. Ямар өнцгөөс та энэ асуултыг тавихад хүрсэн бэ.  Жишээ нь  “Урлагт дүр эсгэгчид олширсноос уу, эсвэл урлаг судлал байхгүй байгаагаас болоод уу” гэх мэтээр надад бодогдсон. Мэдээж энэ бол ганц асуултын дор бүрэн хариулагдахгүй өргөн хүрээтэй сэдэв байх. 

-Өнцгөөс өнцөгдөж асуугаагүй шүү. Хэлэлцүүлгийн сэдэв “Урлаг уу, солиорол уу” байсан. Сэдвийн хүрээнд хоёр өдөр хэлэлцэхдээ дэлхий нийтэд сөргүүлэн тавьж буй асуудал юм аа, тэрнээс яг асуулт бус. Урлаг асуудал дэвшүүлэхийг илүүд үздэг бөгөөд асуулт гарч ирэх бүрт “Урлаг гэж юу вэ” хэмээх эгдүү хүргэм асуулт хэзээ ч дуусдаггүй. Хариулт нь ч мөн адил хүн бүр л өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Тиймээс би дэлхийн улс орны, ер бүх хүмүүст, цаашлаад харь гарагийнханд хүртэл хамаатай байхаар асуудал дэвшүүлсэн ухаантай. Асуудлаас улбаалж аандаа гарч ирэх санаанууд, асуултууд урлагтай харьцах, урлагт хандах хэн бүхнийг өөрчилж, шинэ эриний урлагийн түүхэнд хувь хүн бүрийн хэлэлцэх, ярилцах сэдвийн хурц асуудал байсаар байх болно хэмээн тооцсон.

Асуудал байхаар тооцно гэдэг хуучрахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл “Урлагийг хэн егүүтгэсэн бэ” гэж хэн нэг хүн бүхэн өөрөөсөө асуулаа гэж бодъё. Эндээс нэн тэргүүнээ “Урлаг гэж юу вэ” хэмээх улигт асуултыг анх удаа өөрөөсөө нухацтайгаар зайлшгүй дахин асуух учиртай болно оо доо. Манай дэлхий хэдэн хүн амтай билээ! Аандаа, хаа сайгүй, хэний янаагүй, жишээ нь, үзэгчид идэвхтэй болно, урлаг судлаачид, шүүмжлээчид ажлаа сайн хийнэ, бүтээгч туурвигчид дүр эсгэж суухын оронд амьдарч эхэлнэ, улс нийгмүүд хөдөлгөөнд орж, олон соёлын харилцаа жинхэнэ утгаар хөгжиж хүн төрөлхтөний бүтээсэн, бүтээж буй түүх ба урлагийн түүх сонирхолтойгоор үргэлжилнэ хэмээн миний урьдчилж харсан бодол.

Дэлхийн урлагийн түүхийн сайн туршлагагүй бид уншаад, судлаад байж дээ.

Гэхдээ урлаг судлал бий шүү дээ, манайд урлаг судлалын ангийг жил бүр олон олон оюутан төгсдөг ч төгсөөд ажлын байрны асуудал, хамрах хүрээ, орчин байхгүйгээс хөөрхий хүүхдүүдийн хувь тавилан сайн дурын, сайхан сэтгэлийн, бүр зарим нь даамжраад их мэдэгчид, туйлшрагчид болж хувирдаг.

Монгол Улс урлаг судлаачдаа дэмжих бодлогоо өргөжүүлэх хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Үнэхээр оноох үг олдохгүй тэнэглэл байна, яагаад ийм хүмүүсээс ярилцлага авдаг юм бэ!!!!!!!!!!

    0 0 Хариу бичих
  2. Сайхан чойр гар даа

    0 0 Хариу бичих