Чадварлаг багш- Чанартай боловсрол- Хүчирхэг улс

Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Энэ нь дан ганц хүүхдүүдийг сургуульд хамруулах тухай ойлголт биш. Үүнд чанартай боловсрол эзэмших эрхийг багтааж ойлгоно. Чанар бол боловсролын “зүрх”.

Үе үеийн олон сайд, дарга нар боловсролын чанар  ярьж лоозогнодог. Харин ярьсан хэлсэн бүхнээ ажил болгож, амжилт олсон нь цөөхөн. Учир нь чанартай боловсролын цөм нь багш гэдгийг ухамсарлахгүйгээр боловсролын чанарыг дээшлүүлэх ямар ч боломжгүй. Манайхан боловсролын чанар гэхээр орчин нөхцөл, сургуулийн дээвэр, хана шохой гэж ойлгоод давхичихдаг талтай. Сургалтын байгууллагын байр сууц, ном, сурах бичиг зэрэгт хөрөнгө зарцуулж, анхаарлаа хандуулснаар боловсролын чанарыг шийдэж байна гэж эндүүрдэг. Уг нь бидэнд сайн боловсрол, сайхан ирээдүй хэрэгтэй байгаа учраас хамгийн түрүүнд чадвартай багш бэлтгэхэд анхаарах учиртай.

Монгол Улсад яг өнөөдрийн байдлаар 21 сургууль багш бэлтгэж байна. Эдгээр сургуулийн алинд нь ч суралцсан бай оюутнууд чанартай боловсон хүчин болж төгсөх ёстой. Яагаад гэвэл багш хүн энэ нийгмийн эд, эс болсон хувь хүнийг төлөвшүүлэхэд том үүрэгтэй учраас ирээдүйн Монголын өнгө төрх одоогийн багш нараас хамаарна гэсэн үг. Үүнийг хөрвүүлэн ойлговол, чадваргүй, мэдлэггүй багш олон арван хүүхдийн ирээдүйг баллах аюултай. Иймээс тус мэргэжлийг сонгож буй хүнд тавих “босго” өндөр байх хэрэгтэй. Соц нийгмийн үед багш хүн маш их нэр хүндтэй, хэн дуртай нь энэ мэргэжлийг эзэмшиж чаддаггүй байсан бөгөөд онц сурдаг, аймаг, орон нутгийнхаа шилдэг сурагчид л багш болдог байв. Харин одоо байдал өөр болжээ.

Багшийн мэргэжил эзэмших сонирхолтой хүүхдийн тоо эрс цөөрснөөс өрсөлдөөн бага, багш болох шалгуур, босго намхан болохоор хэн дуртай нэгэн нь тэнцдэг гэхэд болно. Ийнхүү сурлага тааруу хүүхдүүд багш болох магадлал ихсэж, тэднээр хичээл заалгаж буй хүүхдүүд цаашид хэр чанартай боловсрол олж авах эсэхэд эргэлзээ төрнө.

Багшийн мэргэжлийн босгыг өндөрсгөе

Жил бүр Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар их дээд сургуулиудын босго оноог тогтоодог. Энэ хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 800 оноо авах ёстойгоос төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургуульд 410, орон нутгийн их, дээд сургуульд 400 байхаар тогтоосон. Тэгэхээр элсэлтийн ерөнхий шалгалтаа 50 ч хүрэхгүй хувьтай гүйцэтгэсэн шалгуулагч ямар ч асуудалгүй Багшийн сургуульд элсэж болох нь. Суурь мэдлэг тааруу оюутанд яаж ч заагаад чанартай боловсрол эзэмшсэн боловсон хүчин болж чаддаггүй, ажлын байран дээр ч бүтээмжтэй ажилладаггүйг судалгааны дүн харуулдаг байна. Тиймээс онооны босгыг өндөрсгөе. Мэдээж багш болохоор суралцаж байгаа хүүхдүүдийг бүгдийг нь муу сурлагатан гэсэнгүй. Мөн сурлага муутай хүүхдүүд дээд боловсрол эзэмшихийг ч эсэргүүцсэнгүй. Гагцхүү багш гэх мэргэжлийн үнэ хүндийг өргөж, босго шалгуурыг нь чухал гэж үздэг бусад мэргэжлийн зэрэгт аваачих шаардлагатай байна. Багш мэргэжлийг онцгой гэж харах ёстой. Олон хүүхдийн хувь заяанаас гадна боловсролын чанар, улс орны ирээдүй зэрэг амин судастай холбогддог учраас багш хүн ядаж л өөрөө чанартай боловсрол эзэмших нь зүй юм.

Багш болох хүсэлгүй болов уу?

Багш гэх мэргэжлийн үнэ хүнд нийгэмд хэр уруудаж буй талаар жишээ татъя. Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа Архангай аймгийн багшийн сургуульд элсэх оюутны тоо жил ирэх тусам буурч байна. Энэ хичээлийн жилд л гэхэд 102 оюутан шинээр элсэж, 34 багш, 37 ажилтантайгаар 457 оюутанд боловсролын үйлчилгээ үзүүлж байна.

Уг нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал 960 оюутан хүлээн авах боломжтой ч жил ирэх бүр энэ тоо буурсаар талдаа тулчихаад буй нь энэ. Салбар яамны зүгээс тус сургуулийн удирдлагуудад 50 хувийн ашиглалтыг 100 хувь болгохын тулд гадаад харилцаагаа сайжруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлага тавьжээ. Гэвч ингээд үүрэг өгчихөд л элсэлт нэмэгдээд шийдэгдчихдэг асуудал биш. Үүний оронд яагаад тус сургуульд оюутан элсэхгүй байна вэ, яагаад багшийн мэргэжлийг сонгох хүүхдийн тоо буурав гэдэгт анхаарлаа хандуулах шаардлагатай.

Аливаа мэргэжил нийгэмд үүсэж буй эрэлтээс хамаарч, үнэ цэнэ нь өсдөг. Тэгвэл манай улсад багшийн эрэлт хэрэгцээ өсөж байгаа. Тухайлбал, боловсролын тогтолцоонд үүсэж буй хүн ам зүйн өөрчлөлтийг тооцон бага, дунд ангийн багшийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар “Алсын хараа 2050” хэмээх Монгол Улсын урт хугацааны бодлогод дурджээ.

2018 оны байдлаар нийт 34323 багш ажиллаж байсан бөгөөд 2030 онд энэ тоог 56 хувиар нэмэх тооцоо гаргасан. Мөн нэг багшид ногдох сурагчдын тоо өндөр, ажлын ачаалал их байгаа учраас Засгийн газар 2025 он гэхэд нэг багшид 25 хүүхэд, 2030 он гэхэд нэг багшид 20 хүүхэд ногддог болох зорилт дэвшүүлсэн. Эдгээр зорилтод хүрэхийн тулд ерөнхий боловсролын салбарт 23576 багш ажилд авах шаардлагатай. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 8827 багш ажиллаж байгаа бол ерөнхий боловсролын сургуулиудад 34073 багш ажиллаж байна. Харин 7143 багш их, дээд сургуульд багшилж байна.

Жил бүр Монгол Улсын боловсролын их сургуульд 200-300 хүүхэд шинээр элсэх боломжтой. Элсэгчдийн ЭЕШ-ын оноог харгалзаад 70, 100 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг. Энэ мэтээр элсэлт нэмэгдүүлэх, сургуульдаа оюутан татах аргууд хэрэглэж байна. Энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгдөг ч шийдэл болж чадахгүй хэвээр. Түүнчлэн хот, хөдөөгийн ялгаа сонголтод нөлөөлж байна. Уг ялгаанаас үүдээд төгсөгчдийн дунд чадварын зөрүү бий болдог.

Хөдөлмөрийн үнэлэмж хүүхдүүдийг түлхэж байна

Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалтдаа өндөр оноо авсан хүүхдүүд багшийн сургуульд орохыг эрмэлзэх нь юу л бол. Учир нь багшийн ачаалал өндөр, цаг наргүй хөдөлмөрлөхийг шаарддаг хэдий ч үүндээ тохирсон цалин авдаггүй.

Боловсролын салбарт мэргэшсэн, авьяаслаг боловсон хүчин татахад бэрхшээлтэй байгаа нь цалин хангалтгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл тус салбарт ажиллагсад улсын цалингийн дунджаас бага цалин авч байна. Багшийн хөдөлмөрийн үнэлэмж өндөр байх ёстой. Цаашид багшийн суурь цалинг багадаа 200-300 мянган төгрөгөөр нэмэх боломжтой гэж салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн.

Тэрээр багш нарын цалин хангамж, хөдөлмөрийн үнэлэмжийг нэлээд өндөр түвшинд гаргаж байж чанартай боловсрол шаардана гэдгийг онцолсон юм.

Багш нарын ачаалал- Хөгжлийн “дөнгө”

Багш сурагчдын ачааллыг бууруулах зорилтын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамны хийсэн судалгааны үр дүнд багш нар үндсэн ажлаасаа гадна олимпиадад бэлтгэх, зохион байгуулах, аймаг, сумын удирдлагын илтгэл бэлтгэх, дэвтэр засах зэрэг элдэв бичиг цаасны 419 төрлийн ажил хийдэг жагсаалт гарчээ. Багш нарын өдөр тутмын гүйцэтгэлийг 100 хувь гэж үнэлбэл үндсэн ажилдаа 37 хувийг, нэмэлт ажилд 63 хувийг зарцуулдаг гэсэн дүн гарсан аж. Багшийн ажлын ачааллыг долоо хоногт 40 цагаар тооцож, тогтоосон. Тодруулбал, багш долоо хоногт 19 цагийг хичээл заахад, 15 цагийг хөтөлбөр боловсруулахад, 6 цагийг бусад ажилд зарцуулахаар тооцжээ. Гэвч бага ангийн багш долоо хоногт дунджаар 62.4 цаг ажиллаж байгааг судалгаанд тэмдэглэсэн байна. Үргэлж урагшилж буй нийгмийн хөгжлөө дагаад багш нар цаг ямагт хөгжиж, боловсрох шаардлагатай байдаг ч ажлын өндөр ачааллын хажуугаар нэмэлт сургалтад хамрагдаж амждаггүй ажээ.

Энэ бүхнээс дүгнэхэд багшийн мэргэжлийн сайханд татагдаж, багш болохын төлөө шударгаар өрсөлдөж, хамгийн шилдэг нь энэ мэргэжлийг эзэмшдэг цэвэр өрсөлдөөн, өндөр босго үгүйлэгдэж байна. Үүний тулд нийгэм дэх багшийн нэр хүндийг сэргээх хэрэгтэй. Мөн багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн асуудалд нь цогцоор анхаарч, зоригтой шинэчлэл хийх шаардлага тулгарлаа.