Коронавирусийн халдвар аваад эдгэрсний дараа толгой өвдөх, ой тогтоолт муудах, даралт ихсэх, ядарч сульдах зэрэг хам шинж нийтлэг илэрч байна. Тэгвэл халдвар аваад эдгэрсэн хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрч байгаа болон энэ тохиолдолд ямар асаргаа, сувилгаа хэрэгтэй талаар мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Коронавирусийн халдвар зонхилон хүүхдийн уушги, амьсгалын замыг гэмтээж байна. Түүнчлэн халдвар авсан тохиолдолд ханиаж, халуурч эхлээд богино хугацаанд гэнэт хүндрэх эрсдэлтэй. Хүүхэд халдвар авахад эцэг, эхчүүд дур мэдэн эм өгөх гээд байдаг. Энэ нь өвчнийг ужигруулах, хүндрүүлэх эрсдэлтэй юм. Тохирох антибиотикоо зөв тунгаар авах нь чухал. Хүүхдийн дархлаа маш онцлогтой. Маш сайн витамин хэрэглээд хүүхдийн дархлаа, чадамж дээшилнэ гэж байхгүй. Харин амьдралын зөв хэв маяг хүүхдийн дархлааг дэмжинэ. Жишээ нь, зөв цагтаа унтдаг байх хэрэгтэй. Их унтаснаараа бус, зөв үедээ унтах нь чухал. Иймээс энэ хэв маяг дээр нь анхаарахыг зөвлөе. Мөн дэлгэцийн хэт хэрэглээ хүүхдийн дархлааг сулруулах эрсдэлтэй байдаг. Үүн дээр зөв хооллолт, хөдөлгөөн чухал юм. Хүүхдэд коронагийн дараа хоолонд дургүй болох, хөлрөх, ядрах гэх мэт зовуурь илэрдэг. Энэ үед дээр хэлсэнчлэн дархлааг нь дэмжиж, тохирох эрдсийг нөхөх эмчилгээ хийнэ. Хэрвээ хүүхэд хатгалгаа авсан бол бүрэн эдгэрэх хугацаа нь 30 хоног. Энэ үед давтан ханиад хүргэхгүй байх хэрэгтэй. Ковидоор өвдсөн хүүхдийн тухайд цус өтгөрөл тохиолдохгүй байгаа.

Халдварын дараа илэрч байгаа хам шинжүүдийг эмээр эмчлэх гэхээс илүү дасгал хөдөлгөөн хийх, агаарт алхах, иог, бариа засал хийлгэх зэргээр сэргээн засах нь илүү үр дүнтэй. Хөдөлгөөн хийх үед булчин ачааллаж хүчилтөрөгчийг ихээр авдаг. Ингээд тархинд очих хүчилтөрөгийн хэмжээ нэмэгддэг. Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүүхдүүдэд хамрын салт хөөж, хамар бүтүүрэх нь ихсээд байдаг. Ингээд агааржилт буурсантай холбоотой толгой өвддөг. Иймээс хүүхдээс цэвэр агаарт сайн гаргаж байх, гэртээ агааржилт сайн хийх хэрэгтэй.

Халдварын дараа хүүхдэд сэргээн засах эмчилгээг хийхдээ хамгийн түрүүнд салстын хөөнгийг арилгах эмчилгээ хийж байна. Сэргээн засах эмчилгээ нь хүний амьдралын чанарыг сайжруулах зорилготой. Үүнд уламжлалт эмчилгээ, дасгал хөдөлгөөн, хөдөлмөр засал, ахуй засал, хоол засал гэсэн баийн үйл ажиллагаа давхар явагддаг. Ковидоор өвдсөн хүүхдэд сэргээх тусламж үйлчилгээг хийхэд хамгийн чухал нь наран шарлага. Мөн шавар эмчилгээ, рашаан эмчилгээ чухал ач холбогдолтой. Хөдөлгөөн засал эмчилгээг мөн хийх хэрэгтэй. Хүүхэд харшилгүй бал тан эмчилгээг хийж болдог.