НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллага “Монгол улс: Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” сэдэвт судалгааг 2020-2021 онд хийж гүйцэтгэжээ. Энэхүү судалгаагаар “хуучин шилжигсэд” буюу 2014 оноос өмнө нийслэлд ирж суурьшсан шилжигсэд нь нэн эмзэг дорой нөхцөлд амьжиргааны доод түвшинд гацсан, хэрэглээний ус, ариун цэврийн байгууламж хязгаарлагдмал орон сууцад амьдарч байгаа нь харагдсан байна.
Харин 2014 оноос хойш нүүн ирсэн дотоодын шилжигсэд нь амьжиргааны болон амьдрах орон сууцны хувьд харьцангуй сайн нөхцөлтэй байгааг олж тогтоосон байна. 2020 оны судалгааны үр дүнг 2018 онд хийгдсэн судалгааны ололттой харьцуулахад, дотоодын шилжигчид улам залуужих хандлага харагдсан бөгөөд нийт шилжигчдийн гуравны нэг нь 20-29 насныхан байгаа аж. Залуучууд дунд сургуулиа төгсөнгүүтээ Улаанбаатар хотыг зорьж байгааг энэхүү үзүүлэлт илэрхийлж байгаа юм.