Хандив хэмээх АВЛИГА
Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх шаардлага
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй УИХ-д өргөн барих гэж байна. Энэхүү хуулиар намуудын хандив, түүний цаана далд хэлбэрээр оршдог авлига, намын санхүүжилтэд тавих хяналт зэргийг цэгцлэхийг зорьж буй бололтой. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч өөрийн байр суурийг тун тодорхой илэрхийлэв. Тэрээр “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрдсэн нийгмийн соёл, салбар бүрт бугшсан хүнд суртлын асуудалтай нүүр тулж байна. Авлигын тэмцлийг улам эрчимжүүлнэ. Ямарваа нэг байдлаар намын нөхөр, таньдаг хүнээ өөгшүүлэхгүй бодлого барина гэдгээ Ерөнхий сайдын хувьд хэлье. Уг хуультай хамт Намын санхүүжилтыг ил тод байдлын тухай хууль оруулахаар УИХ-д ажлын хэсэг байгуулагдсан. Намд хандив өгөх нэрээр авлигын систем бүрдүүлдэг байдлыг таслан зогсоох, ил тод болгох, хуулиас бусад байдлаар хандив өгсөн тохиолдолд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, ялын бодлогыг чангатгах бодлого барина” гэж мэдэгдлээ.
Тэгвэл Улс төрийн намын тухай хуульд ямар өөрчлөлтүүд хийгдэхээр дуншиж байна вэ. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн алдаа дутагдал нь хаанаа, юунд оршиж байна вэ. Өдгөө Монгол Улс авлигын индексээр 180 орноос 111-р байрт жагсаж байгаагийн гэм бурууг энэхүү улс төрийн намын санхүүжилтын балаг тодорхой хэмжээнд үүрэлцэх учиртай. Юу гэвэл, улс төрд намаар дамжиж, их хэмжээний авлига орж ирдэг. Энэ боломжийг нь хуулиар хязгаарлаж, хазаарлаж өгөхгүйгээр авлигатай хийх тэмцэл амжилт олох ямар ч бололцоогүй. Улс төрд хяналтгүй орж, гарч буй эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөний урсгал нь Монголын ардчилалд ноцтой эрсдэл бий болгож байна.
Улс төрийн намын санхүүжилтын өнөөгийн тогтолцоо нь олон талын хор нөлөө үзүүлж байна. Юун түрүүнд тодорхой сонирхлын бүлэгт давуу байдал олгодог. Тодорхой хэлбэл, хэн мөнгөтэй хүчинд үйлчлэх нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн үг. Удаад нь, сонгуулийн шударга өрсөлдөөнийг бууруулж, нийгмийн олон талын төлөөлөл сонгуульд нэр дэвших бололцоог хааж боогдуулдаг ажээ. Нөгөөтэйгүүр, Монголын улс төрийн намууд сүүлийн жилүүдэд томоохон авлигын хэрэг, дуулианд өртөх нь ердийн гэмээр үзэгдэл болсон. Жишээ татвал олон л бий дээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол шуугиан яг ийм сэдвийн хүрээнд дэгдэж байсныг уншигчид санаж байх ёстой. Нэр дэвшигч С.Ганбаатар гадаадын компани, хувь хүнээс мөнгө авч буй бичлэг цацагдсанаар түүний рейтинг мэдэгдэхүйц уруудаж байлаа. Түүнчлэн улс төрийн намын санхүүжилтын булхайгаас болж, Засгийн газар хүртэл огцорч байсан тохиолдол ч бий. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцорсон шалтгаан нь намдаа санхүүжилт босгох схем боловсруулснаас цаагуураа үүдэлтэй байв. Энэ мэтээр олон л жишээг дурдаж болох ч Монголд одоогоор намын хууль бус санхүүжилттэй холбоотой хэргээр хариуцлага хүлээж, ял зэм хүлээсэн улс төрийн хүчин болоод хувь улстөрч хараахан үгүй. Н.Энхбаярын гэх МАХН-аас намын санхүүжилт босгох зориулалтаар авилга авсан хэргээр ял шийтгэгдэж байсан нэг тохиолдлыг эс тооцвол шүү дээ. Гэхдээ эдгээр баримт нь зөвхөн авилгын чанартай, сэдэлтэй үйлдэл гэдгээрээ хуулинд туссан учраас л хариуцлага яригдсан хэмээн ойлгож болно.
Хандив хэрхэн хууль ёсны авлига болж хувирав?
Тэгвэл эсрэгээрээ хуулийн хүрээнд буюу хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны байдлаар улс төрийн намын санхүүжилт босгодог олон хэлбэрүүд байгаа. Эдгээрийн заримыг зүй ёсных гэж үзэж болох бол харин заримыг шууд авлига гэж тооцох ч боломжтой мэт санагддаг.
Тухайлбал, улс төрийн сонгуульд нэр дэвшихийн тулд намдаа дэнчин өгдөг асуудал нь тийм ч зөв үзэгдэл биш. Сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд нам нь дэнчин хурааж авах нь сонгуулийн пассив эрх буюу сонгуульд нэр дэвших боломжоор хангагдах эрхтэй холбоотой зөвлөмжтэй зөрчилддөг ажээ. Энэ нь ялангуяа эдийн засгийн боломж, танил талын сүлжээ дутмаг хүмүүст, тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудын хувьд улс төрд оролцоход нь саад учруулдаг. Түүнчлэн, нэр дэвшигчдийн намдаа өгдөг дэнчингийн мөнгө хуулиар тогтоосон хандивын хязгаарыг хэд дахин нугалдаг нь тухайн нэр дэвшигч бусдын эрх ашигт үйлчлэх нөхцөл болохгүй гэх баталгаагүй.
Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг заавал төлөхийг шаардаж байсан. Харин МАН-ын хувьд рейтингийн судалгаа хийх нэрийдлээр нэр дэвшихийг горилогчдоосоо их хэмжээний мөнгө авсан гэгддэг. Тэгвэл шинэ хуулиар намууд нэр дэвшигчдээсээ дэнчин авахыг хориглохоор төлөвлөжээ. Учир нь дэнчингээр дамжиж эдийн засгийн болон улс төрийн давуу байдал олж авах нөхцөл үүснэ.
Монголын улс төрд томоохон бизнес, хувийн ашиг сонирхлын нөлөө тусаж буйг олон судалгаа, баримтаар нотолдог юм билээ. Яг одоогийн нөхцөлд улс төрийн санхүүжилтийг хоёр гол хуулиар зохицуулж байна. Энэ нь 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хууль болон 2005 онд өөрчлөлт оруулсан Улс төрийн намын тухай хууль юм. Сонгуулийн тухай хууль нь нэр дэвшигч, намуудтай холбоотой сонгуулийн санхүүжилтийг зохицуулдаг бол Улс төрийн намын тухай хууль нь сонгуулийн бус үеийн улс төрийн намын санхүүжилтийг зохицуулж буй.
Хувь хүмүүс өгч болох хандивын дээд хэмжээ нь сонгуулийн үеэр 3 сая төгрөг, сонгуулийн бус үед 1 сая төгрөг байхаар хуульчилсан. Харин аж ахуйн нэгж бол сонгуулиар 15 сая төгрөг, сонгуулийн бус үед 10 сая төгрөг байна гэж заажээ. Хандивыг бэлэн болон бэлэн бусаар өгөх боломжтой. Бэлэн мөнгийг зөвхөн зориулалтын дансаар хүлээн авах ёстой. Бэлэн бус хандив, үүнд бараа (машин, тоног төхөөрөмж, шатахуун, цаас, компьютер г.м), үйлчилгээ (хуулийн зөвлөгөө), хурлын танхим, бусад байгууламж ашиглуулах зэргийг багтаадаг. Хэдий ийм хууль үйлчилдэг ч Монголд зөвхөн энэ хуулийн дагуу намын санхүүжилтээ шийдэж явдаг нэг ч нам байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй.
Улс төрийн намын орлогын 20-иос доош хувийг төрийн санхүүжилт эзэлдэг байна. Тиймд бусад орлогоо хувийн компанийн хандив, дэнчингийн мөнгөөр босгож олдог байж таарах нь. Улстөрчид, аж ахуйн нэгжүүд хуулиар тогтоосон хязгаараас зайлсхийхийн тулд компанийн хандивыг хувь хүмүүсээр дамжуулан далдлах, нэр дэвшигчдийн дэнчинд мөнгө хандивлах зэргээр хуулийн хийдэл ашигладаг нь нууц биш ээ. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээс хандив авах нь хуулиар хориотой ч төрийн тендерт ялсан хувийн компани хандив өгөхийг хориглоогүй байх жишээтэй. Ийм нөхцөлд томоохон компаниудын зүгээс тендерт давуу байдал олж авах, лобби хийх замаа засах сэдлээр хандив өгч таарна. Хамгийн энгийн жишээ нь, Монголын томоохон компаниуд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй дөрвөн хүнд дөрвүүлэнд нь хандив өгсөн баримт бий шүү дээ. Энэ нь “аавын хүүг алаг үзэхгүй” гэсэн хэрэг огтоос биш юм. Хэн нь ч сонгуульд ялсан тус компани хандив өгсөн гэх нэр зүүж үлдээд, аливаа давуу эрх олж авахыг горилж буй гэсэн үг юм.
Гэтэл зарим улс оронд хувийн корпорациас хандив авахыг ор тас хориглодог юм билээ. Адаглаад л, төрийн болон бараа худалдан авах тендерт оролцсон хувь хүн болон хуулийн этгээдийг намд хандив өгөхийг хориглох хэрэгтэй. Гадаадын улс оронд сонгуулийн кампанит ажилд хувь нэмрээ оруулсан аль нэг компани түүний дараа давуу байдал олж авсан эсэхийг хүртэл мөшгөн судалдаг. Саяхан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой холбоотой ийм дуулиан дэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. Юу гэвэл, түүнтэй холбогдсон Мохамед Амерси гэгч нь 2018 оноос хойш намд 525 мянган фунт стерлинг хандивласан. Үүнийхээ дараа Швед улсын харилцаа холбооны компанитай хийгдсэн хэд хэдэн гэрээтэй холбогджээ. Эдгээр гэрээг АНУ-ын хууль тогтоомжийн дагуу шалгаж 965 сая ам долларын торгууль ногдуулж байжээ. Яагаад улс төрийн намуудад өгч буй хандивын асуудал маргаан дагуулдаг вэ? Энэхүү хандив нь хуулийн дагуу өгч буй авлигын шинжтэй учраас л тэр. Хандив өгснөөрөө ямар нэг эдийн засгийн болоод улс төрийн давуу байдал олж авсан л бол тэр нь авлига болж хувирна.
Нам хаанаас санхүүжих ёстой вэ?
Тиймээс үүний шийдэл нь хувь хүмүүсийн хандивын дээд хэмжээг нэмэгдүүлж, үүний эсрэгээр компаниудын хандивын хэмжээг алсдаа цуцлах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, хувь хүний давуу байдал олж авах, лобби хийх зорилго, боломж аж ахуйн нэгжүүдийг бодоход харьцангуй бага гэж үздэг байна. Нөгөө талаар, намд хандив нэрээр очиж буй авлигыг зогсоохын тулд улс төрийн нам болон нэр дэвшигчид сонгуулийн болоод сонгуулийн бус аль ч үед данснаас гадуур бэлэн мөнгөөр хандив өгөхийг нэг мөр хориглох ёстой. Ингэснээр хуулийн этгээдийн хандивыг хувь хүмүүсээр дамжуулж нууцлах боломж хумигдаж, хяналтын байгууллагууд үүргээ гүйцэтгэхэд дөхөм болно.
Нөгөө талд, сонгуулийн болон сонгуулийн бус үед намын үйл ажиллагааг санхүүжүүлэх баталгаа болгож төсвөөс олгох санхүүжилтийг нэмэх нь зөв шийдэл юм. Энэ нь намууд хувийн эх үүсвэрээс санхүүжилт босгох хэрэгцээ шаардлагыг багасгаж хуулийн этгээдээс авч байсан хандивыг нөхөх сайн талтай. Улс төрийн намын тухай шинэчилсэн хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хуульд оруулж байгаа гол өөрчлөлтийн талаар “Шинэ хуулиар нам болгон жилд хоёр удаа буюу хагас жил тутам санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ. Нам хэрвээ удаа дараа санхүүгийн тайлан, тооцоотой холбоотой алдаа гаргасан тохиолдолд тухайн намд олгох төсвийн санхүүжилтийг хязгаарлана, цаашлаад зогсоох, сонгуульд оролцох эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах заалтыг оруулсан. Ингэж байж нам хариуцлагатай болно. Мөн улс төрийн намуудын гишүүдийн татвар, хандив буюу хувь хүн хуулийн этгээдээс өгсөн хандивыг ил тод зарлана. Хандивын дээд хэмжээг тодорхой зохицуулж өгсөн. Нам хөрөнгө мөнгөтэй цөөн хэдэн хүний хараанд биш гишүүд дэмжигчдийнхээ мөнгөөр санхүүжих боломжийг олгоно. УИХ-д суудал аваагүй ч улс төрийн сонгуулиар иргэдийн тодорхой хувийн санал авсан намд төрөөс дэмжлэг үзүүлж болно гэсэн олон улсын жишгээр 1-3 хувийн санал авсан намуудад төрөөс тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлнэ гэсэн хуулийн төсөлд тусгасан. Энэ дэмжлэг тухайн намыг бодлогын нам болон төлөвшихөд чиглэх ёстой” гэж ярьжээ.
2020 оны сонгуулийн дүнгээр УИХ-д гурван нам, хоёр эвсэл сонгогчдын нэг хувиас дээш санал авсан байна. Шинэчилсэн хууль батлагдвал тэд төрөөс санхүүжилт авах эрхтэй болно гэсэн үг. Одоо бол улс төрийн нам хоёр янзын төсвийн хэсэгчилсэн дэмжлэг авч байгаа. Нэгд, сонгуулийн дараа УИХ-д суудалтай намуудын хүчинтэй санал тутмыг 1000 төгрөгөөр үнэлж нэг удаа санхүүжилт олгодог. Хоёрт, УИХ-д суудалтай намууд нэг суудлыг жил тутам 10 сая төгрөгөөр дүйцүүлэн төрөөс санхүүжилт авч байгаа. Энэ нь улс төрийн намуудыг хөрөнгө мөнгө, бизнесийн бүлгүүдийн нөлөөнөөс ангид байх хэмжээний санхүүжилт болж чаддаггүй гэж үзсэн байна. Ямартай ч шинэ хууль намын санхүүжилтийн ард байдаг бохир мөнгө, лобби, авлига зэргийг бага ч болов шийдэхийг зорьсон нь сайшаалтай. Гэвч хувь хүмүүсийн өгч болох хандивын хэмжээг нэмэгдүүлэх, хуулийн этгээдээс авч болох хандивын хэмжээг бүрмөсөн хориглох, намууд сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй гишүүдээсээ дэнчин авдаг жишгийг халах, уг төлбөрийг хувь хүн өгч болох хандивтай адилтган, хуульд заасан дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар зохицуулах зэрэг олон чухал өөрчлөлтүүд хүлээгдэж байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Харбэх 2022/01/11
Энэ хуулийг маш чанартай гаргах ёстой. Намын эрх ашиг оруулж болохгүй
0 0 Хариу бичих