Автомашины үнэ өнгөрсөн зунаас эхлээд “тэнгэрт хадав”. Хил гаалийн “түгжээ”, үйлдвэрлэлийн “гацаа” зэрэг нэг биш нэжгээд асуудлыг улмаас нийлүүлэлт хомсдож үнэ өссөн юм. Тэр үйлдвэрийн, ийм загварын, тэдэн оных гэж онцлох аргагүйгээр бүх төрлийн автомашины үнэ 5-20 сая төгрөгөөр нэмэгдээд хагас жил орчим өнгөрлөө.
Цагаан сар, шинэ жилээс урьтаж тэргээ солихоор зэхэж буй хүмүүс цаашдаа үнэ хаашаа хэлбийх бол гэж чих тавин сууна. Тиймээс бид автомашины үнийн өсөлтийн талаар сурвалжиллаа.
Жилийн аль ч улирал, өдрийн аль ч цагт хүний хөл тасардаггүй “Да хүрээ” зах өнгөрсөн амралтын өдрүүдэд эл хуль байв. Автомашин зарахаар зогсож буй худалдаачид ч урьдынхаасаа цөөрсөн байлаа. Зэхсэн тэргээ зарахын хүссэн зарим худалдаачид “хямдруулаад өгнө, яриад аваарай” гэх зэргээр татаж, чангаана. Автомашины үнэ өссөн нь ихэвчлэн гадаад хүчин зүйлээс шалтгаалж буй бөгөөд үнэ нь хоёр, гурав дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор машин авах сонирхолтой хүний ховордсон талаар тэд учирлана.
Энэ талаар автомашины худалдаа эрхлэгч Л.Галсансүх “Автомашины үнэ хоёр, гурав дахин нэмэгдсэн. Зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч үнэ доош, дээш хэлбэлзэх тохиолдол байдаг ч арай ингэж нэмэгдэж байгаагүй. Өнгөрсөн жил 10 сая төгрөгөөр зарагдаж байсан тэрэг одоо 17-18 сая хүрсэн. Монголчуудын хамгийн их унаж, хэрэглэдэг Toyota Prius 20 загварын автомашины үнэ бүр ч илүү нэмэгдсэн. Энэ нь ченжүүдээс хамаарсан үнийн өсөлт биш. Цаанаас үнэтэй орж ирээд байгаа. Мөн иргэд далимдуулаад хуучин автомашины үнээ хөөрөгдөж байна. Тэгсэн хэрнээ биднийг үнэтэй зарлаа гэж бухимддаг. Хавраас арай сулрах болов уу гэж найдаж байна. Ямар ч байсан үнэ одоо тултал өссөн. Тиймээс цаашдаа үүнээс илүү өснө гэж бодохгүй байгаа. Боломж ч байхгүй байх” гэсэн юм.
Монголчуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг Toyota Prius 20 автомашины үнэ он, загвараасаа хамаараад 10-20 сая төгрөгөөр худалдаалагдаж байв. Өмнө нь гааль дээр буусан, хамгийн залуу онтой энэ төрлийн автомашиныг ч 20 сая хүргэж авдаггүй байсан тухай худалдан авагчид хэлсэн юм.
Цаашдаа үнэ хэрхэх тухай ямар мэдээлэлтэй байгаа талаар нь хэд, хэдэн ченжээс тодруулахад “Хил гаалийн асуудал цэгцэрчихвэл автомашины үнэ арай сулрах байх. Гэхдээ контейнерын үнэ хэтэрхий өссөн нь үнийн өсөлтөд гол нөлөө үзүүлж байгаа учир хил нээгдлээ ч асуудал шууд цэгцэрнэ гэж итгэлтэй хэлж чадахгүй байна. Нэг чингэлэгт дөрвөн автомашины багтдаг. Хятад жолооч нар үнийг нь дураараа хөөрөгдөх болсон. Уг нь энэ тал дээр анхаарчихвал автомашины үнэ ингэтлээ өсөхгүй байх боломж бий” гэсэн юм.
Автомашины үнэ өссөн шалгаан:
Өвлийн дугуйны үнэ өсөж, олдоц багасжээ
Иргэд анхны цас орохтой зэрэгцэн иргэд өвлийн дугуйгаа базаадаг. Гэвч өнөө жил автомашины үнэ өсөөд зогсохгүй сэлбэг хэрэгслийн үнэ ч гаарчээ. Олдоц ч ховордож. Энэ талаар сурвалжлахаар бид “Да хүрээ” захын урд хэсэгт байрлах дугуйн худалдааны хэсгийг зорив. Мөн л хүний хөл сийрэг байлаа. Үнийн өсөлтийг худалдан авагчдаас тодруулахад 2-3 дахин нэмэгдсэн талаар учирласан юм. Өнгөрсөн жил 60-80 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан дугуй одоо 120-160 мянгад хүрсэн аж.
Учир байдлыг худалдаачдаас тодруулахад, тээврийн зардал өнгөрсөн жилийнхээс гурав дахин нэмэгдсэн, хил гааль хаасан гэх тайлбар өгсөн юм. Түүнчлэн урдаас оруулж ирдэг дугуйнууд байхаа больсон тухай ч өгүүлэв. Энэ нь худалдаа эрхлэгчдийн амьдралд шаггүй чирэгдэл болж буйг ч онцолсон юм.