Ардчилал, гуйлгачлал хослосон дампуу нийгэм яваад байж болохгүй ээ

УИХ-ын хуралдааны тэмдэглэлээс: Сүүлийн 30 жил хөгжлийн нэгдсэн бодлогогүй явж ирсэн. Түүнийхээ горыг ч өнөөдөр амсаж байна. 1995 онд монголчуудын 35 хувь нь ядуу байсан бол өнөөдөр 29.7 хувь нь ядуу байна. Хөгжлийн томхон төсөл хөтөлбөрүүд нь явдаггүй. Ийм л дүр зурагтай байгаа. 

УИХ-ын хуралдааны тэмдэглэлээс: Хөдөлмөрийн насны 110 мянган залуус халамж авдаг–Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хариулт.

МАН-ын ЕНБД-ын мэдэгдлээс:Хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлоох, хууль эрх зүйн орчныг цаг үеийн шаардлагад нийцүүлэх, шинэчлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Намын 30-p их хурлаар  хүний эрхийн асуудлыг өндөр түвшинд авч хэлэлцэнэ.

Супер гэмээр гурван эшлэл авлаа. Хэлсэн хүмүүс нь миний нийтлэлийг үзээсэй. Санаа сэдэл аваасай.

Монголын маань дэлхий дахины имиж юу билээ? Биднийг хэн гэж хардаг вэ? 

Хөөрхий ардчиллын төлөө уйгагүй тэмцэгч ядарсан будилсан нэг ард түмэн. Авторитари хоёр дэглэмийн дунд хавчуулагдсан Төв Азийн цээжин дээрхи ардчиллын ганц баян бүрд. Гол онцлог нь ардчилалтай ч гэсэн туйлын ядуу, ядуурал нь ямагт байж байдаг, монголчуудын олонхи нь ядуурлаасаа ичдэггүй ба гарах дургүй. 

Яг ингэж бичсэн нь үгүй ч ерөнхийдөө иймэрхүү утгатай. Харин хоёр хөрш нь төр–засгийн дээд түвшинд биш гэлээ гэхэд ахуйн түвшинд, хэвлэл мэдээллээр манайхныг хөөрхөн цоллоно. Ингэж их ядуурч доройтох байсан юм тэгж их ардчилал, хүний эрх ярих хэрэг юун билээ? Тэр ардчилал чинь ядууралгүй болгох чинь яав? Бас нэг иймэрхүү.

Ард иргэддээ төр–засаг нь ажил хөдөлмөр хий, бүтээ, босго хэмээн хэлж, шаардаж чадахгүй болтлоо ардчилал хөгжүүлэх хэрэг байна уу хэмээн ам асуусан хятад иргэн надтай таарсан шүү. 

“Танай улсад хийх ажил асар их байна. Та нар яагаад хийдэггүй юм бэ?”–гэр бүлийн зочлолоор ирсэн америк иргэн ам асууж байв. Монгол хадам нь энгэр дүүрэн одон тэмдэг гялалзуулан герман хүргэнээ угтсан чинь нөгөөх нь асууж байнаа. Ингэж их шагнуулталаа хөдөлмөрлөсөн юм бол яагаад ядуу амьдраад байна вэ, Германаас монгол эхнэр маань ил далд маш их мөнгө сар тутам Монгол руу явуулдаг, тэгсэн хэрнээ Та нар яагаад ядуу байгаад байдаг юм бэ?

Тэр америк, герман иргэд Монголын ардчиллыг бахдаж шагшсан ганц ч үг ганхийлгэлгүй нутаг буцсан. Ардчиллын талаар ам ангайдаг япон, солонгос гэж Монголд бараг тааралдсангүй. Харин тэрийгээ тэгчихгүй, машин замын бөглөрөлөө тэгчихгүй, хүнсний ногоогоо хүлэмжиндээ тэгээд тарчихгүй, өвчлөлөө ингэчихгүй, энэ их мал сүрэг чинь Та нарыг яагаад ядуу байлгадаг юм, ийм их газар нутагтай байсансан бол бид тэгчих байлаа гэсэн япон, солонгос иргэдтэй бол таарч байсаан. Энэ мэт гадныхны шүүмжлэлд ам ангайж, үг сөргөж тайлбарлах нь бүү хэл сонсох тусам хар хөлс чийхарч, хэлэх үггүй гөлөлзөн явдагсан, би бол. Үнэхээр хэлэх үг байхгүй. Гадныхан гайхаад л, гайхаад гайхаад дуусашгүй.

“Харанхуй масст эрх чөлөөг нь хэт эрт амсуулчихснаас бүх гай эхтэй” гэж ярьсан монгол хүн бол олон бий шүү. Цаашдаа ч олшрох биз. “Монголчууд хүнлэг нийгэм байгуулж чадсангүй харин адгууслаг нийгэм байгуулчихаж” хэмээн миний нэг нийтлэлд комент бичсэн байсныг би эшлэмээр санагдлаа. Надад зориулсан коментууд занах зүхэх, хөөх туух, ална тална гэхээсээ илүүтэй бүтээлч, шийдэл эрэлхийлэгч болж байгаа нь дэвшил юм. Хойшдоо ч тэгэх байх, олшрох ч биз. 

МАН-ын 30-p их хурлаар  хүний эрхийн асуудлыг өндөр түвшинд авч ярилцана гэдэг маань эрх баригчид нь ард иргэддээ шаардлага тавьж чадахгүй тойрч бултуулна, хэрэг дээрээ иргэдээсээ гөлөлзөнө гэдгээ ярилцах хэрэг үү хэмээн ам асуух хүн байнаа.

Ажил хийлгэж, өөрсдөөр нь амьдралыг нь өөд татуулдаг ч бүр дүүрч. Гучин жил ярьж байгаа улигт сэдэв. Ажил хийлгэхийг уриалсан мань мэтийг бол “Чи өөрөө хий, чи өөрөө юу хийж байсан юм. Ганц тоосго өрж үзээгүй, ганц хүрз цас цэвэрлээгүй байж” гэж ирээд л харааж загнах нь энүүхэнд. Гоморхол, барьцаа, өсөрхөлийн шинжтэй. Барьцаж л дуусна. Чамайг хийвэл би хийнэ, чамайг хийхгүй бол би хийхгүй! 

Зүв зүгээр цайлган цагаан ард түмэн мөнхөд байж байдаг, харин ардчиллын жилүүдэд дан хулгайч луйварчид төрд ирдэг гэх ойлголттой энэ ард түмний хүний эрхийн асуудлыг өндөр түвшинд авч ярилцах тусам чинь хэлэх үггүй болж, шаардлага ч тавьж хүчрэхгүй мухардах болно. 

Ард түмэнд буруу байхгүй гэдэг дээр би “90:10” гэсэн харьцаа гаргаж ярьдаг хүн. Хулгайч нар төр барьдаг гээд мэлзээд байгаа чинь Та бидний сонгосон (зөвхөн сонгуулиар) төр–засаг шүү дээ. Төрийн ба цэргийн эргэлтээр Төрийн ордон руу довтолж очоод ард түмнээ захирч дарласан ганц ч тохиолдол үгүй! Гэмгүй цайлган ард түмний ядуу дорой, арчаагүй, гуйлгачин байгаагийн 90 хувь төр–засаг, улс төрчдөөс болдог гэдгийн эсрэг тэдний оролцоо үсрээд л 10 хувь гэж би ямагт сөргүүлдэг. Ерөөсөө Та бидний аж амьдрал сайн муу, сайхан муухай байхын чинь 90 хувь нь Та бидний өөрсдийн ажил үйлс, овсгоо самбаа, эрүүл мэнд, боловсрол, нэг үгээр Таны адгууснаас ялгарах тэр тархины чинь ид шидэнд орших учиртай юм. Харин тэр төр–засаг нь Та бүхнийг (нийт ард түмнийг) хэт эрхлүүлж дураар нь дургиулж амьдруулсан бурууг бол хүлээх ёстой. Ард түмэндээ шаардлага тавьж чадахгүй болтлоо эрхлүүлчихсэн!

Холын элдэв жишээ хайхгүй, түүх ухахгүйгээр ердөө өчигдөр өнөөдрөөр чинь жишээлье. Шаардлага ч тавьж хүчрэхгүй ганц жишээ, өдөр тутам ил байж байна. Нийслэлийн замын их түгжрэлийг арилгах хамгийн энгийн арга бол “Та нар машин барихаа боль оо!”, “Машин худалдан авахаа түр азнаа!” гэх л шаардлага юм. Маш энгийн, бүр ахуйн шаардлага. Ардчилал, хүний эрхэнд нэг их хамаарахгүй. Харин хамааруулах гэвэл мөнхөд түгжрэлтэй байна. Өөр ямар ч ухаалаг тайлбар хэрэггүй.

Ядуус, гуйлгачид, золбин иргэд олширч байгааг өөрсөдтэй нь хатуухан яриад, хэрэв эрүүл саруул, хөдөлмөрийн насных л бол ажилд хуу дайчлаад, нутаг заагаад заримыг нь хөдөө орон нутаг руу нь буцаагаад, газар мал эрхлүүлээд, араас нь хатуу хянаад болчих юмыг ардчилал, хүний эрхэнд хамааруулж ярилцах гэвэл нялуурал болж хувирна. Тэгээд мөнхөд ядууралтай л үлдэнэ. Өөр ямар ч ухаалаг тайлбар хэрэггүй. 

Одоо манай нийгмийн эрүүл саруул дундаж ямар ч иргэн гуйлгачин ядуу хүнийг хайрлах нь бүү хэл зайлуулахын түүс болж байгаа гашуун үнэнийг хааш нь хийх гээв? “110 мянган хөдөлмөрийн насны залуустаа халамж хүртээгээд хоолны талон тараадаг” гээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь УИХ дээр ярьж байгаа чинь ичгэвтэр биш үү? Зөвхөн энэ “110 мянга, тэгээд бас халамжлуулдаг” гэхлээр ертөнцийн доог биш гэж үү?

Өнөөгийн нэг үндсэн сэдэв: коронавирүс гэх энэ гай даян дэлхийд 31 сая хүн ардыг ядуурлын мухар руу шахаж оруулсан юм гэнэ лээ. Даян дэлхийгээрээ ядуурлаас салах их тэмцэл арагш шидэгдэж, вакцинжуулалт моодонд оржээ. Билл, Мелинда Гейтс нарын сан гэх ТББ ийм “31” гэсэн тоо гаргаад иржээ. Ази тивд цар тахлаас үүдэлтэй нэн ядуу хүн 80 сая байна гэсэн бас нэг тоо тэнд бичигджээ. Ядуурал гүнзгийрвэл эдийн засагт нэн халтай, эдийн засаг тэгж ингэж унана гэсэн дүгнэлт Гейтсийн сангийн илтгэлд бишгүй нэг байна. 

Монгол гэж тэнд даан ч бичихгүй юм даа. Бид болохлээр монгол маань хаана юу гэж бичигдэв гээд гуйлга түүлгэндээ хэрэглэчих санаатай сортойтлоо хардаг, ертөнц тоож бичдэггүй. Даян дэлхийгээс, цар тахлаас, байгаль цаг уурын өөрчлөлтөөс, Озоны давхрагаас шалтгаалсан ядуурал биш учраас Монголыг тоож бичдэг газар гэж байхгүй.

Нэг үгэндээ хар зөнгөөрөө явсаар ядуурсан, ядуурал гуйлгачлалтайгаа тэмцэх боломж гарц нь нэн их байвч өөрсдөө хүсдэггүй, төр–засаг нь иргэддээ шаардлага тавих эрхгүй болтлоо ардчилал эрх чөлөөг нь чөлөөтэй тавьчихсан, тэр нь ертөнцийн доог болохын наагуур Монгол л нүднээ буудаг болж дээ! 

Манай ихэнхи дарга нар мэдэхгүй мэдрэхгүй байж болно. Улс төрчид нь ийм их ядуусын нуруун дээр сандайлан суучихсан, Монголдоо аз жаргал нь бялхан байдаг ч гадаадад явахад тамтай гээч, хэний төлөөлөл вэ, үй түмэн ядуусын удирдагч уу, улс нь, иргэд нь ядуу, өртэй, өөрсдөө мянга гангалаад, мянга брэндлээд, мянга англи хэлээр нэвт яриад нэг л урамгүй ба амтгүй.

Манайд түгээмэл харагддаг даа, лав миний нүдэнд. Төрийн элдэв шагналд толгой нь эргэчихсэн, ахан дүүс, амраг садан, шавь нартаа шүтээн нь болчихсон түүхч эрдэмтэд, их сургуулийн багш нар. Тэд маань шүтүүлэх тусмаа сүүлдээ зөв буруугаа ч ялгахаа байчихсан, зөвхөн л урагш давшаад байдаг. Юу дуртайгаа туурвина. Ном гэж арвин. Чингисээ мөлжөөд л, Монгол туургатан угсаатны түүхэн гавьяа, тэнгэр заяа, хааяа зарим нь Цэдэнбал руу хальтарч ороод л. Бичдэг ярьдаг нь хосгүй, утга уянга, уран сайхан, уран зураг хослоод л. Зүйрлэвээс гартаа буу барьчихсан согтуу орос цэрэг тулаанд орж байгаа аятай л давшаад байна, давшаад байна, туурвиад байна, туурвиад байна, шагналуудыг угсруулна. 

Монгол генийн аугаа чанарын тухай улиг болтол ярьдаг бичдэг, хосгүй заяат монголоо магтан дуулдаг, Чингисийн генээр дамжсан Монгол ертөнцийг эзэгнэх цаг нь ирсэн гэдэг, тэнгэр заяат ард түмнээ магтан дуулдаг эрдэмтэд, мэргэд, уран бүтээлчдээс ганцхан асуулт тавья. Битгий мад суучихаарай. Энэ хосгүй, тэнгэр заяат үндэстэн тийм аугаа гентэй байж яахлаараа хүн амын 3-ны нэг нь байнга ядуу байгаад байдаг юм бэ?Яахлаараа ийм үхээнц дорой, арчаагүй амьдардаг юм бэ? Хариултыг хэлнэ үү!

Ерөөсөө эрдэм судлалынхан, угсаатан судлаач, өв соёл судлаач, Чингис судлаач түүхч нарт бөөнд нь хандъя. Маш энгийн ганцхан асуултад хариулаад гаргалгааг заагаад өгөөч ээ хэмээн хүсч байна. Энэ хосгүй үндэстэн тийм аугаа гентэй, Чингис хаанаараа жигүүрлэчихсэн, тэнгэр заяат байж яахлаараа байнга ядуу байдаг юм бэ? Та бүхний хариулт л нэн чухал байна. Та бүхэн л хариулахгүй бол наад үндэстэн чинь болохоо байчихсан байна. Тэр аугаа гениэ энэ ядуусынхаа тархинд толгой дараалан суулгаад аль!

Ардчилал, гуйлгачлал хослосон дампуу нийгэм гэж санамсаргүй гарчиг сонгоогүй юм. Энэ их шагналын хур, баяр цэнгүүн, аз жаргалтай амьдрал, зэрэгцээд амьд хүн тэсэхийн аргагүй машины их түгжрэл (олон цагаар), Төрийн ордон ба төв талбайн хажуухнаар хог ухагчид гуйлга гуйгчид хөлхөх, гэр хороололдоо бүрэн дарлуулсан экологийн аюул дорхи их хот гэхчлэн “зул бадамлахдаа” яадаг гэдэг л асуулт намайг ээрээд болдоггүй.Зул үргэлж бадамлана гэдэгт итгэж хүлээдэг ард түмэнтэй улс учраас итгэсээр л байна, гэвч цаашаа...

Бүтээн байгуулалт, луйвар хоёр нь хамт яваад байдаг тийм нийгэм Монголд л байна. Алийг нь ялгахаа байчихсан. Нийслэлд бүтээн байгуулагч нь ихэнхдээ газрын наймаачин гэх хоч нэртэй. Хөдөөд бүтээн байгуулагч нь байгаль орчны гэмт хэрэгтэн, эсвэл газар ус зарсан хулгайч засаг дарга. 

Манайхан ах гэж авгайлдаг хойд хөршийн чинь албаны хүн бүр 100 жилийн тэртээ ингэж анхааруулж байсан байх юм:–Монголд 1923-1925 онд Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан А.Н.Васильеваас Нийслэл хүрээнд хэвлэгддэг орос сонинд өгсөн ярилцлагыг Хаалган дахь Америкийн Консулын газраас бүрэн эхээр нь авч хөрвүүлж АНУ руу илгээсэн баримтаас үзвэл зөвлөлийн дипломатч А.Н.Васильев нь манай улсын бүрэн тусгаар тогтнол, автономит эрхийн хооронд өнгөн талын ялгаа гэхээс зарчмын ялгаа байхгүй, монголчууд тусгаар тогтнолыг хүсэмжлэх цаг нь биш, тусгаар тогтнохын тулд монголчууд шаардлагатай бэлтгэл хийх хэрэгтэй, эдийн засаг, санхүү, цэргийн хувьд хүчирхэг болох, ингэснээр бүхий л улс оронтой тэгш эрхтэй ярих боломжтой болно, эрх чөлөө дэвшлийн зүгт өөрийн гэсэн замаар явах боломжтой болохын тулд Та бүхэн хангалттай хүчирхэг болсон байх хэрэгтэй, Монголын ард түмэн л өөрийнхөө хувь заяа, ирээдүйн эзэн мөн гэхчлэн ярьсныг америкийн консулын газрын мэдээлэлд өгүүлжээ.

Монголчууд эдийн засаг, санхүү, цэргийн хувьд хүчирхэг болох хэрэгтэй!
Та бүхэн хангалттай хүчирхэг болсон байх хэрэгтэй!

Орос ах маань мөн сайхан хэлсэн байгаа биз? Хүчирхэг бол оо!

Төгсгөлд нь гадны гайгүй нэг жишээ эшлэе. Ардчилал туйлдаа хөгжчихсөн Европ. Швейцарьт гудамжинд гуйлга гуйдаг хүмүүсийг маш хатуу торгодог. Женевийн гудамжинд өрөвдүүлээд мөнгө олчих санаатай сууж байсан эмэгтэйг 860 франкаар торгож, торгуулиа төлж чадаагүй тул хорьж шийтгэжээ. Харин ч 2016 онд Швейцарийн Засгийн газраас гуйлга гуйхыг хориглосон хатуу хууль санаачилж батлуулжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)