Бидний эргэн тойрон өдөр тутмын амьдралд азын сугалаа гэгч зүйл тахал шиг таржээ. Төрийн бодлого аль замаар, яаж яваад, ард олны амьдрал ямар болчихсоныг бүү мэд. Ямар боловч сугалаа гэгч зүйлтэй нягт холбогджээ. Төр шийдэж чадахгүй байгаа асуудлаа сугалаагаар шийдвэрлэдэг, иргэн нь олоогүй баялгаа сугалаагаар олж авах гэж тэмүүлдэг ийм л нэг улс болчихож. Иргэн Доржийн амьдрал өнөөдөр хөнгөн байх уу, хүнд байх уу гэдгийг сугалаа шийдэж байна. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд орох, газар өмчилж авч чадах эсэхийг сугалаа шийднэ. Төр засаг, сэргэлэн бизнесмэнүүд нийлж байгаад ард иргэдээ азтай, азгүйгээр нь хуваах гээд ч байгаа юм шиг ийм байдал хэзээ арилах юм бол оо.

Ядуурлын цикл ба сугалааны үе

Иргэн баян бол улс баян гэдэг үг бий.

Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын ядуурлын түвшин статистикийн мэдээллээс харвал харьцангуй буурчээ. Гэхдээ бодит амьдрал дээр буурах биш харин ч нэмэгдэж, ядуу нь улам ядуурсан байна. Үүнийг статистикаар баталж чадахгүй, учир нь тэнд ядуу хүн сэтгэлгээний хувьд хэчнээн ядуурч тартагтаа тулсныг харуулах судалгаа угаасаа байхгүй. Гэхдээ мэдэж болох нэг арга байдаг нь сугалаа гэнэ. Монголд 1990-ээд оны эхээр амьдрал ямар байсныг бүгд мэднэ. Зах зээлийн тогтолцоог амар хялбараар баяжих боломж гээд ойлгочихсон, хүн бүр ядуу, мөнгөний төлөө юу эсийг хийж байсан тэр үед Монголд хонжворт сугалаа цэцэглэж байсан юм. Харин одоо хоёр дахь мандан бадралын үе нь ирсэн бололтой.

Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг 240-600 мянган төгрөгийн хураамж төлж авдаг аж. Ингэхдээ зөвхөн зохих шаардлага хангасан хуулийн этгээдэд олгодог. Тухайлбал, хувь хүнд хонжворт сугалаа явуулах зөвшөөрөл олгодоггүй байна. Хонжворт сугалаан ашиг олох биш, бараа бүтээгдэхүүнээ зарж, борлуулах суваг болгож ашигладаг сэргэлэнчүүд ч байна.

Гаднын улсад сугалаа бол амьдралын хэвшил, соёл байдаг. Үндэсний хэмжээний ганц, хоёрхон сугалаатай, иргэд нь хариулт мөнгөөрөө худалдан авч азаа үздэг сугалаа байдаг учир ингэж тодорхойлж байгаа юм. Харин манайд сугалаа соёл биш, галзуурал болж. Телевизийн суваг болгоноор сугалаа гарч, мөнгөтэй нь мөнгөөрөө, малтай нь малаараа сугалаа авч байна. Сүүлдээ хамаатан саднууд хоорондоо долоо хоног болгон сугалаа зохиож, “Айл болгонд нэг бөө, нэг архичин, нэг явдалтай хүүхэн байдаг” гэдэг хоржоонтой үгэнд нэмэлт орж, “Сугалаачин” гэдэг мэргэжил үүсэхийг шахаж байна.

Төр засгийн аргаа барсан шийдвэр нь сугалаа

Төр засаг 2015 оны дунд үеэс ард иргэдэд үзүүлэх ёстой үйлчилгээгээ сугалаагаар түгээдэг болж эхэлсэн. Үүргээ биелүүлж чадахгүй арчаагүй болсны шинж л дээ. Тэр үед цэцэрлэг сугалаагаар хүүхдүүдээ бүртгэж авч, азтай нь цэцэрлэгтээ ордог байв. “Өмнө жил явж байсан хүүхдүүдийн бүртгэлийг хавар устгаж, намар бүх хүүхдээ сугалаагаар авна” гэсэн анархи шийдвэр ч гарч, иргэдийн бухимдлыг төрүүлж байсан удаатай. Хүүхдийн сурч боловсрох, төлөвших хамгийн эхний гараа нь цэцэрлэг атал эхнээсээ л сурч боловсрох буюу эдлэх ёстой эрхээ сугалаагаар, аз, эзээр  хасуулдаг хогийн тогтолцоо манай улсад л байна.

Нэгэн зүйл. Төрийн барьсан “Түрээсийн орон сууц” гэх боломжийн нөхцөлтэй байр “Буянт Ухаа” хороололд ашиглалтад оров. Сугалаа явуулж иргэдээ оруулав. Бас нэгэн зүйл. Нийслэлийн 52 байршилд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх шийд гарав. Яасныг таа...

НӨАТ-ийн талаар дурдах нь бараг илүүц биз. НӨАТ бол үйлдвэрлэгч худалдагчдын орлого, зарлагыг мэдэх арга юм. Францын татварын албаны дарга татвар төлөгчдийг хэдий хэмжээний орлого олж байгааг шударга үнэнээр нь мэдэхийн тулд нэмүү өртгийн албан татварыг анх санаачилсан байдаг. Үйлдвэрлэгч, худалдагч борлуулж байгаа бараа, үйлчилгээний үнэ нь дээр нэмээд НӨАТ 10 хувийг суулгаж, тэрхүү НӨАТ-ыг худалдан авагч худалдан авсан бараан дээрээ нэмж тодорхой хувь төлдөг. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ыг төлөгчид нь эцсийн хэрэглэгч буюу иргэд байдаг. Анх гарсан санаагаар бол худалдан авагч НӨАТ төлсөн НӨАТ-ын баримтаа хадгалж байгаад татварын байгууллагаас 10 хувиа эргүүлэн авдаг байсан. Сүүлдээ татварын хувийг хэвээр үлдээсэн боловч буцаан олголтыг бууруулах болсон байна. Манай улсын хувьд татварын хувь хэмжээг 10, буцаан олголтыг түүний 20 хувьд барьж, идэвхжүүлэх ажлыг өнөөх л сугалааныхаа аргаар явуулж байгаа юм.

НӨАТ-ын сугалаа бол буруу бодлого. Иргэн, гэр бүл нэг бүрийн оролцоо, зүтгэлийг тооцохын оронд азанд найдсан ядуурлын сэтгэлгээг өөгшүүлсэн ажил гэж санагддаг. Хүмүүс азанд найдах биш өөрийн бүтээл, хэмнэлт, оролцоогоо тооцож урам авч явах нь улс орны хөгжлийн сэтгэлгээ бус уу?

Сугалаанд хожсон нэгэн нь азтай байж бусад нь хохирч үлдэх болжээ. Хамгийн чухал нь төр засаг ард иргэдийг азанд найдаж байр, машин, мөнгөтэй болох боломжтой гэсэн сэтгэлгээнд бэлдэж байгаа юм. Эцэстээ сугалаа гэх мэтийн зүйл галзуурал болж үлдэх нь түмнийг хамруулсан элэглэл мэт шийдвэр гаргасан төр засагтай бид хариуцлага тооцох хэрэгтэй. Нийслэл хотод шинээр сүндэрлэх барилга байгууламж дотор ядаж л цэцэрлэгийн асуудлаа шийдчих хэмжээний хүч чадал дутмаг байна гэдэг харамсалтай биз.

Саяхныг хүртэл могой алтны зураг доор аз, аз гэж бичдэг байсан иргэд өнөөдөр хонжворт лайв бичлэг доор азаа үзэхийг хүсэх болж. Энэ бүхнээс л төрийн буруу тогтолцоо ядуурал шууд харагдаж байгаа юм. Нийгэмд хөдөлмөрлөж хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийг хүсэгсэд цөөнгүй олон. Гэтэл төр өөрөө ард иргэдийнхээ голд хэдэн сугалаа шидэж орхиод бусдыг нь хаяж байгаа нь дэндүү эмгэнэл юм. Цөөн монголчууд минь Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэхийн тулд азтай байх ёстой болсныг эмгэнэл гэхээс өөр юу гэх билээ.

НӨАТ-ын сугалааг болиулна гэж байгаа нь маш зөв. НӨАТ бол хүн бүр төлдөг, 3 хувь байхад л болно. Шагнал, сугалаа ер хэрэггүй. Тэгвэл татварын орлого нь одоогынхоосоо илүү болно.

Иргэд өөртөө итгэдэг байсан бол одоо аз, эзэнд найдах болов. Эцэст нь, бид нэг талаараа тоглоомын ертөнцөд амьдарч буй мэт болсон байна. Яг л “Арваалжин тоглоом” кино шиг...