-Шалгуургүй, хэтийдсэн халаа, сэлгээнээс болж хүүхдүүд хохирсоор...

Манайхан боловсролын салбараа шинэчилнэ, сайжруулна гэж их ярьдаг. Ерөнхий сайд байхдаа С.Батболд “Кембрижийн стандарт тогтооно” гэж гүйгээд, дараа нь салбарын сайд Л.Гантөмөр “Монгол стандарт тогтооно” гэж гүйж байлаа. Одоогийн сайд Л.Энх-Амгалан мөн л боловсролын салбарыг шинэчилнэ хэмээн ярьж, олон нийтийн дэмжлэгийг авсан шийдвэрүүдийг гаргаж буй. Гэхдээ энэ салбарт бугшсан асуудлыг ганц сайд шийдэх боломжгүй. Сайд нь хэчнээн зөв, зүйтэй шийдвэр гаргасан ч салбарыг доройтуулж байгаа үндсэн шалтгааныг олж, тогтолцоогоор нь засахгүй бол ямар ч үр дүнгүй. “Үндэстний ТОЙМ” энэхүү нийтлэлээрээ Боловсролын салбар яг одоо байгаа байдлаараа хэзээ ч шинэчлэгдэхгүй, харин ч улам уруудан доройтно гэсэн өөдрөг бус санааг илэрхийлэх гэж байгаадаа хүлцэл өчье. Гэхдээ амьдрал дээр нөхцөл байдал ийм л байгаа бөгөөд нийтлэлд дурдагдсан жишээнүүд бүгд бодитой, өөр ч олон жишээ байгаа боловч цаг, цаас хэмнээд оруулж түвдээгүй гэдгийг онцолъё.

Боловсролын салбар бол бусад бүх салбараас илүү олон сайд даргатай байж үзсэн. Дээр бичсэнчлэн, томилогдсон сайд болгон тодорхой ажил үйл хийх оролдлого гаргаж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ салбарыг хорлож, балран доройтуулж байгаа хамгийн гол шалтгаан бол эрх баригч нам боловсролын салбарын орон тоо нэг бүрийг өөрсдийн өмч, өөрөөр хэлбэл “бялуу” гэж хардаг болчихсон явдал юм. Төрийн албаны чадамжгүй байдал, ялзралын эх үндэс болсон “Бялуу хуваах” үйл явц боловсролын салбарт байгаа нь салбарын доройтлын үндсэн шалтгаан болж байна. Намуудын “бялуу хуваалт” яам, агентлагийн даргаар хязгаарлагддаг байсан бол сүүлдээ газар, хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтнийг хамрах хүртлээ өргөжсөн. Харин боловсролын салбарт өнгөн дээрээ захирал, эрхлэгчийн түвшинд боловч бодит байдал дээр багш нарын түвшинд хүрээд байна.

Өнөөдөр улс, нийслэл, сум, дүүрэг, баг, хороонд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагын удирдлагаар хэн гэдэг хүн ажиллах нь тухайн засаг захиргааны нэгжийн эрх мэдлийг аль нам хэрэгжүүлж байгаагаас хамаарч шийдэгдэж байна. Жишээлбэл, суманд халаа сэлгээ сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээс эхэлнэ. Тэгээд цааш үргэлжилж нийгмийн ажилтан, сургалтын менежер, “нөгөө намын” гэх тодотголтой багш нар руу чиглэнэ. Зүй нь, боловсролын байгууллагын удирдлага тогтвортой байснаар тэнд чанартай боловсон хүчин, сургалтын сайн орчин бий болно. Гэтэл манайд ийм боломж алга. Нам, засаг солигдох дөрвөн жилийн циклд холигдож, солигдсоор боловсролын байгууллага чанартай боловсон хүчнээ алдаад дуусаж байна. Халж солилоо гэхэд чадваржуулж сольбол бас яая гэхсэн. Гэтэл улс төрийн томилгоогоор очиж байгаа боловсон хүчин тухайн албан тушаалд тавигддаг наад захын шалгуурыг хангахгүй байгаа нь харамсалтай. “Бялуу хуваалт салбарын доройтлын үндсэн шалтгаан болчихоод байна” гэдэг гарчиг эндээс гарч байгаа юм.

Өнөөдөр хэрэгжиж буй боловсролын хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилох эрхтэй. Үүнтэй холбоотойгоор улс төрийн сонгууль болгоны дараа  ерөнхий боловсролын 672 сургууль, 948 цэцэрлэг буюу нийт 1620 төрийн өмчийн боловсролын байгууллагын удирдлага солигдох асуудал хөндөгддөг. Улмаар захирал, эрхлэгчийг солиход ард нь 70 мянга гаруй багш, ажилчдын эрх ашиг хөндөгдөж, халаа сэлгээ хийгдэж, ажлын байрны дарамт, тогтворгүй байдал бий болдог. Ингээд ажилтайгаа үлдэхийн тулд багш нар намчирхахаас өөр сонголтгүй болж улстөрждөг.

Шинэ томилгооноос үүдэлтэйгээр боловсролын салбарын нийт багш, албан хаагчдын нийтлэг эрх зөрчигдөх, ажлаас үндэслэлгүйгээр халагдаж чөлөөлөгдөх, ажлын байртай холбоотой хөдөлмөрийн маргаан үүсэх, шүүхэд шилжиж шийдвэрлэгдэх тохиолдол их байна. Тухайлбал, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд давхардсан тоогоор ажил олгогчдын буруу үйл ажиллагаа болон ажлын байрны шийдвэртэй холбоотой өргөдөл, гомдол 2017 онд 523, 2018 онд 389, 2019 онд 422, 2020 онд 392 тус тус иржээ. Нийт өргөдөл, гомдлын 14.7 хувь нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хөдөлмөрийн маргаан үүсгээд байгаа аж. Үүнээс улс төрийн томилолт авч, шинээр томилогдсон ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн дарамт, нөлөөллөөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, чөлөөлөгдсөн өргөдөл нийт гомдлын 61.2 хувийг эзэлж байгаа гэсэн статистик байна.

Баримт 1

Говь-Алтай аймгийн нэгэн сумын удирдлагаар сонгогдсон дарга нар ээлжит халаа, сэлгээг хийжээ. Тэд багийн цэцэрлэгийн эрхлэгчийг халж, намдаа зүтгэсэн нэгнийг “шагнаж”. Халагдсан эрхлэгч боловсролын байгууллагад 20 гаруй жил ажилласан туршлагатай, сургуулийн өмнөх боловсролын багш арга зүйч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй боловсон хүчин байсан бол албан тушаалаар шагнуулсан шинэхэн эрхлэгчид сургуулийн өмнөх боловсролын байгууллагын талаар сурсан мэдсэн зүйл, хүнд үзүүлэх гэрчилгээ, диплом ч алга.

Энэ улс уг нь дагаж мөрдөх хууль, дүрэм, стандарт, үүнийг мөрдүүлж, хянах бүхэл бүтэн тогтолцоотой. Тухайлбал, ажлын байрны тодорхойлолтод зааснаар сургуулийн өмнөх байгууллагын буюу цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах хүн сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйчийн мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, цэцэрлэгийн багш арга зүйчийн ажлыг наймаас доошгүй жил хийж гүйцэтгэсэн байх шаардлагатай. Гэвч ажлын байрны тодорхойлолт дээрх наад захын шаардлага хангаагүй хүнийг томилсон байна.

Баримт 2

Хэдхэн хоногийн өмнө 84-р сургуулийн багш нар эсэргүүцлээ илэрхийлсэн. Тус сургуулийн захирал тэтгэвэртээ гарахад захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилохдоо сонгон шалгаруулалтгүйгээр улс төрийн томилгоо хийсэн гэж багш нар үзсэн юм. Гурван удаа шалгалт өгч багшлах эрх авдаг байхад удирдлага нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилогдож байгаа нь шударга бус байна гэж багш нар мэдэгдэж байв.

Одоо мөрдөгдөж байгаа боловсролын тухай хуулийн 31.1.12-т “Сум дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилно” гэж заасан. Ингэхдээ “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ёстой. Гэхдээ өнөөдөр цар тахлын хууль гэгчээр гул барьж, боловсролын салбарт ч бодлогогүй томилгоонууд хийгдсээр л байна.

Баримт 3

Мөн Говь-Алтай нэгэн суманд дээрхтэй адилаар халаа сэлгээ өрнөж, сургуулийн хичээлийн эрхлэгчийг ажлаас чөлөөлж, өөр хүнийг томилжээ. Халагдсан эрхлэгч шүүхээр явж цаг алдаж, цалин мөнгөөрөө хохирохыг хүсээгүй учраас сургуульдаа багшаар үлдэхийг хүссэн байна. Ийнхүү бага ангийн багш мэргэжилтэй хүн одоо технологийн багшаар ажиллаж байгаа тохиолдол байна.

Энэ мэтээр хийгдэх боловсролын байгууллагын халаа, сэлгээний хамгийн том лайг ирээдүйд хүүхдүүд үүрнэ. Одоохондоо энэ хохирол нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч өдөр тутмын сурах үйл явцад нь багш нарынх нь “хөдөлгөөн” сөргөөр нөлөөлж буй.

Манай нийгэмд “соёл” болтлоо даамжирсан энэ асуудлыг шийдэх, нэгэнт бий болсон гажиг тогтолцоог халж, бүхнийг ном журманд нь оруулах зайлшгүй шаардлага тулгарлаа. Өөрөөр хэлбэл боловсролын салбарыг чадварлаг, мэргэжлийн баг удирдах ёстой учраас, улс төрийн оролцоо, нөлөөлөл энэ томилгоонд байх ёсгүй. Иймээс зарчмын хүрээнд энэ салбарт томилгооны тогтолцоог босоо болгож, салбарын яам, мэргэжлийн байгууллага нь холбогдох албан тушаалтанг томилдог, чөлөөлдөг болох шаардлагатай.

Боловсролын багц хуулийн төслийг УИХ энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Багц хуульд багтсан Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үүнийг өөрчлөх зохицуулалт ороогүй байна. Учир нь боловсролын салбарын томилгоог хуучин буюу босоо тогтолцоонд шилжүүлэх саналыг Засгийн газар дэмжээгүй. Тиймээс Боловсролын тухай багц хуулийн төсөлд боловсролын салбар дахь томилгоог босоо тогтолцоонд шилжүүлэх зохицуулалт тусгагдаагүй байна. Хэрэв хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал аймаг, сум, дүүрэгт боловсролын салбарын томилгоо, түүнээс улбаатай шударга бус байдал арилахгүй биз ээ.