Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрээр “Дэлхийн дахинд дэгдээд буй шинэ мутаци хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 18 улсад бүртгэгдсэн. Улс орнууд омикрон хувилбар бүртгэгдсэн улсаас гадаадын иргэд хүлээж авахгүй байгаа. Мөн өөрсдийн орны иргэдийг 10-14 хоног тусгаарлаж, хоёр удаа шинжилгээ авч байна. Түүнчлэн дархлаа сэргээх нэмэлт тунг эрчимжүүлж байна.

Манай улсын хувьд хилийн боомтуудад шуурхай баг ажиллуулж байна. Гадаадаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байгаа. Өнгөрөгч 11 дүгээр сарын 28-наас хойш гадаадаас 1040 хүн ирсэн. Гадаадаас ирсэн иргэдээс хоёр хүний шинжилгээ эерэг гарсан. Тэднийг ХӨСҮТ рүү авч явж баталгаажуулах шинжилгээ хийхэд нэг хүнээс дельта хувилбар илэрсэн. Нөгөө хүний шинжилгээ сөрөг гарсан.

Омикрон хувилбарын хувьд эмчилгээ адил байгаа. Мөн илэрч буй шинж тэмдэг нь хөнгөн гэсэн мэдээлэл ирж байна" гэлээ.