“Зуд болоход нохой зоолно, зовлон болоход лам баяжина” гэдэг шиг цар тахлаар далимдуулан ажилтай, орлоготой, албан тушаал, эрх мэдэлтэй болсон хүмүүс бий. Тэд бол төрийн албаны өндөр босгыг давж бус, хаяагаар нь шургаж орсон түр хүмүүс. Цар тахал тэдэнд ямар боломж олгосныг танилцуулъя.
УИХ Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж гүйцэтгэх засаглалд олон эрх олгосон. Үүний нэг нь төрийн албанд ажиллуулах хүмүүсээ сонгон шалгаруулалтгүйгээр авч ажиллуулах.
Тус хуулийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэсэн заалт оруулсан юм.
Хуульд энэхүү заалтыг оруулсан шалтгаан нь шаардлагатай үед эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын албанд ямар нэгэн шалгуургүйгээр хүн авч ажиллуулах явдал байсан. Тодруулбал, цар тахалтай тэмцэх ажилд хөдөлмөрийн зах зээл дээр байгаа мэргэжилтнүүдийг төрийн үйлчилгээний албанд авч ажиллуулах. Гэвч өнгөрсөн хугацаанд хуулийн энэхүү зохицуулалтыг төрийн захиргааны байгууллагад дарга томилоход ашигласаар ирлээ. Хуулийг ингэж л гуйвуулж байна. Энэ хууль томилогоо хийх эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад намдаа зүтгэсэн, сонгуулиар өөрт нь зүтгэсэн, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, нутгийн ах дүүгээ албан тушаалд томилох таатай завшаан болсон. Хуулийг хэрэгжүүлж эхэлсэн цагаас хойш төрийн албанд ажиллах чадварлаг мэргэжилтнийг сонгон шалгаруулах, төрийн албанд хяналт тавих үүрэгтэй Төрийн албаны зөвлөл “ажилгүй” болов. Тэд энэ хуулийн дагуу хэдэн хүн томилогдсоныг тоолж сууна.

Ковидын хуулийн дагуу 1036 удирдах албан тушаалтан томилогдсон гэсэн судалгааны дүн гарсан. Үүний 30 гаруй хувь нь төрийн захиргааны албан тушаалтан байна. Төрийн албаны зөвлөлд төрийн албан тушаалтны томилгоотой холбоотой 545 зөрчил бүртгэгдсэн. Үүний багагүй хэсэг нь Ковидын хуультай холбоотойгоор ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэсэн гомдол.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу төрийн албанд мэргэжилтнээс эхлээд төрийн албаны хамгийн дээд албан тушаал болх төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон хүмүүс ч бий. Уг нь төрийн албаны хамгийн дээд албан тушаал болох төрийн нарийн бичгийн даргаар төрийн албанд 16 жил ажилласан хүнийг томилох ёстой. Гэтэл зөвхөн эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын албанд мэргэжилтнүүдийг ямар нэгэн шалгуургүйгээр томилох зорилгоор баталсан хуулийг ашиглаж төрийн албанд мэргэжилтэн, хэлтсийн даргыг шургуулж эхэлсэн эрх баригчид сүүлдээ Төрийн нарийн бичгийн даргыг ч энэ зарчмаар томилж эхэлсэн.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, цар тахлын хуулиар 23 агентлагийн дарга, зургаан яамны төрийн нарийн бичгийн даргыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилоод байна.
Энэ бүхнээс үзвэл цар тахлаар халхавчилсан сонгон шалгаруулалтгүй томилгоо хэвийн үзэгдэл болжээ. Үүнд хяналт тавих ёстой Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Засгийн газар цар тахлын хуулийн дагуу томилгоо хийж байгаа. Ямар томилгоо хийх гэж байгаагаа манайд мэдэгддэггүй. Төрийн нарийн бичгийн даргын томилгоо л гэхэд олон шалгууртай. Гэвч цар тахлын хуулийн дагуу томилж байгаа гэдэг үндэслэлээр ямар нэгэн шалгуур тавихгүй байна. Ер нь цар тахлын хуулиар шалгуургүй томилгоо хийж байгаа нь төрийн албаны нэр хүндийг унагаж байна. Орон даяар ийм томилгоо хийж байгаа нь хэтэрхий хавтгайрсан үйлдэл болчих гээд байна” гэсэн юм.
“Ковидын хууль”-иар томилогдсон хүмүүс төрийн албанд нэгэнт л орсон учраас цаашид ажилласаар байх уу гэдэг нь анхаарал татаж байна. Дээрх хуулийн үйлчлэл энэ оноор дуусгавар болно. Тэр үед төрд шургасан түр хүмүүсийг хэрхэн талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам танилцуулсан юм.

“Ковидын хууль”-ийн үйлчлэл зогссоны дараа энэ асуудлыг яаж засаж залруулах вэ гэдгийг ярилцаж байгаа. Тодорхой хэмжээнд хүндрэл үүснэ. “Ковидын хууль”-ийн дагуу томилогдсон хүмүүсийг бүгдийг нь чөлөөллөөд сонгон шалгаруулалт явуулъя гэхээр төрийн албаны ажил цалгардана. Тиймээс энэ асуудлыг үе шаттайгаар шийднэ гэж үзэж байгаа. Төрийн албан хаагчид бүгд ийм болчихоогүй учраас ард нь гарч болно.
Төрийн албаны зөвлөлөөс өгч байгаа тайлбараар бол төрийн албанд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу томилогдсон хүмүүс бүгд ажлаасаа чөлөөлөгдөхгүй нь. Харин уг хуулийг баталсан УИХ-ын зарим гишүүн бүгдийг нь чөлөөлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Цар тахлын хуулийн дагуу төрийн албанд ямар нэгэн шалгуургүйгээр томилогдсон хүмүүс энэ хууль хүчин төгөлдөр бус болсон өдрөөс ажилгүй болно. Энэ хуулийн хэрэгжих хугацаа дууссан даруйд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон хүмүүс шууд ажлаасаа чөлөөлөгдөх ёстой” гэлээ.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу томилгоо хийхдээ зарим албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн тухай гомдлууд Төрийн албаны зөвлөлд иржээ. Тухайн албан хаагчид хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдвол төсвөөс нөхөн олговор олгоно. Яг үүнтэй адил Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацаа дуусаж төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүс ажлаасаа гэнэт халагдсаны тэтгэмж авах уу. Хэрэв ингэвэл татвар төлөгчдийн мөнгө тэднийг сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албанд томилсны төлөө урсах нь ээ.