Монгол банхар нохойн стандартыг анх удаа баталлаа

Дэлхий дээр 352 нэр төрлийн үүлдрийн нохой байдаг бөгөөд эдгээр нь хүний гар, үржил селекцийн үр дүнд бий болсон үүлдрүүд юм. Харин монгол банхар нохой нь олон мянган жилийн туршид байгалийн эрс тэс уур амьсгал, монголчуудын нүүдэлчин ахуй амьдрал, уламжлалт ёс заншлын нөлөөнд бий болсон байгалийн зөн билэг өндөр хөгжсөн, сүргээр болон бие даан амьдрах чадвартай монгол үндэстний уугуул нохой билээ.

Монгол банхарын хэв шинж, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, цэвэр өөрийн хөгжлөөрөө хүний гар оролцоогүй байгалийн цэвэр үүлдэр тул Дэлхийн нохой судлалын холбоонд албан ёсоор бүртгүүлж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах шаардлага тулгараад байгаатай холбоотойгоор нохойны үүлдэр угсаа, бие бялдрын тухай Үндэсний стандарттай болох шаардлага тулгарсан байна. Тиймээс энэхүү үндэсний стандартыг Монголын нохой судлалын холбоо болон Монгол банхар судлалын холбоод хамтарч 2012 оноос хойш судалсны үндсэн дээр Монгол банхар нохойны стандартыг боловсруулсан бөгөөд тус стандартыг Стандарт хэмжил зүйн газраас албан ёсоор баталж, стандартын эхийг Монгол банхар судлалын холбоонд хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.

Уг стандартыг Олон улсын нохой судлалын холбооноос тавьдаг суурь стандартын шаардлагуудад нийцүүлж боловсруулсан бөгөөд Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх ХАА-н стандартчиллын Техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж, СХЗГ-ын даргын 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар тушаалаар баталсан” гэдгийг Стандартын хэмжил зүйн газрын Стандарчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Б.Эрдэнэзул арга хэмжээний үеэр тодотголоо. Цаашид тэд Монгол нохойн хөгжлийг дэлхийд гаргахын тулд тайга нохойны стандартыг боловсруулж батлуулахаар ажиллаж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)