Койнтой холбоотой хөрөнгө оруулалтаас үүдсэн эрсдэлд төр хариуцлага хүлээхгүй гэж мэдэгдсэн. Засгийн газраас "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай" хуулийг өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төсөлд койнтой холбоотой харилцааг хэрхэн зохицуулж байгаа талаар Улсын их хурлын гишүүн Н.Учралаас тодрууллаа.
Улсын их хурал дээр явж байгаа маш олон хуулийн төслүүдийг та ахлаж ажиллаж байгаа. Тэр дотроос "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль"-д койнтой холбоотой харилцааг яаж зохицуулж байгаа вэ? Нэг хэсэг хүмүүс койныг хориоч, хадгаламж зээлийн хоршооны түүхийг давтах гээд байна. Яагаад хэн ч юу ч хийхгүй байгаа юм бэ гэж байсан бол нөгөө талаас дэлхийн жишгээр явж байгаа зах зээлийг төр барих нь буруу гэж үзэж байна. Та бүхний өргөн барьсан, санаачилсан хууль дээр биржийн хэлбэрээр зохицуулж байна гэж ойлгож байгаа.
Виртуал хөрөнгий үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Их хурлын даргын захирамжаар нийтийн мэдээлэл, хувь хүний мэдээллийг хамгаалах, цахим гарын үсэг, кибер аюулгүй байдал гэсэн дөрвөн хуулийн ажлын хэсэг байгуулагдаад миний бие ахлаж байгаа. Эдгээр хуулиудыг Иноваци цахим бодлогын байнгын хороо, бусад байнгын хороодтой хамтарч хэлэлцэж байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар виртуал хөрөнгийн зах зээлийн харилцааг зохицуулахгүй, харин виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг зохицуулах юм. Технологид суурилсан дижитал санхүүгийн шинэ арга хэрэгслийг үгүйсгэх боломжгүй юм. Учир нь дэлхий нийтэд хөрөнгө оруулалтын хэлбэр өөрчлөгдөж байна. Шинээр виртуал хөрөнгө гэдэг ойлголт гарч ирлээ. Түүнчлэн дижитал үнэ цэнийн илэрхийлэл бүхий, дижитал хэлбэрийн хөрөнгө оруулалтууд нэлээдгүй бий болсон. Виртуал орчинд оюуны өмчөөр баталгаажуулсан NFT-нүүд бүх төрлийн дуу, зураг бусад төрлийн бүх зүйлс барааны тэмдгээр баталгаажсан зүйлс виртуал хэлбэрээр олон нийтэд танилцуулагддаг болсон гэх мэтээр санхүүгийн зах зээл нэлээн өөрчлөгдөж байна. Энэ утгаараа виртуал хөрөнгийн зах зээлийг шууд зохицуулахаасаа илүүтэйгээр өнөөдөр үйлчилгээ үзүүлж байгаа биржүүдийг зохицуулах юм. Иргэд койноо зарж арилжих зэрэг процессуудыг үйлчилгээ үзүүлэгчид хийж байгаа.Иймээс үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах шаардлагыг тодорхой болгож өгөхгүй байх нь эрсдэлтэй.
Олон улсын санхүүгийн арга хэмжээ авах байгууллага буюу FATF-аас манайд зөвлөмж өгсөн. Энэ 40 зөвлөмжийн 15 дугаар зөвлөмжид виртуал хөрөнгийг зохицуулах ёстой, зохицуулахдаа бүртгэх үү, зөвшөөрөх үү, хориглох уу гэдэг сонголт байгаа гэж мэдээлж байсан. Манай улс алийг нь сонгосон бэ?
Манай улс бүртгэхийг нь сонгосон. Нэг ёсондоо бүртгэж аваад хяналтаа хэрэгжүүлье гэж байгаа юм. Тус зөвлөмжийн дагуу ямар нэгэн төрийн эрх бүхий байгууллага үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэж хянах ёстой гэх шаардлага тавьж байгаа. Тэр утгаараа Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бүртгэж авдаг. Бүртгэхийн тулд хөрөнгийн эх үүсвэр, хөрөнгө орлогын хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, эрсдэлийн үнэлгээ зэрэг дээр шаардлага хангасан байх ёстой. Ингээд бүртгээд хянаад явах нь хамгийн зөв зохицуулалт юм байна гэж үзсэн. Виртуал хөрөнгийг бирж дээр арилжих гэж байгаа койн буюу криптовальют нь үйлчилгээ үзүүлэгчдээ шаардлага тавихад үйлчилгээ үзүүлэгч өөрөө тухайн койнууддаа шаардлага тавих ёстой. Үүн дээр мэргэжлийн холбоодуудыг оролцуул гэж байгаа. Төр өөрөө виртуал хөрөнгүүдийг зохицуулах боломжгүй. Дэлхийн аль ч орон зохицуулж чадахгүй байна.
Энгийнээр тайлбарлах юм бол энэ бол үнийн өсөлтөөс ашиг олж байгаа процесс. Богино хугацаанд ашиг олох зорилгоор орчихоод хүмүүс хохирох вий гэсэн болгоомжлол байгаа.
Виртуал хөрөнгийн үнийн өсөлт бол нэг хүний мэдэгдэл гэх мэт маш олон зүйлээс шалтгаалаад хэлбэлздэг. Иймээс ханшийн хэлбэлзлийг зохицуулах ямар ч боломж байхгүй. Виртуал хөрөнгийн тухайд нэг талаас улсынхаа эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд том боломж байна. Нөгөө талаас маш том эрсдэл байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулиар манай улс виртуал хөрөнгийг зөвшөөрч байгаа хэдий ч бүртгээд хянана. Гэхдээ хэзээ ч төлбөрийн хэрэгсэл гэж үзэхгүй. Төлбөрийн хэрэгслийг бүх нийт хүлээн зөвшөөрч байх ёстой. Энэ бол цахим мөнгө биш. Бид үүнийг үнэт цаас гэж үзэхгүй. Ийм эрх зүйн зохицуулалт хийж өгсөнгүй. Энэ бол хөрөнгө оруулалтын шинэ хэрэгсэл. Эрсдэлийг иргэд өөрөө хариуцна.