Дархлаа сэргээх тунг нийслэл дэх өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүй хийж, иргэдийг дархлаажуулж байсан ч иргэдийн идэвх хангалтгүй байсан юм. Тиймээс долоо хоногийн өмнөөс томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын түр цэгийг ажиллуулж эхэлсэн. Эдгээр төвүүдээр дархлаажуулалтын явц ямар байгаа талаар сурвалжиллаа.
“Теди” худалдааны төвийн дархлаажуулалтын цэг ажиллаж эхэлснээс хойш долоо хоногийн хугацаанд 256 иргэнийг нэмэлт тунгаар дархлаажуулаад байгаа аж. Биднийг очиход хүн цөөнтэй сэлүүхэн байлаа.
Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Аззаяа
Коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдах хүмүүсийн идэвх сүүлийн хэд хоногт илүү нэмэгдэж байна. Өдөрт 50-аас дээш хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. Өглөөгүүр ачаалал бага, сэлүүхэн. Харин цайны цаг, ажил тарах цагаар хүмүүс их ирж байна. Гуравдугаар тун тариулсан хүмүүсийн 95-аас дээш хувь нь Файзер компанийн вакциныг сонгож байна. Харин БНХАУ-ын Вероцелл вакцины хоёр тунтай хүмүүс тус вакцинаараа дагнаж байгаа тохиолдол ч байна. Өвлийн улирал болж байна. Иймээс вакцин хийлгэчихээд даарахаас болгоомжлох хэрэгтэй. Түүнчлэн халуун бүлээн шингэн зүйл сайн уух, тарьсан газраа гурав хоног ус хүргэхгүй байх, архи дарс, газтай ундаа, халуун ногоо хэрэглэж болохгүй гэсэн зөвлөмжүүдийг өгөөд ажиглалтын хэсэгтээ 15-20 минут суухыг зөвлөж байна. Одоогоор вакцины урвал, хүндрэл гараагүй. Вакцины дараа тарьсан шазар нь хавдах, улайх зэргээр хэсэг газрын урвал өгнө. Энэ нь 2-3 хоног л үргэлжилнэ.
Төв аймгийн Борнуур суманд оршин суугч Д.Бат-Итгэл
Би хятад вакцины хоёр тунтай. Сая нэмэлт тунд Файзер сонгож тариуллаа. Коронавирусээр өвдөөгүй. Энэ нь дэглэмээ сайн барьж байсантай холбоотой байх. Бас вакцины хоёр тун маань ч сайн нөлөөллөө гэж бодож байгаа. Одоо ажлаар ийш тийшээ явах шаардлага тулгарч байгаа учраас гурав дахь тунгаа тариулж байна. Ер нь энэ нэмэлт тунг хийлгэсэн нь зөв гэж бодож байгаа. Учир нь дэлхийн олон оронд хийж байна. Үүний нөлөөний талаар судалгаа ч байна. Иймээс залууст нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны оршин суугч Б.Сарангоо
Би уурхайд ажилладаг. Уурхайн зүгээс гуравдугаар тунгаа хийлгэх шаардлага тавьж байгаа. Тиймээс одоо вакциндаа хамрагдах гээд явж байна. Хоёрдугаар тундаа хамрагдчихсан учраас дараагийн тунг ч бас хийлгэх нь зөв гэж бодож байгаа. Файзерийн вакцин сонгож хийлгэнэ. Вакцинд хамрагдах нь хувь хүний сонголтын асуудал ч гэлээ эрүүл мэндээ бодоод вакциндаа заавал хамрагдаарай гэж хэлье. Гадуур, олон нийтийн сүлжээгээр тарж байгаа янз янзын худал мэдээлэлд битгий автаарай.
Томоохон зах, худалдааны төвүүд, оюутны байруудад гээд нийтдээ 24 түр цэгийг байгуулж, нэмэлт тунгийн дархлаажуулалт хийж байгаа. Эдгээр цэгүүд тухайн зах, худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж буй. Бид "Теди" худалдааны төвөөс гараад Бөмбөгөр худалдааны төвийн дархлаажуулалтын цэгт очлоо. Тус худалдааны төв дэх дархлаажуулалтын цэгийн хувьд олны нүднээс далд олоход ярвигтай газар байрлажээ. Түүнчлэн ажиллаж буй багийнхан дархлаажуулалтын явц их муу байгааг хэлээд өөр мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Манай улсад 9-10 дугаар сард халдварын давлагаа эхэлнэ гэж тооцоолсны дагуу наймдугаар сараас эхлээд гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Өдөрт 10 мянга гаруй хүн нэлэмт тунд хамрагдаж байна. Одоогоор зорилтот бүлгийн 28 хувь нь гурав дахь вакцинаа хийлгэжээ. Хэрэв нэмэлт тунд хамрагдалт 50 хувьд хүрвэл шар түвшинд шилжиж аж ахуйн нэгжүүдэд тавигдаж буй олон хязгаарлалтыг сулруулах юм. Мөн танхимын хичээл болон үйлчилгээний байгууллагуудын дүүргэлтийг 100 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Энгийн амьдралдаа эргэж орохын тулд нэмэлт тунд идэвхтэй хамрагдах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд зөвлөсөөр буй.






