Польшийн суут хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын гуравдугаар уралдаан арваннэгдүгээр сарын 18-22-ны хооронд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг уралдааныг Монгол Улсын консерватори, БНПУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан юм. Уралдааны зохион байгуулах хорооны даргаар МУК-ын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн профессор Ц.Пүрэвхүү, уралдааны зөвлөхөөр БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ноён Кшиштоф Бойко, Соёлын яамны урлаг уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн нар ажиллалаа.

Уралдааны 17 нас хүртэлх В ангилаллын тэргүүн байрт консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн аравдугаар ангийн сурагч Ц.Гүнбилэг, хоёрдугаар байрт Испани улсын залуу төгөлдөр хуурч Виктор Гасиор, гуравдугаар байрт Консерваторийн СХМС-ын аравдугаар ангийн сурагч Д.Танхилуун, тусгай байрт Консерваторийн тавдугаар ангийн сурагч А.Түшигт нар байр эзэллээ.

18-32 насны төгөлдөр хуурчдын А ангиллын тэргүүн байрыг МУК-ын төгсөгч, Солонгос Улсын урлагийн их сургуулийн оюутан Ж. Ариунзаяа, хоёрдугаар байрыг Грек улсын төгөлдөр хуурч Филивос Гациоус, гуравдугаар байрыг ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит консерваторийн оюутан Анастасия Стасевич, тусгай байрыг МУК-ын мэргэжлийн төгөлдөр хуурын багш Г.Оюун-Эрдэнэ, МУК-ын төгсөгч М.Заяа нар хүртлээ. Харин уралдааны  шилдэг багшаар гавьяат багш, дэд профессор Ч.Тунгалаг шалгарсан юм.

Польшийн нэрт төгөлдөр хуурч, профессор В.Швитава ерөнхий шүүгчээр ажиллалаа

Уралдааны шүүлт болон тоглогдсон бүтээлүүдээс сонирхуулахад,  Ф.Шопены бүтээлүүдээс гадна Германы суут хөгжмийн зохиолч И.С.Бахын олон хоолойн бүтээлүүд, Монголын нэрт хөгжмийн зохиолчид С.Гончигсумлаа, З.Хангал, С.Сансаргэрэлтэх, Х.Мөнх-Ертөнц, Ш.Өлзийбаяр нарын бүтээлүүдээс тоглогдсон байна.

Гуравдугаар уралдаанд оролцогчдын хөгжмийн сэтгэлгээ, техникийн чадвар, Ф.Шопены бүтээлүүдийг хэрхэн амилуулж буй авьяас билгийг шүүхээр нэрт төгөлдөр хуурчид, багш нар ажиллалаа. Ерөнхий шүүгчээр Польшийн нэрт төгөлдөр хуурч, профессор В.Швитава, шүүгчдээр ХБНГУ-ын Мюнхен хотын хөгжмийн их сургуулийн профессор М.Беллхайм, Испани улсын Мадрид хотын Алкала де Энарес хөгжмийн консерваторийн профессор Д.Мэндмаа, СУИС-ийн хүндэт профессор, нэрт төгөлдөр хуурч Ц.Энхтөр, МУК-ийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, олон улсын уралдааны шагналт, төгөлдөр хуурч Б.Номингуа нар ажилласан юм. Уралдааны ивээн тэтгэгчээр “Урбанек” компани, Дуурь бүжгийн эрдмийн театр ажиллажээ.