Соёлын дэд сайд М.Батбаяр "Богд Зонхова" төслийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Гандангийн дэнж орчмыг түүх соёл шашны зориулалтаар ашиглах хөгжлийн төлөвлөгөө бий. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийнхээ дагуу дээрх төслийг хэрэгжүүлэх санал оруулж ирсэн. 2021 оны төсөв батлагдсанаар Соёлын яам "Богд зонхова" төслийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Түүнээс яамны санаачилгаар хийгдэж байгаа ажил биш. Цогцолборын хөрөнгө оруулалтын төсөв, эдийн засгийн тооцоолол, зураг төсөл хуульд заасан бусад зөвшөөрлийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Соёлын яам энэ төслийг анхнаасаа төсөвт суулгаагүй байсан учраас 5.5 тэрбумыг яаж тооцсоныг мэдэхгүй. Иймд төсөвт суулгасан барилгын зураг төсөл байгаагүй байсан учир барилгын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай болсон. 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн зураг төсөл боловсруулах даалгаврыг Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн ЗДТГ-тай хамтарч баталсан. Техникийн нөхцөл зураг төслийн магадлал, нэгдсэн дүгнэлт гарч баталгаажиж явсаар төслийн бодит өртөг 32.5 болж өссөн. Барилгын хөгжлийн төв төсвийг бүрэн эцэслэн баталсан. Ер нь "Богд зонхова" төсөл бол зөвхөн хөшөө биш нийт 4-5 багц ажил юм. Одоогоор барилгын ажил явуулах компанийг сонгон шалгаруулах тендер зарлагдаагүй байгаа. Өөрөөр хэлбэл төсвөөс нэг ч төгрөг гараагүй, гэрээ хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Цаашид энэ төслийг царцаах, зогсоох нь УИХ, Засгийн газрын шийдэх асуудал" гэлээ.