Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн талаар товч мэдээллийг өглөө.

Тэрээр “Монгол Улс генетик нөөц ихтэй, арвин баялагтай орон. Ард түмний нийтийн үнэ цэнэтэй баялаг болсон генетик нөөц, уламжлалт мэдлэгийг хадгалж хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байгаа юм. 2020-2021 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан ургамал, бичил биетний гаралтай зүйлийг судалгаа болон эдийн засгийн зориулалтаар ашиглах 1300 гаруй зүйл ургамлыг 70 гаруй зүйл амьтныг хилээр гарах зөвшөөрөл олгосон. Улсын хилээр гарч буй ургамал, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон зуун сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой.

Генетик нөөцийг ашиглаад тухайн зах зээлд ямар бүтээгдэхүүн худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй болчихоод байна. Түүнчлэн хууль эрх зүйн орчин байхгүйгээс олон улсын түвшинд эдийн засгийн эргэлтэд орж буй Монголын нөөц баялгийг ашиглаж тодорхой хүнсний бүтээгдэхүүн био технологийн бүтээгдэхүүнийг хийж байгаад хяналт тавих бололцоо байхгүй болсон. Генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд дэд ажлын хэсгээс хагас жил гаруй ажиллаж, судалгаа хийлээ. Энэ хугацаанд хуулийн бүртгэх, хадгалах хамгаалах, ашиглах, генетик нөөцийн баялгаас үр шим хүртдэг байх боломж бололцоог илүү тодотгон оруулж өгсөн” гэсэн юм.