Саяхан батлагдсан 2022 оны төсөвт 32 тэрбум төгрөгөөр Богд Зонхов бурхны цогцолбор барих төсөл багтсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Төсөв батлагдсаны дараа энэхүү маргаан дэгдсэн маргаан дэгдэж УИХ-ын гишүүд “Тийм хөрөнгө оруулалт байсныг мэдээгүй” хэмээн мэлзэж эхэллээ. УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “32 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Богд Зонховын цогцолбор барихтай холбоотой асуудлыг УИХ-аас биш Засгийн газраас оруулж ирсэн. Тухайлбал, Засгийн газраас 2022 оны төсвийг УИХ-д оруулахдаа энэ асуудлыг Соёлын сайдын багц дээр оруулж ирсэн байна лээ. Нийгмийн зүгээс маш хүчтэй шүүмжлэл ирж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч тодорхой хүмүүст чиглэл өгсөн. Тэрний дагуу Засгийн газар энэ хөрөнгийг царцаах нь зүйтэй гэсэн шийдвэрийг ойрын үед гаргая гэж байгаа юм билээ” гэсэн юм.
Мөн энэ асуудалд Соёлын сайд Ч.Номин тайлбар хийсэн. Тэрээр “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх Богд Зонхова цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд Богд зонхова цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо мэдэгдэж байна” гэсэн. Гэвч жилийн бүрийн төсөв гэдэг бол Монгол Улсын хууль. Нэгэнт батлагдсан бол хэрэгжүүлэх л үүрэгтэй. УИХ дахь сөрөг хүчний бүлгийн дарга Д.Ганбат ч үүнийг хэлсэн. Тэрээр “Улсын төсөв бол хууль. Гэтэл хуулиа хэрэгжүүлэхгүй гэдэг зүйлийг Засгийн газрын гишүүн нь яриад эхэллээ. Нэгэнт батлагдсан хууль хэрэгжээд явна. Тэгэхээр энэ төсвөө татаж авч, тодотгол хий. Богд Зонхова цогцолбор барихыг АН дэмжихгүй” гэсэн юм. Түүний хэлж байгаа нь үнэн. Төсөв бол хууль учраас хэрэгжүүлэх ёстой. Эсвэл тодотгол хийж болно. Бас нэг гарц нь Ерөнхийлөгч хориг тавих байлаа. Гэвч Богд Зонхова цогцолбортой холбоотой шүүмжлэл Ерөнхийлөгчийн төсөвт хориг тавих хуулийн хугацаа дууссаны дараа гарсан юм. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавих боломжгүй. УИХ 2022 оны төсвийг энэ сарын 12-нд баталсан.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль
45.4.Энэ хуулийн 45.3-т заасны дагуу ёсчилсон хууль, тогтоолыг Тамгын газар ажлын 2 өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ.
45.5.Энэ хуулийн 45.4-т заасны дагуу илгээсэн хууль, тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Одоо УИХ, Засгийн газар алдаагаа засаж 2022 оны төсөвт тодотгол хийх л боломж үлдлээ.