Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буйтай зэрэгцэн БШУЯ, Боловсрол телевизтэй хамтран хүргэдэг “Би багш-2021” нэвтрүүлгийн шинэ дугаарууд үзэгчдэд хүрч эхэллээ.

“Би багш-2021” нэвтрүүлэг нь багшийн ажил, мэргэжлийн  онцлогийг нийгэмд  таниулах, эерэг ойлголт бий болгох, шилдэг арга зүй, ур чадвартай манлайлагч багш нарыг урамшуулан дэмжих замаар багш мэргэжлийн нийгэм дэх үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Нэвтрүүлгийн эхний улирал 2019 онд бага боловсролын багш нарын дунд зохион байгуулагдаж, шилдэг багшид 100 сая төгрөг олгосон билээ. Тус нэвтрүүлгийн үр дүнд салбар болоод нийгэмд олон эерэг өөрчлөлт гарсан.

Харин энэ удаад Монгол улсын төрийн болон төрийн бус өмчийн нийт ерөнхий боловсролын сургуулийн шилдэг багш нар оролцож, ур чадвараа сорин өрсөлдөж буйгаараа онцлог юм. “Би багш-2021” нэвтрүүлэгт хоёр шатны шалгаруулалтаас шалгарсан нийслэл, орон нутгийн шилдэг 20 багш оролцож, хамтын ажиллагаа, авьяас чадвар, мэдлэг туршлага, бүтээлч сэтгэлгээгээр өрсөлдөнө.

Дугаар бүрд багш нар тодорхой сэдвийн хүрээнд салбартаа манлайлагч эрхмүүдийн “мастер класс” сургалтад хамрагдаж, олон талын ур чадвар сорьсон сонирхолтой даалгавруудыг гүйцэтгэнэ. Тэд ийнхүү 16 дугаарын турш өрсөлдөх бөгөөд цорын ганц ялагч 100 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардан авах юм.

“Би багш-2021” нэвтрүүлгийг долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт 21:00 цагаас Боловсрол телевизээр хүлээн авч үзээрэй.