Ногоон дээвэр

Тэнгэр баганадсан сүрлэг цамхагийн оройд ургамал ногоо алаглаж, жигүүртэн чуулсан бяцхан баянбүрд цогцлоох санааг 30 жилийн өмнө Германы уран барилгачид гаргажээ. Их хотын нүргээн чимээг шингээж, халуун агаарыг хөргөхөд тустай энэхүү шийдэл эдүгээ хот төлөвлөлтийн гол чиг хандлага болж буй.

Цаг агаарын харьцангуй тааламжтай нөхцөлтэй Азийн улс орнууд “Ногоон дээвэр”-ийн хөдөлгөөнд урьтаж нэгдсэн бол АНУ, Европын хотууд ч уур амьсгалын өөрчлөлтдөө зохицсон аргаар дээврээ ногооруулахыг илүүд үзэх болжээ. Ногоон дээвэр нь барилгын орой дээр цэцгийн саванд ургамал тарихаас тэс өөр ойлголт. Өөрөөр хэлбэл, барилгын дээвэр хэсэгт үржил шимт хөрс суулгаж зүлэг, бут, цэцэг, мод суулгасан тусгай давхарга бий болно гэсэн үг. Зарим хотод барилгын нүүрэн талыг зүлэгжүүлж, ногооруулдаг нь экологид эергээр нөлөөлөхийн зэрэгцээ үзэмжтэй харагддаг.

Орчин үеийн архитектурын ногооруулах тусгай аргаар бүтээсэн дээврийн ачаар өрөө тасалгааны дуу чимээ ойролцоогоор 40 децибелээр буурдаг аж. Ердийн дээвэр зуны улиралд хэт халж гадаргуу дээрх агаарын хэм цельсийн 50 градус хүрдэг тул ургамал ногоо тарьж арчлах ямар ч боломжгүй. Тэгвэл ногоон дээврийн ургамал ногооноос ялгарсан чийг ууршиж, агаарын хэмийг 30 градусаас доош барьдаг сайн талтай. Мөн дээд давхрын өрөөнүүд зуны улиралд хэт халахаа больж, сэнс, агааржуулагч ажиллуулах шаардлагагүй болох тул эрчим хүчинд ч хэмнэлттэй шийдэл юм. Ер нь агаарын бохирдол, тоосжилт зэргээс үүдээд суурин газрынхан агааржуулагч, агаар шүүгчийг улирал харгалзахгүй өргөн хэрэглэдэг. Гэтэл ийм төрлийн цахилгаан хэрэгсэл олшрох тусам хотын агаар таван хэмээр нэмэгддэг аж.

Нийт барилгынхаа дээврийн 20 хувийг ногооруулж дөнгөвөл зуны улиралд агаарынчанар мэдэгдэхүйц сайжирч, температур 3-5 хэмээр буурна, дагаад эрчим хүчний хэрэглээ ч багасна. Харин хүйтэн сэрүүний улиралд ногоон дээврийн олон давхарга тусгаарлагч, дулаан баригчийн үүрэг гүйцэтгэн бороо цасны үйлчлэлээс хамгаалах тул дээврийн эдэлгээ уртасч, халаалтын зардал ч буурах нь дамжиггүй.

Архитектур төлөвлөлтийн үр дүнд үүсэх орон зайд хүмүүс амьдралынхаа урт хугацааг өнгөрөөх учраас хүнтэй л ижил амьсгалах, бодисын солилцоо явуулах, өсөх, хөгшрөх, нөхөн сэргээгдэх зэрэг амьд организмын шинж чанаруудыг барилгын бүхий л үе шатанд авч үзэх шаардлагатай талаар Европын ногоон барилгын нийгэмлэгийн ерөнхийлөгч Дасти Гедж санууллаа.

Европын ногоон барилгын нийгэмлэгийн ерөнхийлөгч Дасти Гедж 

Яагаад зөвхөн хүмүүст төдийгүй амьтдад зориулж барилгаа төлөвлөх ёстой вэ? Учир нь биднийг ямар нэгэн зүйл барих тоолонд нэгэн төрөл зүйлийн амьтан, ургамал устаж мөхөх замд орно. Тэгвэл ядахдаа дээврээ хуваалцсанаар байгалийн төрхийг багахан ч атугай сэргээж чадах юм. Ногоон дээвэртээ зөгий үржүүлж, зараа тэжээдэг хүмүүс ч бий. Өвс хөвд тэр бүү хэл усан цөөрөм ч байгуулах боломжтой. Зарим судалгаагаар өндөр барилгуудын дээвэрт салхины хүч ихтэй, нарны хэт ягаан туяанд өртөмтгий гэдэг. Харин тэнгэр баганадсан барилгын оройд биологийн олон янз байдлыг хадгалж ногооруулж чадсан олон жишээг дурдаж чадна. Шилэн цамхагийн оройд шувууд чуулж, ховор төрлийн эрвээхэйнүүд эргэлдэн нисэж, цахирмаа цэцэглэн, царцаа шаргиж байхыг ч би харсан.

Газар нутаг багатай давчуу орон зайд ногоон байгууламж хийх хангалттай газаргүй бол барилгынхаа дээврийг ногооруулахыг зарим улс орнуудад журамлах болжээ. Жишээлбэл, Сингапурт барилгын 30 хувиас багагүй талбайд заавал ногоон байгууламж төлөвлөх шаардлага тавьж буй. Их Британид ч мөдхөн шинэ барилга, бүтээн байгуулалтад биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг заавал тусгуулах хууль батлахаар болсон юм.

Канадын Гэгээн Мэригийн их сургуулийн ургамал зүйч Эрика Оберндорфероор удирдуулсан баг 2007 онд дэлхийн өнцөг булан бүрд буй ногоон дээвэр, хана бүхий байгууламжид судалгаа хийхэд архитектурын шинэ шийдэл нь ургамал, амьтан өсөн төлжих орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ хүчтэй аадар борооны үед дээвэр усны 50 хувийг шүүлтүүрээрээ тогтоон барьж гудамж, талбайд ус тогтохоос сэргийлэх чадвартай болохыг тогтоожээ.

Лондоны захын дүүргийн барилгуудын ногоон дээвэрт шувууны үүр бэлдэж өгсөнөөр Африк тивээс Европт нүүдэллэж ирдэг ховор зүйлийн шувууд зун нь ангаахайгаа төрүүлж, өсгөдөг таатай нутагтай болжээ. Оршин суугчид ч шувуудын чимээг тээршаах бус байгальтай илүү ойртож зохицон амьдарч буйдаа илүү аз жаргалтай.

“The Wildlife Trusts” байгаль хамгаалах сүлжээний идэвхтэн Сьюзан Янг

Зэрлэг амьтдад гэр хэрэгтэй, гэхдээ тэд бас хооллох хэрэгтэй. Ургамал ногоог даган үржих хорхой шавжны хор хөнөөлийг бууруулахын тулд ногоон дээвэрт шувуу, сарьсан багваахайн үүр бэлдэж болно. Хүмүүс байгальд туслах нь хэчнээн чухал болохыг, мөн байгаль бидэнд ямар чухал болохыг мэддэг бол барилга байгууламжийн гадаад орчин, тэр бүү хэл дотоод засал нь хүн байгалийн тэнцвэрийг хадгалах биофиль дизайнтай байх ёстой. Шинээр барилга барихдаа тэндээс нүүлгэн шилжүүлэх амьтдын талаар бодолцож үзэх нь бидний үүрэг.

Хатагтай Янгтай ижил үзэл бодолтой хүмүүсийн нэг нь Мюнхений Техникийн Их Сургуулийн профессор Вольфганг Вейссер юм. Тэрээр архитектур төлөвлөлтөд амьтны тусламжтай дизайн хөгжүүлэх студи үүсгэн байгуулж Мюнхений нэгэн орон сууцны хороололд амьтдын оролцоотой барилга бүтээх төсөл дээр ажиллаж байна. Уг барилгын ногоон дээвэрт тоншуул, сарьсан багваахайн үүр байрлуулснаас гадна хөхтөн амьтад амарч эсвэл өвөлждөг “зараа шүүгээ” нэртэй жижиг модон хайрцаг суурилуулжээ. “Бидний үндсэн санаа бол амьтныг барилгын үйл явцад оролцогч болгох явдал юм” гэж Вайссер тайлбарлав. Ногоон дээвэр ердийнхөөс үнэтэй тусах ч давуу тал нь мэдээж илүү тэнцвэртэй экосистемийг бий болгох, урт хугацааны хөрөнгө оруулалт юм.

НҮБ 2060 он гэхэд дэлхийн бүх барилгуудын талбайн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцоолж буй. Хот тэлж, барилга олшрохын хэрээр зэрлэг ан амьтдад хорогдох зай улам л бага оногдоно. Дэлхий ертөнц ганцхан хүн төрөлхтөнд зориулагдаагүй болохоор дээврээ ч атугай амьтадтай хуваалцах талаар бодож үзээрэй.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)