Энэ улс татвар төлөгчдийн нуруун дээр тогтдог. Гэтэл улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, эрсдэл үүрч, олон хүнийг ажилтай, цалинтай, орлоготой байлгадаг аж ахуйн нэгжүүдээ төрөөс дарамталж ханадаггүй. Үүний нэгээхэн хэсэг нь үйл ажиллагаа эрхлэх элдэв зөвшөөрөл шаардаж зовоохоос эхэлдэг. Цар тахалтай, хөл хориотой алдаг, оног ажилласан энэ хоёр жилийн хугацаанд аж ахуйн нэгж, жижиг дунд бизнес эрхлэгчид ачааны хүндийг үүрсэн. Дайран дээр давс нэмэв гэгчээр ашиглаж ч амжаагүй шахам байхад авсан тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусаж эхэлжээ.

Тухайлбал, бар, караоке, рестораны бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулахын тулд олон тусгай зөвшөөрөл авдгийн нэг нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл. Энэ зөвшөөрлийн хугацаа хоёр жил байдаг ба анх авахдаа хоёр сая төгрөг төлдөг бол, сунгах тутамдаа 900 мянган төгрөг төлдөг аж. Ажиллаж амжаагүй, орлого муу байгаа энэ үед зөвшөөрөл дуусах, сунгах асуудал дарамт болж байгаа талаар нэгэн бизнес эрхлэгч хэлсэн юм. Тэрээр “Бид үйл ажиллагаа явуулахын тулд олон хүнийг царайчилж, “гарын үсэг цуглуулдаг”. Жишээлбэл, архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлөө сунгуулахын тулд таньдаг хүнээ аргадаж, авлигадаж байж бүтээдэг. Ном журмаараа явбал угаасаа бүтэхгүйн дээр дарамт шахалт ихтэй. Коронавирусээс болоод олигтой ажиллахгүй байхад ядаж нэг удаадаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг төлбөр мөнгө гэлгүй, явдал чирэгдэл учруулалгүй сунгаад өгчихвөл дэмжлэг болохоор байна” гэсэн юм.

Зөвшөөрөл дагасан авлига

Өнөөдөр Монгол Улсад 1600 гаруй тусгай зөвшөөрөл байна. Улсын хэмжээнд 2019 онд 1400 орчим тусгай зөвшөөрөл олгосон бол 2020 онд 1600 орчим болж өсжээ. Ийнхүү тусгай зөвшөөрлийн тоо өссөн нь төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудын халаасыг зузаалах,  авлига, хээл хахуулийг цэцэглүүлэх үндэс болж байна. Учир нь 2020 онд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас аймаг, нийслэлийн 4075 аж ахуйн нэгжийн дунд явуулсан судалгаагаар “авлига хээл хахууль хүндрэлтэй байна” гэж нийт оролцогчдын 62 хувь нь хариулжээ. Мөн төрийн үйлчилгээ, хүнд суртал бизнест хамгийн их тээг болдог гэж санал нэгдсэн байна.

Азийн хөгжлийн сангийн хийсэн “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгаагаар тусгай зөвшөөрөл авах болон лиценз авахтай холбоотой мэргэжлийн хяналт, гааль, татварын байгууллага дахь авлига буурахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ.

Ийнхүү зөвшөөрөл дагасан авлига гаарч байгаа нэг шалтгаан нь нэгдсэн мэдээллийн сан байдаггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөл хүссэн материал шаардлага хангаж байгаа эсэх мэдээлэл тодорхойгүй байдаг аж. Түүнчлэн зөвшөөрлөө бүтээхийн тулд авлига өгдөг талаар зарга шүүж, ам нээх зоригтой бизнес эрхлэгч цөөхөн. Яагаад гэвэл хэл ам хийгээд хэн нэгний хорхойтой араанд зуугдчих юм бол цаашид бизнесээ үргэлжлүүлэхэд улам ярвигтай болно. Наад зах нь цагдаа, мэргэжлийн хяналтынхан ойр ойрхон орж ирээд дарамтална. Эсхүл хяналт, шалгалт хийж байгаа нэрийдлээр үнэтэй бүтээгдэхүүнийг нь цүнхлээд явах улсын байцаагчид байдаг нь ч нууц биш. Иймээс зөвшөөрөл дагасан авлигыг цэгцлэх цаг нэгэнт болжээ.

Зөвшөөрөөгүйгээс бусад нь чөлөөтэй

Энэ асуудлыг цэгцлэхийн тулд эхлээд замбараагүй олон зөвшөөрлийн тоог бууруулах хэрэгтэй. Анх 2001 онд Монгол Улс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг баталж байв. Тус хуульд 210 орчим байгууллага  тусгай зөвшөөрөл олгохоор тусгаж байжээ. Үүнээс хойш хуулиар эрх олгоогүй боловч тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нутгийн удирдлагуудын шийдвэрээр бий болгож, төлбөр, хураамж ногдуулах тохиолдол түгээмэл болсон. Энэ нь  тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомжийн зохицуулалт өөр хоорондоо зөрчилтэй байгаатай холбоотой. Иймээс хууль хоорондын давхардал, зөрчил, хийдлийг арилгах, хуулиас гадуур тусгай зөвшөөрлийн ангилал, төрлийг бий болгож иргэдийг чирэгдүүлдэг байдлыг хориглох шаардлагатай байна. Мөн төрөөс зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг бий болгох ёстой.

Саяхан хэсэг гишүүн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Нэгтгэсэн төсөлд 285 энгийн зөвшөөрөл, 163 тусгай зөвшөөрөл олгохоор тусгажээ. Түүнчлэн энэ хуульд үйл ажиллагаа эрхлэхэд олгосон бүх зөвшөөрлийн бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой нийтлэг мэдээллийг агуулсан цахим нэгдсэн сантай болох талаар тусгажээ. Хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар авлига, хүнд суртлыг хумих төдийгүй бизнес эрхлэх орчныг сайжруулах, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох зэрэг олон давуу тал бий болно гэж хууль санаачлагчид тайлбарлаж буй.

Төр зөвшөөрөл шалгах бус стандарт мөрдүүлдэг байя

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх, түүнчлэн байгалийн баялгийг ашиглах зэрэг эрсдэл учруулж болохуйц чиглэлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох асуудал байх нь зайлшгүй. Харин жижиг бизнесүүдэд зөвшөөрлийн дарамт байх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь бизнесээ эхлүүлж, үйлчилгээ үзүүлэх боломжоор хангагддаг болчихвол бизнес эрхлэгчдэд төрөөс ирэх дарамт буурахаас гадна эдийн засгийн жамаараа зах зээл хурдацтай хөгжих боломжтой болно. Үүнийгээ дагаад хүнд суртал, авлига ч мөн буурна.  Тухайлбал, хүнсний дэлгүүр нээж ажиллуулахад 14 төрлийн бичиг баримт цуглуулах шаардлагатай болдог байна. Үүнийг одоо болиулъя. Харин төрийн зүгээс аливаа үйлчилгээнд мөрдөгдөх стандартыг тодорхой болгож үүнийг мөрдүүлж ажиллахад анхаарлаа хандуулдаг болмоор байна.