ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа ажлаа өгөхөөр болжээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Давааг 2019 оны арваннэгдүгээр сарын 29-нд томилсон. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч ажлаа өгөхөөр болсон бололтой. Учир нь, түүнийг үүрэгт ажлаа дуусган эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов энэ сарын 16-ны өдөр хүлээн авч уулзан, зоог барьсан тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Элчин сайд Д.Даваа хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэхэд  идэвхтэй ажиллаж, олон арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглээд, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсжээ. 

Элчин сайд  Д.Даваа ОХУ-ын ГХЯ-ны зүгээс Монгол, Оросын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд талархал илэрхийлсэн байна. Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 12-нд Москва хотноо зохион байгуулахад оросын тал өндөр ач холбогдол өгсөнд баяртай байгаагаа илэрхийлжээ.

ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа ийнхүү ажлаа өгч байгаатай холбоотойгоор тус улсад суух дараагийн Элчин сайд хэн бэ гэсэн асуулт гарч ирж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)