Хомсдол зөвхөн Монголын асуудал биш
Бөөрөнхий дэлхийд хүмүүс бие биеэсээ хамааралгүй амьдрах боломжгүй. Тэр тусмаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт дээр үүнийг ихээхэн жишээлдэг. Хойд туйлын мөс хайлах нь, озоны даварга нимгэрэх нь гээд экологийн бүхий л асуудал бүс, тив хамаарахгүйгээр дэлхийн бүх хүнд хамааралтай. Үүн шиг дэлхийн улс орнууд эдийн засгийн хувьд ч ангид орших боломжгүйг цар тахлын жилүүд харууллаа. Газар нутгийн хувьд хаана орших нь хамаагүй, харилцаа тогтоох нь л чухал гэдэг зарчим энд үйлчилнэ. Сингапур газар нутгийн хувьд жижигхэн, хүн ам цөөтэй ч дэлхийн улс орнуудтай харилцаа үүсгэж чадсан. Дэд бүтэц, уялдаа холбоог сайн бүрдүүлж чадсанаараа Сингапур бүс нутагтаа хөгжлөөрөө дээгүүрт орж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Зүүн өмнөд Азийн 700 гаруй сая хүн ам Сингапурын зах зээлийг сонирхож, хөрөнгө оруулалт тийшээ чиглэж байна. Дэлхийн улс орнуудын үйлдвэрлэлгүй нь импортолж хэрэглээгээ хангах, үйлдвэрлэгч нь худалдан борлуулж, эдийн засгаа тэлнэ. Ийм л шүтэлцээ дэлхийн улс орны эдийн засагт үйлчилж байна.
Тэр утгаараа өнөөдөр тээвэрлэлтээс шалтгаалсан бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт дэлхийн улс орнуудын толгойн өвчин боллоо. Үүнийг дагасан хомсдол, үнийн өсөлт ч томоохон сорилт болж байна. Одоогоос хоёр жилийн өмнө хүн төрөлхтөн цар тахалтай нүүр тулж, түүнийг даван туулахаар мэрийж байсан бол өнөөдөр цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн төлөө тэмцэж байна. Цар тахлын жилүүдэд улс орнуудын тогтоосон хөл хорионы улмаас олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, олон мянган хүн ажилгүй болсон. Энэ өнөөдөр эдийн засаг сэргэж, хэвийн байдалд ороход ихээхэн хүндрэл болж байгаа юм.
Англид гэхэд цар тахлын үед 200 мянган ажилчин Их Британийг орхин гарсан мэдээлэл бий. Ажиллах хүч бол үйлдвэрлэл, нийлүүлэлт гээд бүх зүйлийн анхдагч юм. Ажиллах хүч хомсдоход үйлдвэрлэл буурна. Үйлдвэрлэл нийлүүлэлтийг бууруулна. Нийлүүлэлтийн хомсдол бараа бүтээгдэхүүний хомсдолд оруулж байгаа юм. Тиймээс дэлхийн улс орнууд ажиллах хүч, хөдөлмөрийн зах зээлээ ихээхэн анхаарч байна. Өмнөх жишээ авсан Их Британи визийн шаардлагаа зөөлрүүлж, гаднаас ажиллах хүч авахаар бодлогодоо эрс өөрчлөлт хэрэгжүүлж эхэлсэн. Тус улсад ачааны машины жолооч олдохгүй байгаа тул түгээлт буурч, дэлгүүр, шатахуун түгээх станц нь хоосорсон. Ингээд Ерөнхий сайд Борис Жонсон гадаадын олон жолоочид виз олгохоор болсон. Мөн зэвсэгт хүчнээсээ тусламж авсан зэрэг шат дараатай шийдвэрүүд гаргасан.
Дэлхийн хамгийн том эдийн засаг АНУ бол цар тахлын дараах ажиллах хүчний хомсдолд хамгийн түрүүнд орсон улс. Сүүлийн жил орчим хугацаанд хөдөлмөрийн зах зээлээ хэвийн байдалд оруулахаар хичээсэн улс. Өнөөдөр сүүлийн 30 жил байгаагүй үнийн өсөлт тус улсад нүүрлээд байгаа нь өнөөх л үйлдвэрлэл, нийлүүлэлтээс хамаарсан хомсдолоос шалтгаалсан хэрэг. Хүнсний бүтээгдэхүүн хийгээд эрчим хүчний үнийн өсөлт нь инфляцын тэргүүнд байгаа юм. Өнгөрсөн сард өгсөн мэдээллээр АНУ-д жилийн үнийн өсөлт тав орчим хувьтай байгаа юм. Үнийн өсөлтөд хүнснээс эхлээд, хувцас, шатахуун зэрэг бүхий л төрлийн бараа, үйлчилгээ багтсан. Сүү, сүүн бүтээгдэхүүн хоёр хувь, гурил ундааны төрлийн бүтээгдэхүүн дээр нэг хувийн өсөлт ажиглагдсан байна. Эрчим хүчний үнийн өсөлтөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлогын шийдвэр нөлөөлснийг мөн дурдъя.
Цар тахалтай хамгийн түрүүн нүүр тулж, түүнийгээ маш хурдтай, амжилттай давж чадсан БНХАУ-ын эдийн засаг бусад улсаас түрүүлж өссөн. Тахлын дараах эдийн засгийн сэргэлт ч харьцангуй хурдан байсан. Гэвч экологитой холбоотой зарим бодлогын шийдвэрээс хамаарсан нүүрсний хомсдол нь тус улсад эрчим хүч, түүнийг дагасан үйлдвэрлэлийн хомсдол бий болоход хүргэсэн. Үргэлжлүүлээд “ногоон бүс” болох амбицтай байсан урд хөршийн хэд хэдэн мужид халдварын тохиолдол бүртгэгдсэн нь дахин хөл хорио, хязгаарлалт тогтооход хүргэсэн юм. Хятадын эрчим хүчний хомсдол зөвхөн Хятадын биш, цаашлаад дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд асуудал үүсгэхээр байгааг томоохон шинжээчид анхааруулж эхэллээ.
Япон улс коронавирусийн халдвар бага тархалттай. Тэр хэрээрээ нөлөөлөлд бага өртсөн улсын тоонд орж байна. Гэсэн ч аалзны тор шиг хэлхээтэй дэлхийн эдийн засаг тус улсад нөлөөлж, хомсдолоос тойрсонгүй. Японы хувьд авто машины үйлдвэрлэлээрээ толгой цохидог. Энэ оны эхний есөн сард автомашины үйлдвэрлэл, борлуулалт нь 50 орчим хувиар буурчээ. Үйлдвэрлэлд эд ангиудын хомсдол нөлөөлсөн. Тиймээс Японы Засгийн газар чипний үйлдвэрлэгчдэдээ татаас олгож, хагас дамжуулагчийн нийлүүлэлтийнхээ тогтвортой байдлыг хангах бодлогын шийдвэр гаргаад байна.
Энэ мэт гинжин хэлхээ шиг нийлүүлэлтийн сүлжээ тойрсон хомсдол дэлхийн улс орнуудыг нөмрөөд байгаа юм. Дэлхий дахинд өргөн тэмдэглэдэг Зул сарын баяраар энэ байдал улам нэмэгдэх болгоомжлол ч ихэнх улс оронд байгаа юм.
Монголын тухайд хоёр жил хомсдол, үнийн өсөлттэй нүүр тулж байна. Анх өндөгнөөс эхлэлтэй хомсдол автобензин, шахмал түлш, нарийн ногоо, эм, эмнэлгийн хэрэгсэл, цаашлаад сав, баглааны хомсдлоор үргэлжлэв. Энэ нь мөн л урд хөрштэй хамаатай нийлүүлэлтийн хомсдол юм. Үйлдвэрлэгч биш импортлогч манай улсын тухайд хоёр хөршөөсөө, тэр тусмаа урд хөршөөсөө хэт хамааралтай байгаа нь хомсдолын шалтгаан болсон юм. Хэдийгээр манай улс 150 гаруй улстай гадаад худалдаа хийдэг ч худалдааны 90 орчим хувийг урд хөрш бүрдүүлдэг. Тэр тусмаа БНХАУ, Монголын харилцаа нэг боомтод хэт төвлөрч байгаагийн уршгийг Эрээн, Замын-Үүдийн хязгаарлалт харуулсан. Ингээд Монголд зөвхөн нэг улмаас хамаарсан хомсдол үүссэн. Цаашлаад инфляц хоёр орон оронтой тоо руу өгсөж байгаа юм. Хэдийгээр хомсдол, үнийн өсөлт зөвхөн Монголын асуудал биш ч нэг улсаас хэт хамааралтайн гажуудлыг бид яг одоо амсаж байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл