Монголын тал нутагт “Сэрсэн тал” эгшиглэхэд уулс нь сэрж, өвс нь өндийж, цэцэгс нь дэлгэрч, тэнгэр нь цэлмэж, үүлс нь мишээж сонсдог байх аа гэж итгэдэг. Жил жилийн наадмаар “Сэрсэн тал” хуурын татлагаар янцгаахад морьд нь үүрсэж, уяач нь огшиж, дэнж нь дэрвэж сонсдог байх гэж бас боддог. “Сэрсэн тал”-ыг сонсохоор морьд эргэх торгон агшин нүднээ үзэгдэж, зорьж чадаагүй нутгийнхаа наадмыг санаж, өвгөддөө үнсүүлээгүй, дэнждээ эрхлээгүй, багын хэдтэйгээ уулзаагүй минь бодогдож, нүдний аяга усаар дүүрдэг. Намайг үргэлж санадаг, нулимсан дунд минь жижгэрсээр хоцордог уулсаа, айл гэртэж тоглодог байсан уулсын энгэрээ ч гэсэн санаад байдаг нь хачин. Энэ хөгжим ч гэлтгүй хөгжим хүн хүнд өөр өөр цагт, сэтгэлийн эмзэглэлийн аль нэг хувиралтайд их олон янзаар “өөр өөрийг” өгдөг. Гэхдээ талыг сэрээсэн энэ аялгуу “Монгол” гэсэн үнэр ханхийлгэж, улс үндэстнээр нь нэг омогшуулаад орхидог юм. Ганц Монгол эх оронд л байх Б.Шарав гуайн энэ бүтээл мэндлээд хэдийнэ 37 жилийг үдсэн байна. Төрийн их хүндэтгэлийн концерт, наадмаар нэг удаа “Сэрсэн тал”-ыг “амраасангүй”. Монголын 37 жилийн долдугаар сар “Сэрсэн тал”-гүй байсангүй. Гадагшаа улсаа суртчилахаа зориход “Сэрсэн тал” нэг удаа үлдсэнгүй.
Ийм л нэгэн бүтээлийн мэндэлсний 37 жилийн ойн тоглолтыг Үндэсний урлагийн их театр арваннэгдүгээр сарын 25-нд зохион байгуулах гэж байна. Тоглолтын талаар Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар хэлэхдээ “Сэрсэн тал”-ын 30, 33, 35 жилийн ойг тэмдэглэж байсан. 30 жилээс хойш жил жилийн арваннэгдүгээр сард тоглолтыг зохион байгуулъя гэж шийдсэн ч 31, 32 дахь тоглолт зохион байгуулах гэтэл ивээн тэтгэгч олдоогүйн улмаас чадаагүй. 36 дахийг зохион байгуулах гэтэл жинхэнэ хатуу хол хориотой үе байж таарсан. Тиймээс энэ жилээс эхлэн жил бүр “Сэрсэн тал” тоглолтыг арваннэгдүгээр сард зохион байгуулж байна. Хүн бүрийн хүсэн хүлээдэг, “Сэрсэн тал”-д орох юмсан гэсэн уран бүтээлчдийн цагаан атаархлыг төрүүлсэн тоглолт хийнэ гэж төлөвлөж байна” гэсэн юм.
Тоглолтод Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын мэргэжлийн дуучдад зориулан бүтээсэн романсуудыг өнөө цагийн шигшмэл дуучид хүргэхээрээ онцлог. Тэд өөрсдийн брэнд болтлоо дуулсан дуугаа сольж дуулан, олонд хүрээгүй шинэхэн дуунуудыг зөвхөн Үндэсний их найрал хөгжимтэй хүргэхээрээ онцлог. Энэ удаагийн “Сэрсэн тал 37” тоглолтод гавьяат жүжигчин Р.Доржхорол, Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа, Э.Анхбаяр, соёлын тэргүүний ажилтан О.Хүрэлбаатар, Б.Гомбо-Очир, Б.Энхнаран, С.Бат-Эрдэнэ нар оролцож байгаа нь тоглолтын чансааг таниулж, өндөр зэрэглэлийнх гэдгийг нь мэдрүүлж буй юм. “Сэрсэн тал 37”-д хөгжмийн зохиолчийн “Монгол орон бадартугай”, “Тэнгэрийн орон”, “Сэрсэн тал” удиртгалаас гадна “Сэтгэлийн эгшиг” мөн эгшиглэнэ. Энэ жилийн тоглолтод орж буй өөр нэг шинэлэг зүйл нь Б.Шарав агсны хуучирт зориулсан тоглолтыг хуучирч Э.Цэндсүрэн хүргэхээрээ онцлог юм. Тасалбарын үнэ 100-150 мянган төгрөг. Удирдаач Н.Буянбаатар хэлэхдээ “Хөгжмийн зохиолч нь, хөгжим нь, хөгжимчид нь, дуу нь, дуучид нь ч бүгд брэнд юм чинь ийм билеттэй байж болохгүй гэж үү” гэсэн. Нээрээ л Дэлхийд данстай хөгжмийн зохиолчийн сор бүтээлүүд энэ зэрэгтэй үнэлэгдэх л ёстой.
Төгсгөлд нь бүтээлийн түүхийг сөхвөл, Төрийн шагналт Ж.Чулууны удирдлагаар 150 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжмөөр 1984 оны арваннэгдүгээр сарын 25-нд анх эгшиглэсэн “Сэрсэн тал” мэндлэхдээ нэр ч үгүй байжээ. Ардын жүжигчин Н.Жанцанноровын захиалгаар БНМАУ улс тунхагласны 60 жилийн ойн тоглолтод анх эгшиглэсэн уг бүтээлийг тийм ч олон жил эгшиглэнэ гэж төсөөлөөгүй гэдэг. “Бичих гээд нэг их зовоод сүйд болж байснаа санадаггүй” хэмээсэн хөгжмийн зохиолч 1983 онд ОХУ-ын Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын хөгжмийн их сургууль төгсөж ирээд нэгхэн жил болж байхдаа 32 насандаа “Сэрсэн тал”-ыг зохиожээ.
