Монголчууд сүүлийн нэг жил цар тахалд хамаг анхаарлаа хандуулж, хөрөнгө, хүчээ шавхлаа. Эцэстээ сүржигнэх хэрэггүй, вакциндаа найдаж цар тахалтай мөр зэрэгцэн амьдрах л сонголт үлдэв. Энэ байдал нь шат шатны шийдвэр гаргагч дарга нар, иргэдийг улам дөжрүүлж байгаа бололтой. Өмнө нь хүний байтугай малын гоц халдварт өвчнөөс цэрвэдэг, тэр дор нь арга хэмжээ авдаг байлаа. Харин одоо малын байтугай, хүний халдварт өвчнөөс ч айхаа болив.
Сүүлийн саруудад малын гоц халдварт өвчин тасралтгүй гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 4-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Шийрийн бригадад малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн. Өнгөрсөн аравдугаар сард Архангай, Өмнөговь, Дорнод, Дорноговь, Хэнтий, Ховд, Төв, Баян-Өлгий, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Мөн аравдугаар сард Монгол Улсад өмнө нь гарч байгаагүй малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт бүртгэгдсэн юм. Ингээд зогсохгүй бог малын мялзан өвчин Дундговь, Өмнөговь аймагт гарсан. Цаашлаад өнгөрсөн есдүгээр сард Сэлэнгэ, Дундговь аймагт шүлхий өвчин гарсан. Үүнээс үүдэн эдийн засаг, улсын төсөв санхүүд ихээхэн хэмжээний хохирол учрах нөхцөл байдал үүсжээ.
Малын гоц халдварт өвчин эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
Уул уурхайн салбар сүүлийн 10 гаруй жилд тэргүүлэх салбар болохоос өмнө мал аж ахуйн манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар байлаа. Одоо ч эдийн засгийн өндөр ач холбогдлоо алдаагүй. Гэхдээ малын гоц халдварт өвчин мал аж ахуйн салбарын эдийн засгийн ач холбогдлыг их хэмжээгээр бууруулахаар байна.
Манай улсын 21 аймгийн бараг бүгдэд нь шүлхий өвчин бүртгэгдэж байсан бол одоо үхрийн арьс товруутах өвчин гэх мэт А зэрэглэлийн гоц халдварт өвчнүүд нэмэгдэх болжээ. Сүүлийн гурван сарын хугацаанд А зэрэглэлийн гоц халдварт өвчний ангилалд багтдаг дөрвөн төрлийн өвчин зэрэг гарсан нь хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн санааг зовоож эхэллээ. Тодруулбал, шүлхий, мялзан, цэцэг, үхрийн арьс товруутах өвчин нэгэн зэрэг гарсан нь анхны тохиолдол болжээ. Энэ асуудалд яаралтай арга хэмжээ авахгүй бол махны экспорт бүрэн зогсохоор байна гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Туваан өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр анхаарууллаа. Түүний хэлж байгаагаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан журмын дагуу манай улс улс хоорондын хорио цээрт өртөх нөхцөл үүсжээ. Ингэснээр махны экспортоос орлого олох боломжгүй болох юм. Ингээд зогсохгүй малын гоц халдварт өвчин нь улсын төсөвт ч дарамт үүсгэх магадлалтай ажээ. Учир нь, өвчилсөн малыг устгалд оруулахдаа үнэлж, үнийн дүнгийнх нь 80-90 хувийг малчдад буцаан олгодог байна. Мэдээж энэхүү нөхөн олговор нь улсын төсвөөс гарна. Малын гоц халдварт өвчин ихээр гарах бүрд төсвийн хөрөнгө урссаар байх нь ээ. Тиймээс Засгийн газар малынхаа өвчлөлийг хүнийхээсээ ч дутахааргүй анхаарах цаг болжээ.