Балетын үндэсний IV уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд гадны дөрвөн шүүгч багтжээ

“Монголын балетын хөгжил” сангаас зохион байгуулдаг Монголын балетын үндэсний дөрөвдүгээр уралдааны бүртгэл өнөөдөр дуусна. Энэ жилийн хувьд тус наадмыг цахимаар явуулж буй бөгөөд 16-28-ны хооронд шалгаруулалтыг хийж дүнгээ танилцуулах юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шүүгчдээс гадна олон улсад нэр хүнд бүхий эрхмүүд багтжээ. “Монголын балетын хөгжил” сангийн тэргүүн, Соёлын элч, гавьяат жүжигчин Д. Алтанхуяг, Япон Улсын Олон улсын балетын академийн ерөнхийлөгч Со Кикүчи, БНХАУ-ын “Шэнь Драгон” балетын сургуулийн захирал Шао Зижунь, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит Бүжгийн коллежийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Доржо В.Дугаржапов, Сингапур улсын “Иен” балетын академийн захирал Ван Иен, ДБЭТ-ын гоцлол бүжигчин, Монгол Улсын консерваторийн сонгодог бүжгийн багш, гавьяат жүжигчин Г.Цолмон, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн найруулах урлагийн тэнхимийн эрхлэгч, МУСТА Д.Алтантуяа, БНСУ-ын “Жин арт” төвийн ахлах мэргэжилтэн Д.Одмаа нар ажиллаж байна. Уралдааны хүрээнд хүндэт шүүгч нарын зүгээс бэлтгэл /9-11/, өсвөр /12-18/ насны оролцогчдод зориулж энэ сарын 17-23-ны өдрүүдийн хооронд цахимаар болон танхимд мастер хичээл зохион байгуулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)