“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 495 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Манай дугаар бүр нийгэм, улс төр, эдийн засгийн ил үзэгдэх бодит төрхийг дэлгэн үзүүлэхээс гадна тэдгээрийн цаана лугшиж буй шалтгаан, судсыг барьж авахыг зорьдог билээ.

Шинэ дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулъя.

НЭГ. Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх шаардлага

Улс төрд намаар дамжиж, их хэмжээний авлига орж ирдэг. Энэ боломжийг нь хуулиар хязгаарлаж, хазаарлаж өгөхгүйгээр авлигатай хийх тэмцэл амжилт олох ямар ч бололцоогүй.

Улс төрийн намын санхүүжилтийн өнөөгийн тогтолцоо нь олон талын хор нөлөө үзүүлж байна. Юун түрүүнд тодорхой сонирхлын бүлэгт давуу байдал олгодог. Тодорхой хэлбэл, хэн мөнгөтэй хүчинд үйлчлэх нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн үг.

Удаад нь, сонгуулийн шударга өрсөлдөөнийг бууруулж, нийгмийн олон талын төлөөлөл сонгуульд нэр дэвших бололцоог хааж боогдуулдаг ажээ. Нөгөөтэйгүүр, Монголын улс төрийн намууд сүүлийн жилүүдэд томоохон авлигын хэрэг, дуулианд өртөх нь ердийн гэмээр үзэгдэл болсон.

Д.Дамдинжав "Хандив хэмээх авлига" нийтлэлээс

ХОЁР. Төсөв нь чамлагдсан аялал жуулчлал

Тахлын дараах эдийн засаг хүндэрсэн, нийгмийн шинжтэй төсөл хөтөлбөрүүд “чихцэлдсэн” гэж бодвол 2022 оны төсөвт тавьсан хөрөнгө оруулалтыг зөвтгөж болмоор. Гэтэл үнэндээ УИХ-ын гишүүдэд аялал жуулчлалын салбар амь тавих эсэх нь хамаагүйг илтгэх нэгэн тоо байна. Ирэх оны төсөвт УИХ-ын гишүүдийн тойрогтоо тэгшитгэж хувааж авсан мөнгө нь дөрвөн тэрбум төгрөгт хүрсэн нь нэгэнт тодорхой болчихсон 76 гишүүн тус бүр дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтыг сонгогдсон тойргоо “услахад” зарцуулах нь ойлгомжтой болоод байгаа юм. Харин ирэх оны төсөвт туссан “Аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад ариун цэврийн газар, авто зогсоол бүхий отоглох цэг (Улсын хэмжээнд)” байгуулах нийт төсвийн хэмжээ нь ердөө 1.7 тэрбум төгрөг. Эндээс л энэ салбарт хандах эрх баригчдын хандлага нэвт “үнэртэж” байгаа биз ээ!

Г.Анар "Аялал жуулчлалын салбар амь тавих нь хамаагүй юу" нийтлэлээс

ГУРАВ. Үйлдвэрлэгч биш импортлогчийн "зовлон"

Манай улс 150 гаруй улстай гадаад худалдаа хийдэг ч худалдааны 90 орчим хувийг урд хөрш бүрдүүлдэг. Тэр тусмаа БНХАУ, Монголын харилцаа нэг боомтод хэт төвлөрч байгаагийн уршгийг Эрээн, Замын-Үүдийн хязгаарлалт харуулсан. Ингээд Монголд зөвхөн нэг улмаас хамаарсан хомсдол үүссэн. Цаашлаад инфляц хоёр орон оронтой тоо руу өгсөж байгаа юм. Хэдийгээр хомсдол, үнийн өсөлт зөвхөн Монголын асуудал биш ч нэг улсаас хэт хамааралтайн гажуудлыг бид яг одоо амсаж байна.

Б.Болор-Эрдэнэ "Хомсдол зөвхөн Монголын асуудал биш" нийтлэлээс

ДӨРӨВ. Тооны цаана

Засгийн газар ирэх оны төсвийг “Эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөв” хэмээн тодорхойлж байгаа юм.  Төсвийн төслийг өргөн барьсан даруйд УИХ-ын гишүүн бүрд тойрогтоо дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх эрх олгосон тухай шүүмжлэл өрнөсөн. УИХ-ын зарим гишүүн үүнээс татгалзахад бэлэн байгаагаа хэлж байсан ч хэлэлцүүлгийн шатанд өөрчлөлт оруулсангүй. Хөрөнгө оруулалтын төсөлд нийтдээ 2.2 их наяд, концессоор хэрэгжүүлсэн төслүүдийн эргэн төлөлтөд 303.6 тэрбумыг зарцуулахаар тооцжээ.

С.Шийлэгтөмөр "2022 онд Монгол Улсын хэтэвч ямар байх вэ?" нийтлэлээс

ТАВ. Азанд найдах уу

Сугалаанд хожсон нэгэн нь азтай байж бусад нь хохирч үлдэх болжээ. Хамгийн чухал нь төр засаг ард иргэдийг азанд найдаж байр, машин, мөнгөтэй болох боломжтой гэсэн сэтгэлгээнд бэлдэж байгаа юм.

Эцэстээ сугалаа гэх мэтийн зүйл галзуурал болж үлдэх нь түмнийг хамруулсан элэглэл мэт шийдвэр гаргасан төр засагтай бид хариуцлага тооцох хэрэгтэй. Нийслэл хотод шинээр сүндэрлэх барилга байгууламж дотор ядаж л цэцэрлэгийн асуудлаа шийдчих хэмжээний хүч чадал дутмаг байна гэдэг харамсалтай биз. Нийгэмд хөдөлмөрлөж хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийг хүсэгсэд цөөнгүй. Гэтэл төр өөрөө ард иргэдийнхээ голд хэдэн сугалаа шидэж орхиод бусдыг нь хаяж байгаа нь дэндүү эмгэнэл юм. Цөөн монголчууд минь Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэхийн тулд азтай байх ёстой болсныг эмгэнэл гэхээс өөр юу гэх билээ.

И.Сарангоо "Сугалааны улс" нийтлэлээс

ЗУРГАА. Европ тив зэвсэгт мөргөлдөөний ирмэгт

Европын холбоо Беларусь-Польшийн хил дээр үүссэн нөхцөл байдлыг А.Лукашенкогийн хүслийн үр дүн гэж шууд дүгнэж буй. Шалтгаан нь 2020 оны сонгууль, дарагдсан эсэргүүцлийн хөдөлгөөн гээд юу ч байж болно. Гол нь Европт цагаачдын хямрал үүсгэх нь түүний гол зорилт хэмээн бичиж байна. Харин А.Лукашенко дүрвэгсдийг оруулахгүй байгаа улсууд өөрсдөө буруутай гэж мэдэгджээ. Балтийн тэнгис орчмын гурван улс хамтарсан мэдэгдэлдээ одоо өрнөж буй үйл явц маш аюултай, Европт зэвсэгт мөргөлдөөн авчрах эрсдэлтэй хэмээн хамтарсан мэдэгдэлдээ дурджээ. Эх сурвалжуудад бичиж байгаагаар, Брюссель Беларусьт хориг тавих асуудал яригдаж байгаа бөгөөд хэрвээ тавибал Минскийн онгоцны буудал, “Аэрофлот” компани хамгийн түрүүнд өртөх гэнэ.

Х.Батсайхан " Дүрвэгсдийн хямрал 3.0" нийтлэлээс

ДОЛОО. “Ливерпүүл”-д эргэж ирэхэд нэг алхам ойртов

Английн хөлбөмбөгийн шилдэг довтлогч асан, эдүгээ шилдэг дасгалжуулагч болсон Стивен Жеррард нутагтаа эргэж ирлээ. Лигийн “Хатуу самар”-уудын нэг, томчуудын аранга “Астон Вилла” улирлын эхэнд бужигнуулж байсан ч сүүлийн таван тоглолт дараалан хожигдсон тул багийн удирдлага дасгалжуулагч Дин Смитийг халсан юм.

Ливерпүүл”-ийн домог энэ зун Премьер лигийн олон багийн (“Тоттенхэм”, “Эвертон” гэх мэт) “богиносгосон жагсаалт”-д орсон ч томилогддог дээрээ хасагдчихаад байв. Хэд хоногийн өмнө “Ньюкасл”-аас бас санал авсан ч өмнөх шигээ хасагдана гэж болгоомжилсон уу яасан, хөрөнгө бэл хавьгүй бага “Астон Вилла”-д ирчихлээ. Гэхдээ Стиви Жи лигийн хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч болж байгаа. Тэрээр ирэх арванхоёрдугаар сарын 11- нд “Энфильд”-эд хуучин багийнхаа эсрэг тоглох хуваартай байна.

Х.Батсайхан "Стиви Жи Англид эргэж ирлээ" нийтлэлээс

НАЙМ. Урсаж буй цаг хугацаа

Зурганд урсаж буй гурван цаг дүрслэгдсэн байдаг. Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүйг илэрхийлсэн гэж урлаг судлаачид үздэг. Түүнчлэн тэгш бус, хайлж буй байдлаар зурсан нь цаг хугацааг барьж, тогтоох боломжгүй, тасралтгүй үргэлжилдэг гэх утгыг бэлэгдэж буй. Түүнчлэн энэ зургийг Эйнштэйний харьцангуйн онолоос сэдэвлэн зурсан байх магадлалтай гэж судлаачид таамагласан ч зураач зүгээр л хайлсан бяслагнаас санаа авч зурсан гэж хэлсэн гэдэг.

О.Даваасүрэн "Цаг хугацааг мөнхөлсөн уран зураг" нийтлэлээс

ЕС. Уул уурхайн усны хэрэглээ

Усгүйгээр төсөөлж болох зүйл бараг үгүйтэй адил уул уурхайн салбарт ус хамгийн чухал нөөцүүдийн нэг. Усыг хадгалах, ашиглах, дахин ашиглах зэрэг үйл явц нь уурхайн олборлолтын шат дамжлага бүрт чухал нөлөө үзүүлдэг билээ. Усны асуудлаа хэрхэн тооцож, зохицуулах нь оролт-гаралттай шууд хамааралтай байдаг учраас уул уурхайг тогтвортой хөгжүүлэх гол суурь үндэс болох юм. Усны нөөц нэн хомс өмнөд нутагт манай гол орд, нөөц байрладаг. Зөвхөн уул уурхайн салбар гэлтгүй, орон нутгийн иргэд, ан амьтад бүгд уснаас бүрэн хамааралтай. Тиймээс ч тэнцэтгэлийг хаяж болохгүй ба энэ хоёр чухал өгөгдөл зэрэгцэн оршиход асуудал мундахгүй.

"Ус, хариуцлага, түншлэл:Сайн дурын кодексыг танилцуулах нь" нийтлэлээс