Аль арваад жилийн өмнөөс л монголчууд малаа тоолохоос хүнээ тоолдоггүй гэх яриа чих дэлсэж, хүн амын бүтгэлжүүлэлтийн талаарх асуудал хөндөгдөж ирсэн. Гэсэн ч нөхцөл байдал өнөө хэрнэ дорвитой цэгцрээгүй хийгээд улсын бүртгэлийн аль нэг нэгжид бүртгэлгүй, тодорхой хаяггүй иргэн манай улсад цөөнгүй бий. Түүнчлэн нийт хүн амын хэд нь эх орондоо амьдарч, хэчнээн нь харь улс руу цагаачилж, хэдэн хувь нь гаднын улсад суралцаж, ажиллаж буй талаар бодитой тоо мэдээлэл хангалтгүй байна.
Энэ оны байдлаар иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй 44 мянган насанд хүрсэн хүн бий бол бүртгэлд хамраагүй ч хаягтай 17866 хүн байгаа талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан зургаан сарын өмнө мэдээлжээ. Тэрээр “Хаяггүй, шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэд улсын бүртгэлийн аль ч нэгж дээр очоод бүртгүүлж болно. Улсын бүртгэлийн ерөнхий газраас бичиг баримтгүй, хаяггүй иргэдийг дүүрэг бүр дээр нь очиж бүртгэлжүүлж, бичиг баримтжуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна” гэжээ. Уг тоо, мэдээлэл олон нийтэд ил болсон нь өнгөрсөн дөрөвдүгээр сар. Тухайн үед Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөгийн тэтгэмж олгож байсан бөгөөд дээрх хүмүүс улсад бүртгэлгүйн улмаас тус тэтгэмжийг авч чадахгүйд хүрээд байсан юм. Тиймээс тоо, мэдээллийг нь нэгтгэж, иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг хийж эхэлсэн. Үүнээс өмнө 60 гаруй мянган иргэн төрийн халамж, үйлчилгээнээс ангид, тоо, мэдээлэл нь ч тодорхойгүй амь зууж байжээ. Бүртгэлд хамрагдах нь иргэдийн үүрэг хэдий ч иргэдээ бүртгэж, мэдээлэл, үйлчилгээгээр хангах нь төрийн үүрэг юм.
Энэ бол гуравхан сая хүнээ тоолж, бүртгэлжүүлж чадахгүй байгаагийн ганцхан жишээ. Уг нь Монгол Улс анх 1918 оноос эхэлж хүн амаа тоолж буй ч бүтэн зуун дамнасны дараа ч иргэдийн бүртгэлжүүлэлтээ бүрэн цэгцэлж чадахгүй л байна.
Малаа ч, хүнээ ч бодитой тоолж дөнгөдөггүй
Монголчууд малаа тоолж чадаад хүнээ тоолж чадахгүй байгаа юм биш. Бид малаа ч, хүнээ ч бодитой тоолж дөнгөхгүй байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээр өнгөрсөн намрын байдлаар улсын хэмжээнд 90 гаруй сая толгой мал тоологдсон бөгөөд үүний 20 гаруй саяыг нь өвлийн хүнсэнд ашиглаад, 70 гаруй сая толгой мал өвөлжинө гэж тооцоолжээ. Үүнээс харахад манай улсад нийт 70 орчим сая мал бий. Гэхдээ энэ тоо мөн л учир дутагдалтай. Тодруулбал, мал тооллогыг ихэвчлэн ам тоогоор авдаг. Тиймээс иргэд малчны зээл авахад нэмэртэй гээд малаа аль болох ахиу тоолуулдаг аж. Учир нь малын тоо зээлийн хэмжээнд нөлөөлдөг. Дондог хотондоо 200 малтай ч нэр дээр нь 500 мал бүртгэлтэй байх жишиг хөдөөд хэдийн тогтсон.
Малын тоо зөрүүтэй байхын уршиг их. Өнгөрсөн хавар нэг килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ийнхүү малчин, мал бүхий иргэдэд ноолуурын урамшуулал олгоход улсын төсвөөс 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан юм. Ингэхдээ хэний хотноос хэдэн килограмм ноолуур гарч байгаагаас үл хамаарч, ишиг, сэрх ялгалгүй малынх нь тоогоор мөнгө “цацсан”. Тодруулбал, нэг ямаанаас 300 грамм ноолуур гарна гэж тооцоолоод гурван ямаа тутамд 20 мянган төгрөг олгосон юм. Ингэхдээ Доржийн хотонд үнэхээр 50 ямаа байгаа эсэхийг ч нягтлалгүй мал тооллогын дүн дээр нь үндэслээд иргэдийн дансанд мөнгийг нь шилжүүлсэн. Мал тооллогын үеэр ямааны тоогоо нэмж бүртгүүлсэн иргэд башийж, байгаа малаа бодитоор нь мэдээлсэн иргэд барайсан юм даг.
Энэ оноос малын тоо толгойн албан татварын тухай хуулийг мөрдөж эхэлсэн. Гэхдээ Ковид19 халдварын улмаас тус хуулийн хэрэгжилтийг хагас жил хойшлуулаад байсан юм. Улмаар өнгөрсөн долдугаар сарын 15-наас малын хөлийн татвар авч эхэлсэн. Хэрэв цаашдаа малын тоог бодитоор бус аман байдлаар авсаар байвал иргэд татвараас зайлсхийхийн тулд малын тоогоо нэмж бус хасаж хэлэх эрсдэлтэй. Тиймээс малыг тоо толгойгоор нь тоолдог байх шаардлагатай юм.
ААН-ийн тооллогод нийт 700 сая төгрөг зарцуулжээ
Статистикийн хуульд заасны дагуу Аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллогыг таван жил тутам зохион байгуулдаг. Уг хуулийн хүрээнд зохион байгуулагдаж буй тав дахь удаагийн тооллогыг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хугацаанд зохион байгуулахаар болжээ. 2021 оны ээлжит тооллогод өмчийн бүх хэлбэрийн компаниуд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдах хийгээд хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгддэггүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллага, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг хамруулахаар төлөвлөсөн аж.
Анх 1998 оноос хойш аж ахуйн нэгж тооллогыг хийсэн бөгөөд үүнд нийт 700 сая төгрөг зарцуулсан байна. Таван жил тутамд хийдэг уг тооллогыг хамгийн сүүлд 2016 онд хийжээ. Тус тооллогод төв, орон нутгийн 1372 хүн дайчлагдан ажилласан бөгөөд нийт 392.1 сая төгрөг зарцуулсан байна. Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэчнээн байгууллага ямар төрлийн үйл ажиллагаа явуулж байгааг бүртгэлжүүлэх нь нэн чухал ч энэ төрлийн тооллого мөн л үр дүн муутай байдаг. Тодруулбал, нийт таван удаа Аж ахуйн нэгж байгууллагын тооллого хийж байсан ч тооллогын дүнд үндэслэж хийж хэрэгжүүлсэн дорвитой ажил хомс байна.
Ийнхүү тоо тойрсон асуудлыг тоочоод байвал дундаршгүй. Юутай ч улсын мөнгийг үр дүн, ач холбогдол багатай, бодитой бус тооллогод үрэх нь оновчгүй юм. Уг нь тооллого бодитой, уялдаа холбоотой байж чадвал ач холбогдол нь их.