Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай нярайн хамрыг муур гэмтээснээс болж амиа алдсан гэх мэдээлэл өчигдөр гарсан. Тэгвэл энэ мэдээллээс хойш гэрийн тэжээмэл муураа гудманд хаях тохиолдол ихэсжээ.
Амьтан аврах “Азтай савар” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Зориглон “Манайхан мэдээлэлд шүүлтүүргүй ханддагийн балгаар өчигдрөөс хойш гэрийн тэжээмэл муурнуудаа гаргаж хаях тохиолдол гарч байна. Муур олсон тухай мэдээлэл манай байгууллагад маш их ирж байна. Хүн төрөлхтөн муурыг 5000 жилийн өмнөөс гаршуулан тэжээж ирсэн. Дэлхий даяар олон сая хүн муур тэжээдэг. Энэ хугацаанд муур хүн идсэн хэрэг болж байгаагүй гэж хэлэхэд болно. Цөөн тохиолдолд эзэн нь нас барсны улмаас хэд хоног хоолгүй байсан муур ийм үйлдэл гаргаж байсан гэнэ. Гэтэл манайхан үнэн худлаа нь ч батлагдаагүй мэдээлэлд итгээд ийм зохисгүй үйлдэл гаргаж байгаа нь харамсалтай. Тус хэргийн талаар сонсоход логик муутай, итгэл үнэмшил төрүүлэхээргүй байсан. Тэр тусмаа зулзаган муур ийм зүйл хийх боломжгүй” гэсэн юм.
Цагдаагийн байгууллагаас өчигдөр муурын ходоодонд нярайн хамрын салст бий эсэхийг дурангаар харна. Тухайн хэрэгт муур хамаатай юу эсэхийг тогтооно гэж мэдээлж байсан юм. Муур үнэхээр хүн идэж чадах эсэх талаар малын эмчээс тодруулахад,
“СОС” мал эмнэлгийн эмч Л.Батчимэг “Би хориод жил малын эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд муур хүн идсэн гэх нэг ч тохиолдолтой таарч байгаагүй. Гэрийн тэжээмэл амьтан хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй. Зэрлэг муур байлаа ч галзуу өвчин тусчихаагүй бол ингэхгүй. Би энэ хэргийг үнэн бодитой эсэхэд мэргэжлийн хүний хувьд эргэлзэж байгаа. Муур зулзага байх үедээ тоглож наадан хазах, урах тохиолдол байдаг ч хүний аминд аюул заналхийлдэггүй” гэж ярьлаа.
Холбогдох байгууллагаас албан ёсны мэдээлэл хийгээгүй, шинжилгээний дүн зэргийг танилцуулаагүй байхад батлагдаагүй мэдээлэлд итгэн муурнуудыг алж, гэмтээхгүй байхыг мэргэжлийн хүмүүс анхааруулсан юм.
Гэрийн тэжээмэл амьтан тоглоом биш. Энэ бол хариуцлага. Гэтэл амьтан тэжээж байгаа хүмүүс ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тухайн амьтныг хэрхэх нь хүмүүсийн өөрсдийн дурын асуудал болдог. Өөрөөр хэлбэл дураа хүрвэл сайхан аашилж, эрхлүүлээд, дургүйгээ хүрвэл хаяж, тамлаж болдог энэ бүхнийг зохицуулах, амьтны эрхийг хамгаалах хууль шаардлагатай болжээ.