Боловсрол бол нийгмийн амин чухал салбаруудын нэг. Учир нь улс орны оршихуйн асуудал ч энэ салбараас шууд хамааралтай. Тиймээс хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлж, хүмүүжил ёс суртахуунтай иргэдийг төлөвшүүлэх нь нэн чухал. Тиймдээ ч улсын төсвөөс жил бүхэн багагүй мөнгийг боловсролын салбарт хуваарилдаг бөгөөд 2014 оноос эхлэн боловсролын салбарын санхүүжилт нэг их наядаас давах болсон. Харин 2022 онд 2.3 их наяд төгрөгийг төсөвлөжээ.
Сүүлийн таван жилийн боловсролын салбарын төсөв
Гэхдээ дээрх мөнгө зөвхөн боловсролын салбарт зарцуулагддаггүй. Тодруулбал, боловсрол, спорт, соёлын салбарын төсөв хамт тусгагддаг. Бид энэ нийтлэлдээ зөвхөн боловсролын салбарын зарцуулсан төсвийг дэлгэрүүлэн танилцуулна.

БСШУЯ /хуучин бүтцээр/ нийт батлагдсан төсвөөс дийлэнхийг нь боловсролын салбарт зарцуулса бол соёл, спортын салбарт хуваариласан мөнгө харьцангуй бага байгаа юм.
2015 онд төсөвлөсөн боловсролын салбарын нийт төсөв 2018 онтой харьцуулбал 58 хувиар өссөн байна. Үүний ихэнх нь хөрөнгө оруулалтад зарцуулагджээ. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт тусгагдсан ихэнх мөнгийг барилга байгууламж барих, засвар үйлчилгээ хийх, тоног төхөөрөмж авахад зарцуулсан байна.

Дээрх баримтаас харахад, барилга байгууламж барихад болон их засварын ажилд түлхүү анхаарч байгаа нь ажиглагдаж байна.
Боловсролын “амын гол сүнс” нь багшлах боловсон хүчин, боловсролын салбарын ажилчид билээ. Иймээс багш ажилчдын цалин хөлсийг тодруулъя.

Салбарын дундаж цалин хөлс 2012 оноос хойш тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Гэхдээ боловсролын байгууллагад ажиллагсдын дундаж цалин өндөр гарч байгаа нь ЕБС-ийн багш, ажилтнуудаас гадна их, дээд сургууль, боловсролын удирдах ажилтны цалин хөлсийг хамтад нь тооцож байгаагаас шалтгаалсан аж.
Салбарын нийт урсгал зардлын 66-68 хувь багшийн цалинд зарцуулагддаг
Салбарын урсгал зардлын хуваарилалтын талаар МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор Б.Отгонтөгсөөс тодрууллаа. Тэрээр “Боловсролын салбарын төсөв, сүүлийн есөн жилд эрчимтэй нэмэгдэж байна. Нэг их наяд төгрөг хүрэхгүй байсан төсөв өнөөдөр хоёр их наяд төгрөг давжээ. Харин нийт төсвийн дийлэнх нь чанарт бус хүртээмжид хуваарилагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэр төсвийн дийлэнхийг хүүхдийн сурах бичиг, багшийн хөгжилд бус барилга, байгууламж барихад зарцуулж байна. Тухайлбал 66-68 хувь нь багш боловсролын салбарт ажиллагсдын цалин, НДШ болон ЭМД зарцуулагддаг. Харин 30 хувь нь барилгын засварт, 1.9 хувь нь номын сан, компьютер, багшийн хөгжил, багшийн дахин сургах сургалт семинар, цэцэрлэгийн хүүхдийн тоглоом, самбарт зарцуулагдаж байна” гэлээ.
Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд боловсролын салбарт байгуулагдах бүтээн байгуулалтыг баталсан юм. Дөрвөн жилийн хугацаанд улсын хэмжээнд 273 цэцэрлэг, 200 сургууль барьж ашиглалтад оруулах энэ төлөвлөгөөг 2022 он гэхэд 91-94 хувьтай хэрэгжүүлэхээр тооцсон ба өнөөдрийн байдлаар 101 цэцэрлэг 59 сургууль ашиглалтад оржээ.

Боловсролын салбарын төсөв тэлэлтийн шалтгаан нь макро эдийн засаг, хүн ам зүйн үзүүлэлтүүдээс гадна, тухайн үеийн Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээс хамааралтай байдаг.
Урсгал зардлын дийлэнх нь цалин хөлсөнд зарцуулагдаж байгаа нь салбарын үндсэн зорилго болох сургалтын чанар, багшийн хөгжил орхигдоход хүргэж байна. Сурагчдад эрүүл аюулгүй орчин хэрэгтэй ч, сургалтын чанар түүнээс чухал юм.