УИХ 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх жилийн төсөвт УИХ-ын гишүүн бүрд тойрогтоо дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх эрх олгосноос гадна  сонирхол татахуйц өөр нэг зүйл орж иржээ. Энэ бол Ирээдүй өв сангийн хөрөнгөөр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг санхүүжүүлэх явдал. Ирээдүйн өв сан бол угтаа нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгаас тодорхой хэмжээний мөнгийг хуримтлуулж  ирээдүй  хойч үедээ тэгш өвлүүлэх зорилгоор байгуулсан сан. Ирээдүйн хойч үе гэдэгт одоогийн хүүхдүүд орох ч Ирээдүйн өв сангийн үйл ажиллагааны зорилго тэднээр хязгаарлагдахгүй.

Ирээдүйн өв санг байгуулж, хуулийг нь батлахдаа 2030 он хүртэл сангийн хөрөнгөнөөс хариуцсан корпорацынх нь урсгал зардал болон аудитын хяналт шалгалтаас бусад хэлбэрээр зарлага гаргахгүй байхаар хуульчилсан. Харин 2030 оноос хойш сангийн хөрөнгийн 10 хувийг улсын төсөвт шилжүүлж байх хуулийн зохицуулалттай. Энэ бол бурхны гэж хэлж болох хамгийн зөв санаачилга байлаа. Гэвч 2030 оныг хүлээхгүйгээр Ирээдүйн өв сангийн хөрөнгөнөөс авч болно гэдгийг ямар чөтгөр нь шивнэчихэв, бүү мэд.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг төсвийн урсгал зардлаас авч тараадаг байсан. Бид томоохон хөрөнгө оруулалт, эдийн засгаа тэлэх хэрэгтэй байгаа учраас энэ удаад Ирээдүйн өв сангаас мөнгө авч хүүхдийн мөнгийг тараах гэж байна. Хэрвээ дахин хүүхдийн мөнгийг төсвийн урсгал зардлаас зарцуулахаар бол томоохон хөрөнгө оруулалт, эдийн засгаа тэлэх бодлогыг хумихаас өөр аргагүй болно. Бид эдийн засгаа тэлэх төсвийн блансыг барихын тулд өөрчлөлт, шинэчлэлтийг хийж байна.

УИХ-ын гишүүд Ирээдүйн өв санд гараа дүрэх санаархал гаргаж буй анхны тохиолдол энэ биш юм. УИХ 2019 оны төсвийг батлахдаа Ирээдүй өв сангийн мөнгийг авч хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэх шийдвэр гаргаж байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү шийдвэрт нь хориг тавьж байсан ч УИХ хүлээж аваагүй юм. Түүнээс хойш чимээгүй орхисон Ирээдүй өв сангийн хөрөнгийг ярьж эхэлмэгц тухайн сангаас мөнгө идсэн, шамшигдуулсан гэж УИХ гишүүд бие бие рүүгээ дайрч, давшилж эхэллээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болоод өр дарлаа гэж худал ярьсаар  2030 он хүртэл мөнгөнд нь гар хүрч болохгүй Ирээдүй өв санг мөнгөгүй болгож дээ” гэсэн юм. Харин үүнийг няцааж Ч.Хүрэлбаатар гишүүн “Н.Алтанхуяг Ирээдүй өв сангийн мөнгийг намайг зарчихсан гэж байна. Зарцуулж болохгүй хуультай учир Ирээдүйн өв сан хэвэндээ байгаа. Харин ч  хуримтлагдаж буй. Уг санг 1.4 их наяд төгрөгтэй байхад Сангийн сайдын ажлаа хүлээлгэн өгч байлаа. Ирээдүйн өв санд одоо хоёр их наяд гаруй төгрөг хуримтлагдсан” гэв. Үүнээс харахад Ирээдүй өв сангийн мөнгийг нягтлах цаг иржээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох нь чухал ч иргэд Ирээдүйн өв сангаас авч олгохыг дэмжихгүй байна.

Иргэн П.Алтанхуяг

Би эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр бид хоёрын сарын цалин нийлээд 1 600 000 төгрөг. Цалин маань өрхийн амьдралд хүрэлцээд л байдаг.  Хөл хорионы үеэр “бүсээ чангалж” хүүхдийн мөнгөөр хүнсээ залгуулсан ч одоо бол цалингаа аваад боломжийн амьдралтай байна гэж боддог. Мэдээ үзээд ирээдүй хойчдоо хадгалж байгаа мөнгийг авч хүүхдийн мөнгө олгох гэж байгаа юм байна гэж бодсон. Уг нь тэр мөнгөнд гар хүрэлгүй хадгалаад, хуримтлуулаад баймаар байна. Алтыг нь ухаад, газрыг нь сэндийлээд баялаггүй болгосон ч үр хүүхдэдээ ядаж ганц сан үлдээмээр байна.

Иргэн О.Оюун

УИХ-ын батлах гэж байгаа төсвийн бодлогыг эсэргүүцэж байна. Бид үр хүүхдүүддээ юу өвлүүлж үлдээх юм. Байгалийн баялгийг бүгдийг нь цөлмөөд дууслаа. Харин оронд нь мөнгө хуримтлуулж ирээдүйн үр хойчдоо өвлүүлнэ гэж хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүд яриад л байсан. Одоо тэр мөнгийг зарцуулах талаар ярьж байдаг. Тэр мөнгийг үр хүүхдүүдээ өвлүүлж үлдээмээр байна.

Хумслах бус хуримтлуулах нь чухал

Олон улсын судлаач, эрдэмтдийн хэлж буйгаар Норвеги улс хөгжингүй орны тоонд ороход нэг хүчин зүйл далайцтай нөлөөлсөн байна. Энэ нь газрын тос. Гэхдээ газрын тосноос олсон тодорхой ашгийг хуримтлалын санд байршуулж түүнийгээ эргэлдүүлсэн нь тухайн орны эдийн засаг болоод нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэхэд гол тулгуур болсон гэж үздэг аж. Тодруулбал, Норвеги улс XX зуунд хөгжих боломжгүй ядуу буурай орны жагсаалтад багтаад байв. Харин   1967 онд байгалийн баялгийн сангийн суурийг тавьж 1990 онд олон улсын түвшинд шинэчлэн зохион байгуулснаар өдгөө аз жаргалын индексээр дэлхийд нэгдүгээрт орсон хөгжингүй улс болжээ. Өнөөдрийн байдлаар тус улс  газрын тосноос олсон  ашгийн  97 хувийг санд хуримтлуулж гурван хувийг зарцуулдаг аж. Тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 59000 ам.доллар. Байгалийн баялгаа хуримтлуулж чадвал улс хөгждөгийн жишээ энэ. Харин манай улс байгалийн баялгаа хуримтлуулах зорилгоор Ирээдүйн өв санг байгуулаад удаагүй ч зарцуулаад эхэллээ. Энэ байдлаараа анх 2030 оноос хойш зарцуулж эхэлнэ гэж төлөвлөсөн Ирээдүйн өв сан удахгүй хоосорсон байхад гайхах зүйл алга.

Үндсэн хуульд заасны дагуу газар доорх байгалийн баялаг бол нийтийн өмч. Энэ өмчийг одоо амьдарч байгаа хүмүүс нь ашиглаад дуусвал шударга бус. Байгалийн баялгаа, байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь үлдээх, эсвэл ашиглаж олсон орлогоо ирээдүй хойчдоо үлдээх нь чухал. Тийм л учраас шавхагддаг баялаг буюу уул уурхайн орлогоос олж буй орлогоосоо хуримтлал үүсгэж ирээдүй хойчдоо үлдээх зорилгоор Ирээдүйн өв санг байгуулсан. Гэвч энэ сангийн хөрөнгөөр төсвийн цоорхойг нөхсөөр байвал ирээдүй хойчдоо байгалийн баялгаа ч, санд хуримтлуулсан хөрөнгөө ч өвлүүлж чадахгүй нь.