Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай нярайн хамрыг муур гэмтээснээс болж амиа алджээ. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг тодруулахад “Тухайн хэрэг гомдол мэдээллийн шатанд явж байна. Муурын ходоодонд нярайн хамрын салст бий эсэхийг дурангаар харна. Тухайн хэрэгт муур хамаатай юу эсвэл өөр хүчин зүйлээс болж нас барсан эсэхийг тогтооно" гэв.
Уг хэрэг өчигдөр 21 цагийн орчимд болсон бөгөөд золбин муур нярайн хамрын салстыг идсэн аж. Нас барсан нярайн нүүрэнд олон тооны хумсны шарх үүссэн байжээ.
Хэрэг явдлын талаар тодруулахаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЗДТГ-тай холбогдоход ямар нэгэн мэдээлэлгүй байлаа.
Ард иргэдийг зэрлэг муур, нохойг нярай хүүхдээс хол байлгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.