Сорилттой тулсан барилгын салбар
Цар тахлын нөлөөнд аялал жуулчлалтай эн зэрэгцэн өртсөн салбар бол барилга. Сүүлийн хоёр жил тасралтгүй унасаар, энэ оны эхний найман сар бүр тэг зогссон. Үүнд шууд болон дам хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна. Салбарын хөрөнгө оруулалт буурсан болон энэ үед нь дайран дээр давс гэгчээр бараа материалын үнэ өсөөд байгаа нь ийнхүү нөлөөлжээ.
Барилгын материалын үнэ манайд бараа материалаасаа шалтгаалаад 40-90 хувь өсжээ. Өсөлтийг хоёр шалтгаанаар тайлбарлаж байна. Хамгийн гол нөлөөлсөн зүйл нь тээвэрлэлт. Нөгөө нь нөөцийн хомсдолоос үүдсэн дэлхийн зах зээл дэх үнийн өсөлт. Ингэхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих барилгууд тооцсон санхүүжилтээс нь өртөг давах тул болгоомжлон ажлаа зогсоосон. Хувь, хувьсгалын ажил хийж байгаа гэлтгүй аж ахуйн нэгжүүд үнийн энэ өсөлтийг даахгүй нь хэнд ч ойлгомжтой. Манай улс барилгын материалын 60 гаруй хувийг импортолдог. Өнгөрсөн онд 800 гаруй иргэн, 4000 аж ахуйн нэгж барилгын материал импортоор авсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар 600 гаруй иргэн, 3000 гаруй аж ахуйн нэгж байна. Барилгын гол материал болох арматурыг манайх ОХУ, БНХАУ-аас импортолдог. Дотоодод арматурын 14 үйлдвэр бий. Эдгээр нь дотоодын хэрэгцээний 20 хувийг хангадаг бол үлдсэнийг хоёр хөршөөс авдаг. Дотоодын нийлүүлэлтийг ядаж 30 хувь болговол үнийн өсөлт, нийлүүлэлт тогтвортой байна гэж салбарынхан үзэж байна.
Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар
Барилгын салбар чадлаараа зүтгэж байна. Ялангуяа хувийн хэвшлийн орон сууц, бусад барилга бол чадахаараа урагшилж байна. Ирэх онд энэ байдлаа давтахгүйн тулд бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй байна. Арматурын үнэ, нөөцөд анхаарах хэрэгтэй.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
Төр үнийн өсөлтийг барьж чадахгүй. Харин ханган нийлүүлэлтийг сайжруулахаар ажиллаж байна. Үнэ нь хамгийн их өссөн арматурын дотоодын үйлдвэрлэлийг бодлогын хэмжээнд авч үзэж байна. Дотоодын арматурын үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлнэ. Дотооддоо цемент үйлдвэрлэдэг болсноор үнэ, нийлүүлэлт тогтворжсон жишиг бий.
Нөгөө талаас орон сууцны үнийн өсөлт салбарт нөлөөлж байна. Энэ онд орон сууцны үнийн индекс 11 хувиар өсжээ. Хуучин орон сууц 15, шинэ орон сууцанд 10 хувийн өсөлт ажиглагджээ. Цар тахал гарснаас хойш нийслэлд оршин суух хүн нэмэгдсэн байна. Үүнд гадаадад амьдарч байгаад эх орондоо ирсэн монголчууд жин даржээ. Улаанбаатарын хүн ам жилд 2.2 хувиар өсдөг бол энэ жил хагас жилд хоёр хувиар өсжээ. Ингэхээр орон сууцны эрэлт нэмэгдсэн байна. Эрэлт хэсэгхэн хугацаанд үргэлжилсэн бол өссөн үнэ хэзээ ч буурдаггүй Монголын жишгээр орон сууцны үнэ тогтжээ. Энэ нь эргээд зогссон салбараа доош нь чирж байна.
Эдийн засгийн шинжээч Ө.Мөрөн
Орон сууцны үнийн өсөлт зөвхөн Монголд бус дэлхийн олон оронд ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ-д ковидын дараа орон сууц 16.6, БНХАУ-д тав, Европын холбоонд 11.5, OCED улсуудад найман хувиар өсөөд байна. Шалтгаан нь тун тодорхой. Дэлхий дахинд гацаад байгаа тээвэрлэлтээс үүдсэн бараа материалын тасалдал.
Барилгын нэгдсэн холбооны өгсөн мэдээллээр өнөөдөр салбарын 6000 гаруй аж ахуйн нэгж байна. Үүнээс 400 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Барилгын салбарт жилд тав орчим их наяд төгрөг эргэлддэг гэдэг тоо бий. Тэгвэл энэ оны эхний найман сард 400 тэрбум төгрөгийн ажил хийжээ. Барилгын салбар ДНБ-д 1.5 их наяд, жилд 150 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг. Эдийн засгийн нөлөө бүхий салбар юм. Гэвч энэ салбар өмнөх оноосоо 40 хувиар, цар тахалгүй 2019 оноос 70 орчим хувиар буураад байна. Эдийн засгийн өсөлтөд гэхэд 1.1 хувиар сөрөг нөлөө үзүүлэв.
Барилгын салбар эдийн засгийг олон сувгаар дэмждэг. Нэн тэргүүнд энэ салбар хөдөлмөрийн зах зээлд томоохон нөлөөтэй төдийгүй 90 гаруй мянган хүн ажиллаж байна. Барилгын материалын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж 2000-аар тоологддог. Банкны салбарт ч үзүүлэх нөлөө нь их. Ингэхээр барилгын салбар яах аргагүй эдийн засгийн томоохон хөдөлгүүр юм. Барилгын салбарын уналт эдийн засгийн бусад уналтыг авч ирдэг гашуун түүх ч бий. АНУ-д 2008 онд моргейжийн зээлээс үүдсэн үнийн хөөсрөлтийн уршгаар барилгын салбар унахад дагаад санхүүгийн зах нь тэр чигтээ уналтад орсон байдаг. Мэдээж хамгийн их уналтыг банкны систем амссан. Эцэстээ энэ нь дэлхийн эдийн засгийн хямрал болсон билээ. Ингэхээр манай барилгын салбарын уналт цааш, үргэлжилбэл, банкны салбарт нөлөөлнө. Банк бол манай улсын санхүүгийн зах зээлийн 95 хувийг дангаараа эзэлдэг. Монголын “санхүүгийн зах зээл” гээд нэрлэхэд ч болно. Тиймээс “сэхээнд” орохоос нь өмнө барилгын салбараа татаж босгох хэрэгтэй. Уг нь бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон сонгуулийн мөрийн хөтөлбөрт бага, дунд орлоготой иргэдээ орон сууцаар хангах, төрийн албан хаагчийн орон сууцны үнийг төрийн оролцоотойгоор барина гэсэн санаачилгууд бий. Түүнээс гадна Хөшигийн хөндий, дагуул хотууд гээд ойрын жилүүдэд өрнөх их бүтээн байгуулалтууд, төсөвт санхүүжилт нь туссан “Залуус” хороолол, 150 мянган айлын орон сууцнууд зэрэг салбарыг өргөх хөтөлбөрүүд байгаа. Ирэх оны төсөвт ч барилга, байгуулалтын шинэ хөрөнгө оруулалтыг 4.1 дахин нэмсэн. Төсвийн хөрөнгө оруулалт ч барилга, эрчим хүч, зам тээвэр гэсэн тодорхой салбарт чиглэхээр тодорхойлогдож, 2.4 их наяд төгрөг тусгаад байгаа. Харин хил гаалийн нийлүүлэлтийн хомсдол, түүнээс шалтгаалсан дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтийг тэсэж гарах сорилт барилгын салбарт тулгараад байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
И 2021/11/08
ОХУ с тээвэрлэлт саатаагүй.тэнд барилгын материалын үнэ нэмэгдээгүй байх шиг бх юм. Гэтэл БНХАУ с ирж бгаа бараа шиг л үнэ нь өсчих юм. Ядахнах манайд модны үнэ хэд дахин ч өсчисөн юм. Бүтэх юм алгаа.
0 0 Хариу бичих